Tuesday, July 16, 2013

Жолооны үнэмлэхийг ирэх даваа гаригаас хэвлэнэ

Жолооны үнэмлэхийг ирэх даваа гаригаас хэвлэнэ

Жолооны үнэмлэхний хэвлэлт удаашралтай байгаад иргэд бухимдалтай байна. Энэ  талаар ЗЦГ-ын Улсын шалгах хэлтсийн байцаагч Н.Ууганбаяраас тодрууллаа.

-Жолооны үнэмлэхний хэвлэлт зогсч,  үнэмлэх олгохгүй байгаад жолооч нар нэлээд бухимдалтай байна. Ямар учраас үнэмлэх хэвлэх ажил удаашраад байна вэ?

-Одоо цуглараад байгаа бүх жолооны үнэмлэхийг яаралтай гаргахаар ЗЦГ-аас анхаарч ажиллаж байгаа. Юуны өмнө жолооч нар өөрсдөө хариуцлага өндөртэй байх хэрэгтэй. Учир нь жолооны үнэмлэх гэдэг бол иргэний үнэмлэхтэй адил чухал бичиг баримт юм. Гэтэл жолооч нар үнэмлэхээ өглөө хаясан бол өдөртөө авна гэх асуудал гаргадаг. Энэ бол боломжгүй зүйл.

Хаяж гээгдүүлсэн жолооны үнэмлэх ажлын 20-25 хоногийн дотор гардаг. Харин шинээр үнэмлэх авах ёстой иргэдээс хүлцэл өчих хэрэгтэй байх. Жолооны үнэмлэх хэвлэдэг машинаа шинэчилсэн боловч эвдрэлтэй байгаа учраас үнэмлэх хэвлэх боломжгүй байна. Гэхдээ  жолооны үнэмлэхний оронд түр үнэмлэх олгож байгаа.

-Хэвлэлийн машины эвдрэлийг хэзээ засч дуусах вэ. Хэзээнээс жолооны үнэмлэх жигд хэвлэгдэж эхлэх вэ?

-Жолооны үнэмлэх удааширч, иргэд бухимдаад байгаа энэ бүх асуудал одоо дуусах гэж байна. Өөрөөр хэлбэл, баасан гараг гэхэд  жолооны үнэмлэхтэй холбоотой бүх ажил цэгцэрнэ.  Харин ирэх даваа гарагаас шинэ машинаа ашиглаж, үнэмлэхээ хэвлэж эхэлнэ.

-Шинээр хэвлэж буй үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн болон шинээр үнэмлэх авах ёстой бүх иргэдэд олгох уу?

-Шинээр жолооч болж байгаа, ангилал ахиулах, хаясан гээсэн, хуучин шар үнэмлэхээ солиулах зэрэг бүх төрлийн үнэмлэхний захиалга зун болохоор ихэсдэг. Тиймээс үнэмлэх хэвлэх тал дээр бага зэргийн ачаалалтай байгаа. Ер нь  жолооны үнэмлэх огт хэвлэгдээгүй биш тодорхой хэмжээгээр хэвлэгдэж байгаа.  

Тэгэхээр ирэх долоо хоногоос жолооны үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн хүмүүсийн үнэмлэхийг хэвлэхгүй. Зөвхөн шинэ жолооч нарын үнэмлэхийг хэвлэж олгоно.

-Тэдгээр үнэмлэхээ хаясан жолооч нар яаж хөдөлгөөнд оролцох вэ. Үнэмлэхээ дахин хэвлүүлэхийн тулд ямар бичиг баримтыг бүрдүүлэх вэ?

-Тэдэнд замын хөдөлгөөнд оролцох түр үнэмлэх олгож байгаа. Бүрдүүлэх бичиг баримт гэхээр Замын цагдаагийн газраас лавлагаа авна. Үүнийг өнгөрсөн тавдугаар сараас авдаг болсон.

Мөн манайхаас эрүүл мэндийн хуудас авч харьяа дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг дээр очиж бөглүүлнэ. Гэхдээ иргэд шууд очоод таамгаар ч юм уу, цусны бүлгээ бөглүүлдэг. Гэтэл тэр нь ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртлөө гэхэд жолооны үнэмлэх дээр бичигдсэн бүлгийн цусыг тухайн жолоо­чид сэлбэх болно.

Тиймээс энэ нь тухайн хүний амь насанд аюултай гэдгийг жолооч нар хатуу анхаарах хэрэгтэй. Үүний дараа үнэмлэхний мөнгө мөн зарлуулсан төлбөрийг тушаасан баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, хоёр хувь цээж зураг зэрэг материалыг бүрдүүлдэг.

-Замын цагдаагийн газраас авдаг лавлагаа ямар учиртай юм бол?

-Үүнийг жолооч нарт сайн тайлбарлах шаардлагатай байна. Лавлагаа авах болсон хэд хэдэн шалтгаан бий. Учир нь хаясан, гээсэн бичиг баримтыг олоод, буцаан олгодог олон лавлах төвүүд байна. Дээр нь Замын цагдаагийн хэлтсүүдэд их хэмжээний жолооны үнэмлэх бөөгнөрсөн.

Мөн жолооч нар давхар үнэмлэх авдаг болсон. Гэхдээ эхний үнэмлэх нь хүчингүй болдог. Тиймээс зөрчил гаргасан ч илүү үнэмлэхээ цагдаад хураалгадаг болсон. Энэ нь жолооны үнэмлэх хурдан хугацаанд амархан гардаг байсантай холбоотой.

Энэ мэт зүйлүүдийг байхгүй болгох үүднээс лавлагаа авдаг болсон юм. Энэ лавлагаа нь Замын цагдаагийн  харьяа 15 хэлтсийн лавлах төвүүдээр шүүлгэж, 10 хоногийн дотор гардаг. Хэрэв шүүсэн газруудын аль нэгэнд тухайн хүний үнэмлэх нь байгаа тохиолдолд очиж авах газрыг нь зааж өгдөг. Харин байхгүй бол шинээр хэвлэх юм.

Э.Зулцэцэг
Эх сурвалж: www.mminfo.mn

0 comments:

Post a Comment