Wednesday, July 10, 2013

“Найрамдал” төвийнхөн шагналын хур буулгалаа

"Найрамдал" төвийнхөн шагналын хур буулгалаа

Олон Улсын хүүхдийн "Найрамдал" төв буюу хүүхдийн эзэнт гүрний 35 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд ойдоо зориулан энэ жилийн турш олон арга хэмжээг зохион байгуулж, бяцхан болон үе үеийн амрагчддаа бэлэг барьсаар байгаа юм. Өчигдөр "Найрамдал" төвийн хамт олонд шагналын хур буусан өдөр боллоо. Учир нь тэд ойдоо зориулан гаргасан 35 жилийн ойн алтан медалиар бүх ажилтан, албан хаагчдаа урамшуулан шагнасан бөгөөд тэр засаг, яамдын шагналын хур ойн медальтай зэрэгцэн тэдний энгэрт гялалзсан юм.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Олон Улсын хүүхдийн "Найрамдал" төвийн ерөнхий захирал, Гавьяат багш Т.Түвшинтэй уулзлаа.

-Хүүхэд бүрийн хүсэн мөрөөдөж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг "Найрамдал" төвийн 35 жилийн ой энэ жил тохиож байгаа. Өнөөдөр шагналын хур буусан сайхан өдөр байна. Сэтгэдлээсээ хуваалцахгүй юу?

-Бид өнөөдөр хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр баяраа тэмдэглэж байна. 2013 он "Найрамдал" төвийн үе үеийн ажилчид, амрагч хүүхдүүдийн сайхан баярын жил болж байна гэж ойлгож байгаа. Энэ ойн арга хэмжээгээ энэ бүх хүмүүсийг хамруулж, тэдэнд урам өгч, хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлуудыг төлөвлөөд эхнээс нь хүргэж эхэллээ. Өнөөдөр нийтдээ төр засгийн шагналаар 20 гаруй хүн шагнагдсан бол 50 гаруй хүмүүс яамдын тэргүүний ажилтан буюу бусад шагналуудаар шагнагдлаа. Энэ жилийг шагналын хур буусан жил гэж хэлэх байна. Учир нь энэ байгуулагад ажиллаж байгаа бүх хүн Найрамдал төвийн 35 жилийн ойн "алтан медаль"-ийг авч байгаа бөгөөд зарим нэг нь гурван ч шагнал авч байна. Энэ өдөр тэдэндээ сэтгэлийн таашаал өгөх хэрэгтэй. Учир нь хүүхдийн төлөө ажиллах бол тийм ч амар ажил биш. Магадгүй хөдөлмөр нь хямд үнэлэгдсэн ч зөвхөн сэтгэлээ л өгсөн хүн энэ байгууллагад ажилладаг. Амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн хүн энэ салбарт ажилладаггүй. Тэр утгаар нь сэтгэлийн таашаал баяр баясгалан өгсөн өдөр болгох гэж бид мэрийлээ. Энэ утгаараа Олон Улсын "Найрамдал" төвийн хамт олон дотор байхгүй мэргэжил үгүй.  Манай төвд бүх салбарын хүмүүс хөдөлмөрлөдөг нь энэ баярын үеэр харагдаж байна. Энэ сайхан баярыг тохиолдуулаад "Найрамдал" төвийн үе үеийн ажилтууддаа мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидний  баярыг хуваалцах хүмүүс бол яах аргагүй хүүхдүүд байгаа. Өнөөдөр 35 жилийн түүхэнд хагас сая гаруй хүүхдийг "Найрамдал" төв амраасан байна. Энэ хүүхдүүддээ ойн баярынхаа чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлэн хамгийн сайн сайхан, баяр баясгаланг хүсэн ерөөе.

-Баярын хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?

-Бид 35 жилийн ойгоо зөвхөн энд ажиллаж байгаа хүмүүсийнхээ хүрээнд гэж ойлгохгүй байгаа. Бидэнтэй хамтарч ажилладаг, байнгын үйл ажиллагаа явуулдаг бүх хүмүүстээ хандан явуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ утгаараа манай үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн. Ирэх арванхоёрдугаар сард дуусан. Яг өнөөдрийн хувьд энэ төвийг сайн сайхан байлгахын төлөө ажиллаж байгаа, хүүхдийн баяр баясалын төлөө хөдөлмөрлөж байгаа хамт олондоо шагнал гардуулах ёслол боллоо.

