Tuesday, July 23, 2013

Шадар сайд бүтээн байгуулалтын явцыг танилцуулав

Шадар сайд бүтээн байгуулалтын явцыг танилцуулав

Засгийн газраас долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг "Бүтээн байгуулалтын цаг" мэдээлэл, хамтын ажиллагааны хурал өчигдөр үдээс хойш боллоо. Засгийн газрын сайд нар орон нутагт томилолт, амралттай байгаа тул энэ удаагийн хурлыг Шадар сайд Д.Тэрбишдагва даргалж, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцож, бүтээн байгуулалтын салбарт төлөвлөсөн ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа болон ямар асуудал тулгарч буй талаар мэдээлэл хийсэн юм.

Зам тээврийн салбарт өнгөрөгч долоо хоногийн байдлаар 691 хүн, 296 машин техник ажиллаж нийтдээ 65 км замын ажлыг бүрэн хийж дуусгасан байна. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох ажлын тухайд Хөвсгөл аймгийн замын ажил 15 хувь, Дорноговь, Өмнөговь аймгийн төвийг холбох ажил 23 хувь, Дорноговь аймгийн төв болон Замын-Үүдийг нийслэлтэй холбох ажил 69 хувь, Баянхонгор аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил 97 хувьтай байгаа аж.

Түүнчлэн Налайх, Цонжинболдог руу явах зам засварын ажлыг дуусгаснаар энэ чиглэлийн замын хүндрэл бүрэн арилсан гэв.

Барилга, хот байгуулалтын яамнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгааг дуулгалаа. Хөтөлбөрийн дагуу энэ онд нийт 56 ажил гүйцэтгэхээс 12 ажлын тендерийг шалгаруулж, гэрээ хийсэн, 16 ажил гэрээ байгуулах, хоёр ажил техникийн зураг төсөл боловсруулах шатандаа байгаа бол 26 ажил Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөл батлагдахаас шалтгаалан хүлээгдэж байгаа аж.

"Чингис бонд"-оос 170 сая ам.долларыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар баталсан. Гэтэл төслийн нэгж байгуулснаас өөр ахицгүй байна гэдгийг Шадар сайд шүүмжилж байв. Харин нийслэлийн хувьд хотын төвийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлаас зургаа нь дууссан, одоо таван уулзварын ажил ид өрнөж байгаа, удахгүй дахиад таван уулзварын ажил эхэлнэ гэдгийг онцолсон юм. Түүнчлэн, үлдсэнийг нь ирэх есдүгээр сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дуулгалаа.

Эх сурвалж: www.gudamjtusul.mn

0 comments:

Post a Comment