Sunday, July 7, 2013

“Наадам, Цагаан сарыг онцгойд үздэг”

-Энэ хоёр баяраа монголчууд хүндлэн дээдэлж ирснээрээ Монгол Улсаа Монголоор нь авч үлдэж чадсан юм-

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг энэ дугаарынхаа зочноор урьж ярилцлаа.

-Монгол түмний их цэн­гэл баяр наадмын өмнө монголчуудын хайрлан хүндэл­дэг их хамба тан­тай уулзаж байгаадаа их бэлгэшээж байна. Тиймээс их баярын угтал болгож, зуншлага, наадмын орш­лоор яриагаа эхлэх үү?

-Энэ жил их сайхан зун болж байна. 1990-ээд оноос хойш ч түүнээс өмнө ч ажаад бодоод байхад нийгмийн байдал, хүний араншин төрхөөс хамаарч байгаль их өөр өөр болдог юм уу даа гэж харагдаад байдаг юм. Хүн зон амгалан байхын хэрээр цаг ч сайхан болж байна уу гэж бэлгэшээж байна. Коммунизмын үед бид наадмаар тав, таван литр айраг лам нартаа барьдаг байлаа. Нөгөөх нь олдож өгөхгүй, зургаан сарын сүүлч болж байж бас нэг их аятайхан ч биш айраг олдох. Наадмын өмнөхөн Өвөрхангай, Архангай явж, айраг авчирч түгээдэг байлаа шүү дээ. Намар Октябрийн баяр болоход цаг агаар налайгаад байгаа юм шиг мөртлөө баярын жагсаалд явсан хүмүүс төмөр тугны ишинд гараа хайруулаад гээд даарчихсан  ирэх жишээний. Оросын жагсаалыг харуулахаар хүмүүс нь жигтэйхэн өвлийн хувцас өмсчихсөн, навсайтал цас орчихсон тийм л дүр зураг харагдах. 1990-ээд оноос хойш бол бас арай ондоо болчихсон. Бидний ам ч угаасаа жаахан тааруухандаа, "Монголд тааруу­хан байна, их цөлжиж байна" гээд гасалж, гангинаад л байна. Ер нь ч урдаасаа Өмнөговь, Дорноговь гээд л бүр миний төрсөн Төв аймгийн Бүрэн сум хүртэл цөлжиж байх шиг. Харин сүүлийн хоёр гурван жил жигтэйхэн хур бороо ороод, говь хүртэл хангайрхуу маягтай өвс ногоо ургаад, радио, телевиз ч нөгөө цөлжиж байна гэдгээ арай бага ярьдаг болж. Ажиглаад байхад Монгол Улс маань сайхан болоод, ард түмний сэтгэлгээнд ч өөрчлөлт гарахаар байгаль дэлхийдээ нөлөөлдөг юм уу гэж бодогдоод байгаа. ТВ радио гээд мэдээлэл их, мэдэхгүй юм ч гэж үгүй болж. Японд ч цунами, Америкт ч зундаа жигтэйхэн халуун, өвөлдөө их цас орлоо гээд л элдэв өнгийн юм болж гэх юм. Солонгос, Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудад, Их газрын улс гэхэд Хятадад ч янз бүрийн зүйл болж л байна. Харин манай энд гайгүй, чимээгүйхэндүү. Хүн ардын маань сэтгэл их муу болчихоогүйнх юм уу. Улаанбаатарт ороод ирэхэд хүний нүүр өнгөлөг, гоё хувцсаа өмсчихсөн, ажил төрөл оргилуун маягийн, хоорондын харилцаа нь ч бүлээндүү, бие бие рүүгээ харж инээмсэглэх маягтай. Улаанбаатар сайхан л болж байна. Бид болохоор "Улаанбаатар шиг хот гэж алга, сөнөөгөөд бузарлаад хаячихлаа" л гэж загнадаг. Өндөр сайхан байшин­гуудтай болж, хэд хэдэн гудамжаар явахад гадаадад явж байгаа юм шиг сайхан санагдахаар болж. Төв газруудаар явахад ч гэсэн Улаанбаатар хот ийм гоё болчихсон юм уу гэхээр оргилуур хийж, хөөрхөн цэцэг навч тарьчихсан ч байх шиг. Их л гоё харагдаад байх болж шүү. Өмнө очиж байсан айлаараа одоо дахиад ороход арай гоё болчихсон. Гал тогоотой, зочны өрөө нь хамтдаа зочин гийчин, хүүхэд шуухад хамтдаа бужигнаад  л хуучин монгол гэрийн ахуйг санагдуулахаар байх юм. Өмнө бид найр хурим хийх болоход орос дэлгүүрийн пропусктай хүн эрж, хайж давхиж байж, жаахан баавгайтай чихэр, архихан авчихаад бол түүнийгээ гаргаж тавин, нэлээн бахархалтай харж суудагсан. Одоо бол наад захын дэлгүүрт л байж л байгаа шүү дээ. Бидэнд их хөгжил, дэвшил гарч байна. Монгол Улс хөгжиж байна.

