Их, дээд сургуулийн бүртгэл маргаашнаас эхэлнэ
Нийслэлийн элсэгчид олон сургуульд зэрэг бүртгүүлж болно

Тус программд элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны болон мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэргийг багтаажээ. Систем нь ЭЕШ–ын онлайн баазтай холбогдон ажиллах ба ЭЕШ-ын дүн оноо интернэтэд байрлах үед шалгуулагчдын дүн оноо, бусад мэдээлэл бүхий онлайн бааз бүрдэх юм. Энэхүү ил тод системийг ашиглаж эхэлснээр хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болно гэлээ. Шалгуулагчид онооныхоо тусламжтайгаар хэддүгээр байрьт орсноо харахаас гадна хотод төгсөгчдийн хувьд олон сургуульд зэрэг бүртгүүлэн жагсах боломжтой болж байна. Түүнчлэн их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын талаархи статистик мэдээллийг цуглуулах боломжтой болжээ.
Ө.Төгөлдөр: Элсэгчдийн хуваарь сонголтыг олон нийтэд нээлттэй болгоно
Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс хуваарь сонголтын шинэ программын талаар тодрууллаа.
-Энэ жилээс эхлэн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтыг онлайнаар явуулах болсон байна?
-Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын дүн оноо гарсны дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт болдог. 2013-2014 оны хичээлийн жилээс хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэх элсэгчдийн хуваарь сонголтыг мэдээллийн технологи ашиглан олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулахаар болсон. Уг программд тухайн хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэгчдийн хувийн мэдээлэл, элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноо мөн тухайн аймагт оюутан элсүүлэх хяналтын тоо мөн мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэрэг багтсан.
-Шинэ системийн давуу тал нь юу вэ?
-Энэхүү системийг ашигласнаар элсэгчдэд хөдөө орон нутгийн хуваарь сонголтын үйл явц ил тод, шуурхай, нээлттэй болж байгаагаас гадна тухайн их, дээд сургуульд элсэгч өөрийн өгсөн шалгалтын дүн оноогоороо ямар сургуульд элсэх боломжтойгоо шууд харах бололцоо бүрдсэн. Мөн тухайн аймаг, орон нутагт ирсэн их, дээд сургуулийн хэдэн хуваарь ирсэн, энэ хуваарийг хэн гэж элсэгч, хэдэн оноогоор авсан эсэх мэдээллийг харах, хянах боломж олгосноороо давуу болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ees.mn цахим хаягаас авч болно.
Бүртгэлийн хураамж
Нийслэлийн элсэгчдийг зарим сургууль өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүртгэх юм. Интернэтээр бүртгэлээ хийх сургуульд элсэх тохиолдолд тэнцсэн эсэхийг бүртгүүлэхэд ашигласан утасны дугаарт SMS-ээр мэдэгдэнэ. Хэрэв тэнцсэн бол тухайн сургуулийн элсэлтийн журамд заасан хугацаанд нь өөрийн биеэр очиж, сонирхсон мэргэжил, ангиа сонгож сургуульд элссэн томилолтоо авах юм. Мөн бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоогоо ч цахим хэлбэрээр хийх аж. Ихэнхи сургуулийн бүртгэл нийслэлд ирэх сарын 1-нээс эхлэх аж. Харин бүртгэлийн хураамжийн хувьд нэг хичээл 2000-3000, ур чадварын шалгалт 4000 төгрөг байх нь. СЭЗДС-ийн бүртгэлийн хураамж хамгийн өндрөөр тогтоогджээ. Тус сургуульд нэг мэргэжилд бүртгүүлэхдээ 10000 төгрөг, харин нэмж бүртгүүлэх бол тус бүр 5000 төгрөг төлөх гэнэ.
Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн оюутан элсүүлэх хяналтын тоо
Доорхи сургуулиудын энэ жил оюутан элсүүлэх хяналтын тоог БШУЯ-наас тогтоожээ. Энэ жилийн хувьд ихэнхи сургуулийн элсэгчдийн тоо тодорхой хэмжээгээр багассан байна.
Сургуулийн нэрс | Оюутан элсүүлэх тоо | |
Орон нутгаас | Улаанбаатар хотоос | |
МУБИС | 1055 | 1183 |
ШУТИС | 2976 | 2069 |
ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь салбар сургууль | 2679 | 2066 |
ШУТИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль | 180 | 220 |
ЭМШУИС | 638 | 477 |
МУИС | 1646 | 1874 |
СУИС | 548 | 512 |
Дорнод дээд сургууль | 215 | 65 |
ХААИС | 1659 | 701 |
Ховд их сургууль | 853 | 12 |
Хөнгөлөлт урамшуулал
Хэрэв улсын хэмжээний олимпиадуудад нэгээс гуравдугаар байр эзэлж байсан бол сонгосон сургуулийнхаа хүссэн ангид шууд элсэх боломжтой. Харин зарим сургуулиуд өөрсдийн журамдаа шалгалтгүйгээр элсүүлэх нөхцөлийг тусгажээ. Тухайлбал, МУБИС "Сум, аймаг, орон нутаг, сургууль нь өөрийн хэрэгцээнд үндэслэн шаардлагатай мэргэжлийн багшийг бэлтгэх хүсэлтээ илэрхийлж, гэрээгээр тодорхой үүрэг, хариуцлага хүлээх бол мэргэжлийн ерөнхий шалгалтын онооны болзол хангасан сурагчийг элсэлтийн тоонд багтаан элсүүлж болно" гэсэн байна. Зарим хувийн хэвшлийн сургуулиуд элсэлтийн журамдаа ЕБС-ийг "А" үнэлгээтэй төгссөн бол шалгалтгүйгээр элсүүлэх тухай ч заажээ.
Мессежээр шалгалтын дүнгээ харж болно
Шалгуулагчид дүн оноо болон бусад хувийн хэрэгцээт мэдээллээ мессэжээр хүлээн авах боломж боллоо. ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар нэмэлт боломжуудыг бий болгох, шалгуулагчдыг цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр түргэн шуурхай мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэт сэтгэлгээг хэвшүүлэн хөгжүүлэх, цаашлаад гар утсанд суурилсан илүү дэвшилтэт технологийг хөгжүүлэх үүднээс энэ үйлчилгээг нэвтрүүлжээ.
Шалгуулагчид дараахь дүрмийн дагуу гар утаснаасаа мессэж илгээж мэдээлэл авна.
- Шалгуулагч ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас хүсэлтээ явуулах
- Бичихдээ хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг( ж/нь: psw )-ийн араас нэг зай авч өөрийн регистрийн дугаарын найман оронтой тоо( ж/нь: 85011016 )-г оруулаад 133233 дугаарт мессэж явуулах
- Хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг болон өөрийн регистрийн дугаарын найман оронтой тоо зэргээ зөв оруулах.
- ЭЕШ-ын оноогоо харах бол dun гэсэн түлхүүр үгийг 133233 дугаарт илгээх
Бүртгэлийн дугаар сэргээх:
sms-text: pid 85011016
Нууц код сэргээх:
sms-text: psw 85011016
Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамт сэргээх:
sms-text: ppw 85011016
Дүн оноо харах:
sms-text: dun 85011016
Жич: Тус үйлчилгээг үүрэн холбооны бүх операторын хэрэглэгчид хэрэглэх боломжтой бөгөөд үйлчилгээ нь ашгийн бус тул нэг мессэж бичих үнэ 40 төгрөг болно.
Зохиогчийн эрх: "АРДЧИЛАЛ" сонин


0 comments:
Post a Comment