Monday, July 15, 2013

Булганыхан гүүгээ бариагүй байхад...

Булганыхан гүүгээ бариагүй байхад...

Нийслэлийн өнцөг, булан бүрт Портер маркын машин дээр ачсан цэнхэр савтай айраг барьчихаад "Булганы айраг аваарай. Булганы Сайханы айраг аваарай" гээд л эр, эм хөгшин залуугүй орилох юм. Бүр хаа сайгүй шүү. Булган аймгийн бүх сумын малчдын исгэсэн айраг нийслэлд орж ирчихээд нийслэлчүүдийн амны цангааг тайлж байгаа юм байна даа гэж бодож байтал үгүй аж. Наадмын өмнөхөн айраг борлуулж буй хүмүүсийн орилоод байгаа  айргийн их нутаг гэгдэх Булган аймгийг зорив. Зорих замдаа айраг гэгч амтат ундааг ёстой л нэг ханатлаа ууя гэж бодсон юмдаг. Учир мэдэх хүмүүсийн яриагаар Булганы айраг чихэрлэг хэрнээ цаанаа л нэг час хийсэн амттай байдаг болохоор бусад нутгийн айрагтай харьцуулаад ч хэрэггүй гэх юм. Бид явсаар Булган аймгийн нутагт ирэв. Ямартай ч Булганы айрагнаас аягыг олж уухаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт зусах нэгэн айлд орсон юм. Эхнэр, нөхөр бололтой дундаж насны хүмүүсээс гадна нас тогтсон өвөө ихэд уриалгахан угтаж, "Дээшээ суу" хэмээгээд цагаан идээгээ барьж, хаанаас хаа хүрч байгааг лавлаж асуусан юм. Зуны халуунд ам нь цангасан аяллын багийнхан маань аягатай халуун цайгаа ойчлонгоо хүрэх газраа хэлж, хэсэгхэн зуур хуурч хөөрөв.

Тэр үед "Айраг хийж өгөхгүй юм байхдаа" гэсэн бодол ганц миний толгойд ч биш надтай явж байсан бүх хүний толгойд эргэлдсэн байх. Айраг уух хүсэлдээ дийлдсэн аяллын багийнхан маань аргаа бараад "Зарах айраг байгаа юу" гэж асуусан. Гэтэл өвөө "Энэ жил манай аймаг тэр чигээрээ айраггүй байгаа. Ихэнх айл унагаа тавьчихсан. Та нар анзаарсан бол гүүгээ барьсан айл бараг байхгүй байгаа биздээ" гэв. Өвөөгийн хэлснийг сонсоод байхад тус айл руу ирэх замд зэлэн дээрээ уяатай унаганууд бус харин эхтэйгээ яваа унаганууд хаа сайгүй харагдаж байсныг гэнэт санасан юм. Учир байдлыг лавлан асуувал сайн хөрөнгө олдоогүй учраас айраг эсгээгүй гэнэ. Өвөөгийн хэлж буйгаар дээр үед сум болон  аймгийн удирдлагууд ажил болгон сайн хөрөнгө олж ирж, нутгийнхаа малчдад тараадаг байсан. Одоо харин тийм зүйл байхгүй болж. Айраг эсгэх гэсэн айлууд өөрсдөө хөрөнгөнд явдаг болсон. Ингэхдээ сайн гэхээсээ илүүтэйгээр муу хөрөнгө ихэвчлэн авчирдгаас айргийн чанар муудаж, малчдын хүч хөдөлмөр талаар болж байгаа гэнэ. Мөн сайн хөрөнгө хийдэг настай хүмүүс мөнх бусыг үзээд дуусаж байгаа учраас дээр үеэс уламжлагдан ирсэн айраг гэх амтат ундааных нь сайхан амт үгүй болж байгаа талаар настан дуулгасан. Түүнээс "Зөвхөн танай сумын айлууд айраг исгээгүй юм уу" гэж асуувал "Үгүй ээ. Бараг бүх сумынхан исгээгүй гэхэд хилсдэхгүй. Исгэсэн айлууд мэр сэр бий. Гэхдээ амт нь жаахан тиймэрхүү" гэв. Байгаагаараа дайлж, сайхан яриа өрнүүлсэн тус айлаас гараад айраг олж уухаар дараагийн айлыг зорьсон. Нэлээд явсны эцэст гүүгээ барьсан нэгэн айлыг сонгоод яваад орчихов. Хөдөөний айлуудын сайхан зангийн нэг илрэл нь "Юу байна түүгээрээ дайлна" гэсэн уриатай юм шиг байгаагаа л сарвайх нь сайхан. Цай, идээ амсуулсны дараа нэг литрийн багтаамжтай гэмээр мөнгөн аяганд айраг цэлэлзүүлэн хийж өглөө. Бүгд л баярлан инээмсэглэж, ээлж дарааллаараа нэг нэг аягыг уучихав. Гэрийн эзэн дахиад л эхнээс нь өгөхдөө "Манай айраг маш хатуу болчихсон. Жаахан тиймхэн айраг байгаа биз дээ" гэв. Бид ч эхний аягыг уухтай нэг их амталсангүй. Харин хоёр дахь аяганаас амстал маш исгэлэн бараг л архи шиг амтагдсан. Чухам яагаад хахарсан эсэхийг гэрийн эзнээс тодруулбал мөн л хөрөнгөтэй холбож тайлбарласан юм.