-Хүүхдэд зориулсан ээлж бүр өөр өөрийн гэсэн онцлогтой болж өнгөрч байгаа. Бас бүтээн байгуулалтын ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-Ойн баяраараа "Найрамдал" төвд амарсан, амарч байгаа, амрах хүүхдүүддээ хандсан үйл ажиллагаа явуулж байгаагаараа манай ажил онцлог. Бид ирээдүйгээ мартаагүй. Нөгөө талаар бид "Найрамдал" төвийг улам хөгжүүлэх 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөөний дагуу олон зүйлсийг хийж амжуулж байна. Энэ 35 жилийн ойдоо зориулан хийсэн "Хараацай" театр ашиглалтанд ороод хоёр жил болж байна. Өнгөрсөн онд бид нар олон улсын түвшинд байх байгууллага гэдгийнхээ хувьд чанарын удирдлагын  ISO9000 стандартыг анх Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллага, бүхий л үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан байгууллага болсноороо бахархаж байгаа. Энэ бол үнэхээр хүүхдийн төлөөх үйл ажиллагаа чанартай байх ёстой гэдгийг анхааруулсан. Мөн ажиллаж байгаа хүмүүс хариуцлагатай байх ёстой гэдгийг харуулсан үзүүлэлт гэж би хэлэх байна. Мэдээж хэрэг ирээдүйтэйгээ уялдуулж бид энэ онд 400 хүний суудалтай зургаан замтай 25 метр урттай бассейн барих гэж байна. Одоо удахгүй барилгын ажил нь эхэлнэ. Мөн спортгүйгээр хүүхдийг төсөөлөх аргагүй. Тэр утгаараа олон улсын стандартад нийцсэн хамгийн шилдэг 2000 хүний суудалтай сагсан бөмбөгийн заалыг энэ онд нээх гэж байна. Бид 2014 онд цаашид өргөжих чиглэлээрээ хүүхдийн парк, гэр бүлийн хотхон барина гээд "Найрамдал" төвийн хөгжил шинэ шатанд гарсан.

-Ойдоо зориулан хүүхдүүд рүү чиглэсэн ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Бид хөгжлийн байгууллагынхаа хувьд хүүхдүүдийн хөгжилтэй холбогдсон бүхий л ажилд гар дүрч холбогдох байгуулагуудтай хамтарч ажиллахыг хүсч байна. Улаан загалмай, скауттай хамтарсан хүүхдийн чуулган хийгдэж байна. Энэ бүхэнд манай тхамт олны хөдөлмөр үйлс, оюун санаа бүхийл зүйл оролцож байгаа. Мэдээж орон нутгийн хүүхдүүдийг хамруулах чиглэлд улсын хэмжээнд олон ажлыг төлөвлөсөн. Эхний ээлжинд өнгөрсөн хавар "Мөнгөн хараацай" наадам болж өнгөрлөө. Ирэх наймдугаар сард ойн хүрээндээ зориулсан Олон үндэстний хүүхдүүдийн урлагийн томоохон наадмыг хийж нийтэд сурталчилна гэсэн бодолтой байгаа. Спортын хувьд энэ сард Азийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ирэх есдүгээр сард спортын дөрвөн төрөлт тэмцээн явагдана гээд бид ер нь завгүй байна даа.

-35 жилийн ойдоо зориулан "Найрамдал" төвд амарч байсан насанд хүрэгчдэд зориулсан ээлжийг гаргана гэж сонссон. Хэзээ энэ ээлжийн амрагчдаа хүлээн авах вэ? Ямар хөтөлбөртэй байх бол, үнэ өртөг нь хэд үү, захиалгаа хаана өгөх үү?

-Үнэхээр "Найрамдал" төвийн баяр бол олон үеийнхэний баяр гэж би хэлнэ. Яагаад гэвэл бидний үеийнхэний ээж, миний ээж, аав хөдөлмөрийн хөлсөө хүүхдийн төлөө фондод өгч тэр хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр "Найрамдал" өнөөдөр боссон гэж үзэхээр маш олон үе үеийнхэний оролцсон гэж би хэлэх дуртай. Нөгөө талаар амарсан хүүхдүүдийнхээ хувьд бидэнд маш их хүсэлт ирдэг. Тэр утгаараа бид амарсан хүүхдүүддээ зориулаад "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг ирлээ" гэсэн сайхан хөтөлбөр, шоуг 30 жилийн ойдоо туршсан. Үүнийг 35 жилийн ойдоо зориулан өнгөрсөн тавдугаар сард хийсэн ч дахин явуулаач гэсэн хүсэлт ирсэн учраас ирэх аравдугаар сард хийхээр болсон. Төлбөрийн хувьд бид нар их бага үнэлсэн юм шиг байгаа юм. Бидэнд үүн дээр нэмээд мөнгө өгсөн ч бэлэн гэсэн хүмүүс олон байсан. Бид 150 мянган төгрөгийн үнэтэй гурав хоногийн хөтөлбөр гаргасан. Энэ ээлжинд ирээд амраад явсан хүмүүс бол сэтгэлийн таашаал, баяр баясгалан юу л байдаг юм бүхнийг хүртэж чадаж байгаад бид ирэх баяртай байгаа. Энэ ээлжийн захиалгаа бид наймдугаар сарын хөтөлбөрөө дуусгаад өөрийн вэб хуудсанд мэдээлнэ. Манай вэб хуудсанд зочлон хүмүүс хамгийн түрүүнд энэ мэдээллийг сонсох нь ээ.

Г.ДАША

0 comments:

Post a Comment