Sunday, July 7, 2013

Т.Билэгтийг баривчилжээ

-Түүнийг бямба гаригийн өглөө гэрээс нь баривчилж, хорих 461-р анги руу ачсан байна-


Авлигын хэргээр ял эдэлж буй Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг АТГ-ынхан баривчилжээ. Баасан гаригийн шөнө "Кореан Эйр"-ын онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд буусан түүнийг бямба гаригийн өглөө гэрээс нь баривчилж, хорих 461-р ангид аваачсан байна. Түүнийг нийслэлийн өмчит "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар" сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн ч хэргийг шалгах явцад "АНУ-д эмчилгээ хийлгэх" нэрээр гадагшаа яваад сураггүй болсон билээ. Тиймээс түүнийг АТГ-ын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг.

НИТХ-ын дарга Т.Билэгтийн хувьд Н.Энхбаярын хэрэгт шалгагдаж эхэлс­нээсээ хойш хоёр жил гаруйн хугацаанд АНУ-д амьдарсан бөгөөд хамгийн сүүлд Интерполын байгууллагаас авсан мэдээгээр тэр АНУ-ын цагаачлалын албанд хандаж, тус улсад байнга оршин суух хүсэлт гаргасан тухай АТГ-аас мэдээлээд байсан юм.

Харин түүний  өмгөөлөгч нь "Эрэн сурвалжлагдаж бай­гаа­гаа Т.Билэгт дарга мэдээгүй. Түүнчлэн АНУ-д цагаачлах хүсэлт ч гаргаагүй. Зөвхөн эмчилгээгээ дуусангуут Монгол­доо ирэхээр зэхэж бай­гаагаа надаар дамжуулж мэдэгдсэн" хэмээн өнгөрөгч сарын сүүлээр хэвлэлд мэдээл­сэн. Түүнчлэн "Хэрвээ АТГ-ыхан түүнийг Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоовол ирэх сард эх орондоо ирнэ гэж байна" хэмээн тохиролцоо хийх гэж оролдсон билээ. АТГ-ынхан түүнд нь ямар хариу өгснийг мэдэхгүй. Ямартай ч Н.Энхбаярын хэргийг гол холбогдогчдын нэг НИТХ-ын дарга асан Т.Билэгт нутагтаа ирж, хуулийнхны хамгаалалтад орсон байна. Прокурорын шийдвэрээр түүнийг эхний удаад 14 хоногоор баривчлан саатуулаад байгаа бөгөөд баривчлах хугацааг сунгах эсэх нь түүний биеийн байдлаас шалтгаалах бололтой. Учир нь түүний АНУ руу явах болсон шалтгаан нь хэргийн мөрдөлтөөс оргон зайлсан хэрэг биш, зүрхний хагалгаа хийлгэх зорилгоор явсан гэж өмгөөлөгч нь мэдүүлж байгаа.

Т.Билэгтийг баривчлах үеэр түүнд үзлэг хийсэн цагдаагийн ажилтны хэлснээр биед нь хагалгаа хийлгэсэн шарх сорви, ямар нэг ул мөр байгаагүй гэнэ. Гэхдээ нэгэнт зүрхний хүнд хагалгаа хийлгэсэн нь үнэн бол тэр энэ талаарх эмчийн дүгнэлт, эмнэлгийн акт баримтыг хуулийнханд гаргаж өгөх нь тодорхой. Тэгж байж л ядахдаа эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтаар гарах, гадуур шалгагдах боломжтой болно шүү дээ.

Б.ЗАЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №019

0 comments:

Post a Comment