-Тэр тусмаа одоо баяр наадам болох гээд хаа хаанаа л өнгөлөг, хөөрөлхүү байх шиг.  Монголчууд ул­сын баяр наадмаар их омогшдог доо?

-Тийм ээ. Жишээлбэл, би хоёр баярыг их онцгойд үздэг маань Наадам, Цагаан сар. Энэ хоёр баяраа монголчууд авч үлдэж чадсан, баярлаж дээдэлж чаддагаараа Монгол Улсаа Монголоор нь авч үлдэж чадсан юм. 1990-ээд оноос хойш монголчууд маань их сайхан нааддаг болсон шүү дээ. Өмнө нь даалимбан дээл гээчийг зөвхөн малчид, малтай хүмүүс л өмсдөг юм шиг байсан бол одоо, монголчууд сэр­гэлэн ч улс юм, дэлхийн хаа байгаа газраас, хаа байгаа газартаа хамгийн сайхан даавуу, торго, дурданг олоод, хаанахын ч хэн ч голомгүй ганган сайхан дээлээ хийгээд өмсчихдөг урлагийн хэм­жээнд хүрлээ.  Дээлээ хөгжүүлээд шинэ маягтай болгочихсон. Бүс гэхэд торго дурдангаар хийгээд 2,3 жил болоод урагдаад сэмрээд ойч­д­ог­сон. Одоо бидний эртний өвөг дээдсийн хэрэглэж байсан суртай, алт, мөнгө, шүр сувд болсон ширэн сайхан бүснүүд, 2,3 жил биш, хэдэн үе дамжаад "Миний муу аав минь хэрэглэж байсан юм" гэж уламжлагдах соёлын өв, монголчуудын аж амьдралын судлаг­дахуун болох сайхан эд болсон байна шүү дээ.  За, тэгээд манай монгол гэр яаж хөгжив дөө? Бидний өвөө, эмээ найман ханатай гэрт л амьдардаг байсан, хаяанд нь хүүхэд багачууд тоглож л байдаг, хойморьт нь эмээ өвөө цуглачихсан яриа хөөрөө дэлгэчихсэн суудаг, хэн ч хэндээ садаа болохгүй. Сүүлдээ улам жижигсээд л дөрвөн ханатай гэртэй л болсон. Харин одоо бол бас л урлагийн бүтээл болсон байна. Түүх уламжлалаа тусгасан нарийн нандин, сийл­бэртэй, ахуйн хэрэглээний ширээ сандал, бүгд үндэсний онц­ло­гоо тусгасан ямар гоё хийж байна вэ? Сайхан сайхан, хөөрөг зөрүүлээд л. Дэлхийн хаана ч ийм үнэтэй, шүр сувд болсон хөөргөөр мэнд мэддэг ард түмэн байхгүй дээ.

