Friday, July 5, 2013

Зуслангийн айлуудад ногоон карт олгож байна

Зуслангийн айлуудад ногоон карт олгож байна

-Зуслангийн ногоон бүсэд оршин суугаа айл өрхүүдэд хог хаягдлын хураамж болох 10 мянган төгрөгийн үнэтэй ногоон карт худалдаалж эхлээд байна-


Хог хаягдал, түүний төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн ногоон картыг зуслангийн бүсэд зусч байгаа айл өрхүүдэд олгох ажил ид үргэлжилж байна. Энэ картын талаар болон зуслангийн айлуудад тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар Байгаль орчин ногоон хөгжлийн газрын Зуслангийн товчооны ахлах мэргэжилтэн Н.Билэгсайхантай ярилцлаа.

-Айлууд зусландаа гарч эхэллээ. Танай газраас зуслангийн айлуудад ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүгийн Баруун, Зүүн салааны 25 орчим мянган өрх зусланд гардаг. Одоогоор бороо хур элбэгтэй байгаа, Ерөнхийлөгчийн сонгууль болсонтой холбоотойгоор иргэд зусланд гарах нь харьцангуй бага байна. Наадам дөхөөд ирэхээр иргэд зусландаа идэвхитэй гараад эхэлдэг. Нийслэлийн байгаль хамгаалах газрын дэргэд байгуулагдсан Зуслангийн товчоо нь иргэд ихээр гардаг зуслангийн бүсэд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор төрөөс үзүүлж байгаа тусламж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, нийтийн тээвэр цахилгаан, усан хангамж зэргийг зохицуулдаг.

-Зуслангийн айлуудад нэн түрүүнд тулгардаг бэрхшээл, асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар дурьдвал?

-Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсийн зуслан бүхий амуудад оршин суудаг зуслангийн айлуудад цэвэр усны хангамж, нийтийн тээврийн асуудал тулгамдсан асуудал байхаа больсон. Нийтийн тээврийн газраас иргэд зусландаа гарч эхэлмэгц тусгайлан гэрээ байгуулж, зусланруу тусгайлсан шугам гаргаж иргэдэд үйлчилж эхэлсэн. Ганц хүндрэлтэй байгаа газар гэвэл Бэлх, Сэлх, Баруун, Зүүн салааны зуслангийн зам бартаа ихтэйгээс том оврын автобус явдаггүй, бага оврын автобус нь өндөр үнээр явдаг гэх асуудал байгаа юм. Харин Чингэлтэйн зуслангийн бүс буюу хойд чилэлийн зусланд нийтийн тээврийн асуудал харьцангуй гайгүй. Гэхдээ иргэдийн ихэнх нь хувийн унаатай болсон тул унаа, машины асуудлыг шийдвэрлэж болоод байгаа юм. Усан хангамжийн хувьд Ус сувгийн удирдах газрын зөөврийн ус хангамжийн албатай манай байгуулага гэрээ байгуулж зуслангийн үйл ажиллагаа жигдэрсэн үед зөөврөөр ус түгээдэг. Даваагаас бусад гаригуудад тогтсон хуваарийн дагуу иргэдэд ус түгээж байгаа. Ус түгээдэг өдөр, цагийн хуваарийг иргэд өөрсдөө мэддэг болохоор хүндрэл үүсдэггүй. Ус түгээх машин дуут дохиотой тул иргэд өөрсдөө гарч ирээд усаа авчихдаг. Мөн айлууд хувьдаа чанарын шаардлага хангасан худаг гарган хэрэглэж ойр орчмын айлуудаа ч усаар хангаад байгаа юм. 

-Жил болгон яригдаж, ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөгддөг ч зуслангийн хогийг нэг тийш нь шийдвэрлэж чадалгүй олон жил болж байна. Энэ жилээс шинэ менежмент хэрэгжүүлж эхэлсэн гэсэн. Энэ талаар сонирхуулна уу?

-"Өрх бүрт эко ногоон карт, ам бүрт эко үйлчлэгч" гэх шинэ менежментийг хэрэгжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргасан. Иргэд сардаа 2500 төгрөгийн хог хаягдлын төлбөрийг цахилгааны төлбөртэй хамтган тушаадаг байсан. Одоо бол үүнийг цуцлаж, зуслангийн бүсэд амьдарч байгаа бүх өрхөд 10 мянган төгрөгийн үнэтэй ногоон карт олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл зуслангийн айлуудын дөрвөн сарын хог тээвэрлүүлэх төлбөрийг хамтатган нэг дор авч байна гэсэн үг юм. Картын төлбөр 10 мянган төгрөгт айлуудад хогны уут үнэгүй тараан, хог тээвэрлэж, зуслангийн ам бүрт ажиллах хоёр эко үйлчлэгчийн цалин бүгд багтаж байгаа юм. 