Уг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малчид айраг исгэх хөрөнгөө Архангай аймгийн Хотонт сумаас авчирдаг гэнэ. Энэ жил ч мөн адил  тус сумаас нэлээд хэдэн хүн очиж хөрөнгө авчирсан ч төдийлөн сайн хөрөнгө олдоогүй учраас исгэсэн айраг нь хахраад байгаа аж. Гүүгээ барьсан бариагүй олон айлаас "Хөрөнгө муу байгаа ч гүүгээ бариад, айргаа исгэж болдоггүй юм уу" гэхэд "Тэглээ гэж бодоход нутаг орны нэр сэвтнэ. Цаашлаад хүн ч авахгүй. Хэдэн сарын хөдөлмөр талаар болно" гэж хариулсан юм. Ямартай ч энэ жил айргийн их нутаг Булган аймаг айраггүй наадсан. Харин нийслэлчүүд Булганы гэх тодотголтой хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй айраг ууж, сайхан наадав.

Айргийн хөрөнгө хийх, хадгалах ажлыг хэн дуртай аавын хүү ээжийн охин хийгээд байддаггүй аж. Цөөхөн хэдэн хийдэг хүн нь хорвоогийн жамаар мөнх бусыг үзсэн учраас дээр үеэс уламжлагдан ирсэн айраг гэх амтат ундааны тэр сайхан амт өдгөө цагт алдагдаж байгааг Булган аймгийн настнууд халаглан хэлж нулимсаа арчин сууж байна билээ. Мэдээж Булганыхан айраггүй наадсан. Тэр дундаа Хишиг-Өндөр сумынхан. Аяллын  багийнхан  маань  хөдөөгөөр явсаар тус сумын төв дээр ирсэн. Аз болж тус сумын наадам болох өдрийн өмнөх өдөр ирж таарав. Гэтэл сумын төвийн хүмүүс жиг жуг ярихыг санамсаргүйхэн сонсчихов. Тэдний ярьж буйгаар тус сумын наадмын бөхийн барилдаанд барилдахаар аймгийн цолтой хэд хэдэн бөх иржээ. Тэд үзүүр, түрүү булаалдахаар ирээгүй. Харин сумын заан төрүүлэхээр ирсэн байна. Өөрөөр хэлбэл цолны найраа аж. Улсын наадамд начны найраа байдаг гэж сонсож байснаас биш сумын заан төрүүлэх найраа гэж анх удаа сонссон болохоор нэлээд гайхаж, чих тавив. Хүмүүсийн ярьж буйгаар сумын заан болоход 2-6 сая төгрөг  байдаг бололтой юм. Бүр наадам эхлэхийн өмнө түрүү бөхийн нэр аль хэдийнэ тодорчихсон  байлаа. Тус сумын наадам хоёр өдөр болж, найраа ёсоор ч түрүүлнэ гэсэн бөх түрүүлсэн. Ингээд айраггүй Булган аймгийн найраатай сумын наадам үзэж, сэтгэлээ сэргээсэн юм даа.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин


0 comments:

Post a Comment