Иймэрхүү л маягтай наадам гэдэг улам л сайхан болоод байгаа. Энэ жилийн наадам ч сайхан болно. Эрийн гурван наадмаараа чимнэ, морь нь уралдана.

Ер нь бол наадам гэдэг Монгол гэдэг үндэстэн энэ 21-р зуунд бус­даас ямар ялгаатай юм бэ гэсэн онцлогийг нь илүү тодруулж өгсөн баяр юм даа. Цагаан сар ч гэсэн. Ах дүү, хамаатан садан бие биетэйгээ угтан золгож, элгэн саднаа мэддэг, ахас ихсээ хүндэтгэдэг, үр хүүхдээ энхрийлдэг монгол ёсыг тогтоож өгч, хүн төрөлхтөний дотор Монгол гэдэг чинь ийм л хүн байдаг юм шүү дээ гэж тодотгодог баяр юм. Наад зах нь энэ их хотжилтын үед ах дүү хамаатан садангаа танихгүй бол юу ч болох билээ, цус холилдохоос эхлээд том аюулаас авардаг юм.

-Ялангуяа Монгол наадам гэдэг өөрөө их онцлогтой юм, тийм ээ?

-Тийм. Нэг талаасаа хууль дүрэм гэх мэтчилэн гадаадыг дууриагаад байгаа тал бий. Нөгөө талаасаа Монгол эр хүн нь эр хүн шиг чийрэг­жиж, барилдаж, хар багаасаа морио унаж өсвөл зүгээр юм. 

Компьютер нухаад нэг өрөөнд суусаар байгаад нүд ч үгүй, бие   ч үгүй, эмэгтэй хүн шиг гулжийсэн юмнууд гарч ирж байх шиг байна, ялангуяа энэ Япон, Солонгост... Эр хүн ямар байх ёстой гэдэг дүрс нь алдагдаж байгаа энэ үед хүүхдүүдийг монгол аргаараа л хөгжүүлэх нь зөв юм байна. Хүчит бөхөө барилдуулж байвал сайхан л санагдана.

Увс баруун аймгаар явлаа, хөдөөний хүүхдүүд их сайхан өндөр болж байна. Хөдөөний хүүхдүүд булчин, шөрмөстэй балбайсан сайхан юмнууд байна аа. Хотынхон болохоор жаахан гулжайгаад болж өгөхгүй нь. Ер нь Ази дотроо монголчууд их гоё, сайхан биетэй. Азийн орнуудаар явж байхад ногоо иддэг болохоороо ч тэр үү булчин шөрмөс, биеийн хөгжил арай нэг дутмаг харагддаг юм. Монголчууд чинь нүүдэлчин ард түмэн юм болохоор эмэгтэйчүүд нь ч арай нэг Европжуу маягийн. Үүнийг бид алдаж болохгүй, Азидаа л монголчууд  эрэгтэй, эмэгтэйгүй хүчирхэг, гоолиг, бадируун сайхан. Үүнийгээ л хадгалах ёстой. Азид бид тийм л байх ёстой. Улам гоё, сайхан болох ёстой. Би тэгж л боддог юм.

-Ингэхэд та энэ жил хаагуур наадаж байна. Морь, бөхийн галаар зочилно биз?

-Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс бөхийн гурван гал, морины гурван уяанд очиж, тавгийн идээ барьж "Морио сайхан уралдуулаарай, эрийн гурван наадам маань сайхан болтугай" гэж ерөөл өргөдөг. Наадмаар наадмынхаа нээлтэд ороод, хурдан морио, бөхөө үздэг дээ.

-Монголчуудын хувьд төв Ган­дан­гийн хамба галаар нь морилно гэдэг маш их бэлгэшээлтэй хэрэг. Та аль галаар очихоо яаж сонгож, төлөвлөдөг юм бэ?

