Thursday, July 18, 2013

БЗД-ийн IX хороог дахин төлөвлөнө

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Архивын газрын барилгын газрыг шийдвэрлэх тухай болон "Смарт  сити" хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь нийтдээ 18 хороотой, нийслэлийн хүн ам ихтэй,томоохон дүүргийн нэг юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 2,4,5,7,8,16,19,22,24 дүгээр хороог хэсэгчилэн төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний төслийг нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулаа. Тэрээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөөг 5 удаа хэлэлцэж, батлуулсан ч дүүргийн дахин төлөвлөлтийг орхигдуулж ирсэн юм. Энэ удаа дүүргийг  дахин төлөвлөж, хэлэлцүүлж байгаа нь анхны тохиолдол юм гэдгийг онцоллоо.

Шинэ төлөвлөлтийг Баянзүрх дүүргийн 9 хорооны 2218 га газрыг хамруулан хийхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 29 500 өрхийн 117 400 гаруй иргэн оршин сууж байгаа юм байна. Эдгээр өрхийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ хэсэгт 147 900 гаруй хүн ам нийтийн тохилог сууцанд шилжихээс гадна нийгмийн дэд бүтцийг иргэдэд ойр байхаар төлөвлөжээ.

Тодруулбал, 300 метр тутамд сургууль, цэцэрлэг,  400 метрийн радиус тутамд эмнэлэг, 500 метрийн радиус тутамд бусад төрлийн үйлчилгээ байхаар тооцсон байна. Мөн тухайн дүүргийн 9 хороог төвийн хэсгийн гэр хороолол, дунд хэсгийн гэр хороолол, захын хэсгийн гэр хороолол гэсэн 3 бүсэд хувааж тус тусад нь өөр өөрийн гэсэн онцлогтой байхаар төлөвлөсөн байна.

Хэсэгчилсэн төлөвлөлтөд хамрагдах газар нутагт  тусгайлан ногоон байгууламж байгуулахаас гадна газарзүйн байршлын онцлогийг харгалзан Туул, Сэлбэ, Улиастайн голуудын хөндийг хамруулсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулах юм байна.

Удирдлагын зөвлөлийн гишүүд Баянзүрх дүүрийн хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөлтэй танилцаад Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа "Гудамж" төсөл болон "Улаанбаатар метро" төсөлтэй уялдуулж, илүү нарийвчлан боловсруулахыг холбогдох албанхынад үүрэг болголоо.  Автозам, нийтийн тээврийн үйлчилгээг энэхүү хэсэгчилсэн төлөвлөлтөд нарийн тусгаж,  НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Нийслэлийн Архив шинэ байртай болно


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөл болон архивын байртай болох тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргаа, удирдлагын хэлстийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Нийслэлийн архивын газар нь нийслэлийн Засаг захиргааны гуравдугаар байр буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 330 метр квадрат талбай бүхий 3 өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус архивын газрын санд нийт 71 569 ховор баримт хадгалагдаж байгаа бөгөөд зориулалтын лабраторигүй учраас сэлбэн засах, сэргээн шинэтгэх, кино, гэрэл зураг, дуу авиа, цахим баримттай ажиллах боломжгүй юм байна.

Мөн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа танхим нь 15 метр квадрат талбайтай, лавлагаа хариуцсан  3 ажилтан өдөрт 100-120 иргэнийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг. Нийт 3 хадгаламжийн сантай ч бүгд дүүрсэн, цаасан баримт, хувийн гаралтай баримт, хосгүй үнэт ховор нандин баримт, нууц баримт зэргийг хадгалах зориулалтын сан байхгүй юм байна. Тиймээс архивын байрыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинээр барих шаардлагатай болжээ.

Урьд нь хоёр ч удаа нийслэлийн архивын байр барих газрыг шийдэж байсан ч газрын маргаантай гэсэн үндэслэлээр хойшлогдсоор 2012 оны 1 дүгээр сард нийслэлийн Засаг даргын Захирамжаар Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу хотын төв цэгээс 25 км зайтай Налайх явах зам дагуу 0,5 га газар олгосон байна. Энэхүү газарт барих архивын барилгын эскиз зургийг хийж баталсан бөгөөд оффис, нийтийн танхим, лабратори, хадгаламжийн сан, техникийн өрөөтэй байхаар төлөвлөжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд иргэдэд үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагыг иргэддээ ойртуулж, үйлчилгээг сайжруулах нь чухал. Баянзүрх дүүргийн 11-р хороонд буюу хотын төв цэгээс 25 км зайд Нийслэлийн Архив байх нь тохиромжгүй. Харин хотын хаанаас ч очих боломжтой байршилд байх ёстой гэж үзлээ. Тиймээс нийслэлийн архивын барилгыг төрийн бусад үйлчилгээтэй зэрэгцүүлэн хотын төвд байхаар тооцон судалгаа хийж, боломжтой газрыг яаралтай олж тогтоохыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0 comments:

Post a Comment