-Ногоон картыг нийт хэдэн айлд худалдаалж, олгох вэ?

-Хуулинд дүүргүүдийн татварын албадууд хог хаягдлын төлбөр хураамжийг төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс дүүргүүдийн татварын байцаагчид нь хороодын хэсгийн ахлагчидтай хамтран айл өрх бүрээр карт олгох үйлчилгээг үзүүлж байгаа юм.

-Зуслангийн бүсэд байнга оршин суудаг айлууд энэ картыг худалдаж авах уу?

-Зуслангийн бүсэд байнгын оршин суудаг айлууд зуслангийн саруудад энэ картыг худалдаж авна. Харин аравдугаар сараас эхлэн эргээд хогны төлбөр болох 2500 төгрөгөө цахилгааны төлбөртэйгээ хамтатган төлж эхлэх юм.

-Айлуудад хогны уут үнэгүй тарааж эхэлсэн. Энэ ажлын үр дүн ямар байгаа вэ?

-Энэ арга хэмжээтэй холбоотойгоор хог хаягдлын эко уутыг бүх айлуудад түгээж байгаа. Ууттай хогоо хогын машин ирэхэд ачуулаад дараагийн хогны уутаа үнэгүй авна гэсэн үг юм. Цаашлаад ногоон бүсэд хог хаягдлын цэг байлгахгүй гэж төлөвлөж байгаа. Айлуудын хогийг өдөрт нь ачдаг болно гэсэн үг.

-Хог тээвэрлэх машин хир хүрэлцээтэй байгаа вэ?

-Боломжийн. Зуслангууд зусч байгаа айл өрхүүдийн тооноос хамаарч ачаалал янз бүр байдаг. Яргайтын зуслан 1100 өрхтэй байхад, Шарга морьтын зуслан 6500 өрхтэй. Энэ ачааллыг Тохижилт үйлчилгээний компаниуд тооцоолж, тэнцвэржүүлж ажилладаг.

-Зуслангийн бие засах газар, хөрсний бохирдол бас л зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал. Өнгөрсөн жилээс зуслангийн бүсд эко 00 суурилуулж эхэлсэн гэсэн. Энэ талаар?

-Иргэд өөрийн эзэмшил газартай мөртлөө бие засах газраа заавал гудамж талбайд ухаж гаргасан зөрчил нилээдгүй байдаг. Энэ асуудлын хүрээнд өнгөрсөн хоёр жил манай байгууллагаас Захирагчийн ажлын албанд хүсэлт тавьж, ногоон бүсийн хөрсийг шивтрийн бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлж нийтийн эзэмшлийн талбайд барьсан нийтийн бие засах газрыг буулгуулахаар шийдвэрлүүлсэн. Ингээд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн Ерөнхий менежер нараар тушаал гаргуулж нийтдээ 500 орчим нийтийн бие засах газрыг буулгасан байгаа. Эдгээрийн оронд сайжруулсан, стандартын шаардлага хангасан 20 ширхэг нийтийн бие засах газрыг байгуулсан. Мөн энэ жил 22 байршилд нийтийн бие засах газар шинээр байрлуулахаар төлөвлөж байгаа. 

-Зуслангийн газруудыг иргэдэд ирэх наймдугаар сараас өмчлүүлнэ гэсэн. Зуслангийн бүсэд газар өмчлөхийг хүссэн иргэдэд хаана, хаана газар өмчилж болох бол? 

-Нийслэлийн өмч, газрын харилцааны газраас энэ асуудлыг шийдвэрлэнэ. Иргэд зуслангийн газар гэж нэрлэдэг ч энэ газрууд бол үнэндээ иргэний зориулалтаар өмчлүүлэх учиртай газар. Одоо бол зуслангийн бүсүүдэд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын нөөц байхгүй. Тэгэхээр Тахилт, 61-ийн гармын зүгт шинээр газар олгох байх.

Д.ЖАРГАЛСҮРЭН

0 comments:

Post a Comment