-Төлөвлөдөггүй л дээ. Төлөв­лөхгүйгээр л гараад заншсан. Энэ жилдээ баруун тийшээ гарья даа гээд л энүүхэн нэг уяа байх учиртай гээд л ороод гарах жишээний. Дараагийнх нь хойшоо явах уу даа гэхчилэн явна даа. Ер нь бол хаана ч очсон их баяртай, бэлгэшээлтэй хүлээж авдаг.

-Тэр тусмаа таныг хүмүүс тус­­гайлан урьдаг болов уу гэж бод­сон юм, уяа, бөхийн галынхаа хийморийг сэргээх гэдэг үүднээс...?

-Хүмүүс урина аа, урина.

-Энэ жил Хүй долоон худагт очиж хурдан морины уралдаан үзэх үү? 

-Ер нь хурдан морины уралдаа­наа үздэг юм аа. Хүй долоон худагт очоод их нас, соёлонгоо үзнэ. 

-Та ингэхэд хэн гээч бөхийг нүдэндээ харж байна. Энэ жил хэний хүү эртэй бяртай байх бол?

-Ер нь аливааг төлөвлөхөд хэцүү болсон шүү дээ. Урьд бол арав арван жилийг эзэлсэн бөхчүүд төрдөг байсан. Одоо бол жил жилээр өөрч­лөг­дөөд байх янзтай. Хэн нэгэн эр зоригтой, бэлтгэлээ сайн хийсэн бөх л цоройх байх даа. Бие хааны тал дээр бол бөхчүүд хэн нь ч хэнээсээ дутахгүй сайхан болжээ.

-Хувь хүний хувьд таны хайртай бөх?

-Х.Баянмөнх аварга, Ж.Мөнхбат аварга, Б.Бат-Эрдэнэ гээд дотно найз, хааяа нэг уулзахаараа үг зөрүүлж, инээж хөхөрдөг улсууд даа, бид. Залуу үеийнхнээс нь гал дээгүүр нь очиж, уулзаж, ярилцах хүмүүс байна аа. Хамгийн дотно нь гурван аварга маань юм даа. Д.Мягмар заан, Ц.Баярсайхан заан гээд олон сайхан хүмүүс бий. Бөхчүүдтэй ер нь их дотно. Өндөр аварга Аварга Г.Өсөхбаяр гэхчилэн их олон сайхан бөхчүүд байна. Би багадаа бөх барил­даж байсан, бөхчүүддээ их хайртай байдаг юм.

-Энэ зун ер нь хаагуур зусах вэ, хөдөө, гадаа явах уу?

-Энэ зун Завханд 500 хуврагийн наадам болно. Ноднин Эрдэнэзууд болсон. Нэлээд хэдэн төрлийн тэм­цээн болдог юм. Шашны эрдэмд хэрхэн өсч дэвжсэнээ сорих тэмцээн болдог. Тэгээд бөх, шатар даам гээд янз бүрийн тэмцээн болно. Сагс хөлбөмбөг, тоглоно. Хоёр, гурван өдөр ингээд наадахаар сайхан сэргээд ирдэг юм. Ер нь бол дээр үеийн манай том дацангууд өглөөнөөс эхлээд байнга ном уншдаг хүмүүсээ хоёр, гурван өдөр гаргаж наадуулдаг уламжлалтай байсан л даа. Одоо орчин үед үүнээгээ сэргээж байна.

-Сагс тоглоно гэнэ ээ?

-Сагс тоглоно оо. Сагс бас гэм­гүй хөөрхөн наадаан юм шиг санагд­даг юм. Хүний биеийг сайхан бол­гоно. Би дээр Монгол хүн гоё сайхан байх ёстой юм гэж ярьсан шүү дээ. Тэрний үргэлжлэл болгоод хэлэ­хэд лам нар маань ч бас тагжгар болоод хоцорчихож болохгүй шүү дээ.

Лам нар маань монгол хүн юм шүү дээ. Монгол ээжээс төрсөн, монгол аавын хүүхдүүд. Энэ эх орны­хоо эд эс болгон шингэсэн хүмүүс. Дээхнэ үед сайн бөх, сайхан дууч лам нар байсан юм гэнэ лээ.

-Бас их сайхан, оюунлаг хүмүүс байдаг?

-Ламбугай нар хэзээ үед ч сайх­­­наараа байсан юм шиг надад санагд­даг юм. Түүх жаахан улстөр­жөөд булдилчихсан болохоос биш...

-Тийм ээ, нэг хэсэг бол лам нар бол ангийн дайсан гээд л кино, ном зохиол дээр ч муухайгаар дүрсэлдэг, манай ах л лав лам нараас их айдаг байж билээ?

-Түүхийн тийм үе бий. Гэтэл сохор доголон, яр тэмбүүтэй янз бүрээр л хэлж байсан тэр улс  чинь Монгол Улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулж ирсэн хүмүүс болж эргэлээ шүү дээ, сүүлийн үеийн гадаад, дотоодын судалгаа, архивын баримт материалд түшиглээд үзвэл. Гадаад дотоодын материал, эрдэм шинжилгээний мате­риал бүтээлүүдийг судлаад үзэхээр нөгөөх газар доогуур оруулж бул­чихаад дээрээс нь бүжиглэж байсан улсууд хамгийн эрхэм нандин газарт хөшөө дурсгал болон босч ирж байна. Түүхийн нэгэн нугачаанд эдгээр хүмүүсийг доромжилж, хилс­дүүлсэн болохоос биш, Монгол Улс, ард иргэдийнхээ төлөө, цаашилбал, бурхны шашинтнууд л учраас эх бол­сон зургаан зүйл хамаг амьтны тусын төлөө амь биеэ хайрлаагүй үнэхээр сайхан улсууд байсан байдаг. Тиймээс эдгээр хүмүүст зориул­сан эрдэм шинжилгээний нэгэн хурал энэ зун хийнэ гэж бодож байгаа. Хувьсгалаас өмнөх үеийг нэлээн судалж байна. Мөн хувьсгалаас хойшхи үе, тухайлбал 1937 оны хэлмэгдлийн дараа лам нар юу хийж байв гэдэг талаар эрдэм шинжилгээний хурал хийгээд үзье, их сонин байх болов уу гэж бодсон юм. Тухайн үеийн Төв хорооны 7-8 гишүүний 5, 6 нь лам байсан байх жишээтэй. Уран зураг гэхэд Марзан Шараваас эхлээд, байшин барилга гэхэд , Төв банк, Их хурлын ордон тэргүүтэй том том барилгуудыг лам нар барьж байсан. Тухайн үеийн артелиудыг 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа хар болсон лам нар эхлүүлж хувийн секторын эхлэлийг тавьж байсан байх жишээтэй. За тэгээд дуу, хөгжим гэхэд Ламын гэгээний мундаг ая тэргүүтэнд багаасаа су­ралц­сан мундаг зохиолч нар байх. Циркийн Данзан, Содном тэргүүтэн лам байсан.  Энэ мэтчилэн лам нар Мон­голын амьдралд хэрхэн оролц­­сон бэ гэдэг талаар эрдэм шинжил­гээ­ний ажил хийх санаатай байгаа юм.

-Нээрээ жанжин Сүх­баа­та­р­ын хөшөөг барихад ч гэсэн лам нар оролцсон гэдэг байх аа?

-Тийм. Энэ мэтчилэн олон, жишээ судлагдахуунууд байдаг юм билээ. Лам гэхээр эсвэл тэнгэр дээр гаргаж боддог, эсвэл газар доор оруулчих гээд байдаг коммунизмаас үлдсэн сэтгэлгээ байдаг. Энэ эрдэм шинжилгээний хурлыг хийснээр улс орноо л гэсэн жирийн л нэг сэхээтэн хүмүүс байж дээ гэдгийг ойлгуулах юм даа.

-Баярлалаа. Та бүхний номын ажил амжилттай байх болтугай.

А.АЛТАНТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №019


0 comments:

Post a Comment