Tuesday, July 9, 2013

“Автобус-1” компанийнхан ажил хаяна гэв

Орон нутгийн өмчит "Автобус-1" компанийнхан маргааш ажил хаяхаар шийджээ. Тус компани нь 600 гаруй ажиллагсадтайгаас 400 гаруй нь жолооч, кондукторууд юм байна. Ямар учир шалтгаанаар ажил хаях шийдэлд хүрсэнийг тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбатаас тодрууллаа.

-Ажил хаях болсон шалтгаан юу вэ. Заавал маргааш ажил хаяхаар төлөвлөсөн нь наадам дөхөж байхад цаг үеэ олсонгүй юу гэж бодогдох?

-Ажил хаях болсон нь хэд, хэдэн шалтгаантай. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн бид компанийнхаа захиргаанд хандаж "Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, ажилчдын даатгалын хохирлыг барагдуулах, ээлжийн амралтын хоног мөнгийг дутуу бодож ажилчдыг хохироодгоо зогсоох, ажилчдын цалин хөлснөөс хууль бус суутгал хийх, жолооч нараар түлшний өр төлүүлэхгүй байх, кондукторыг нэгжихгүй байх зэрэг хэд, хэдэн шаардлагыг тавьсан ч хүлээж аваагүй учраас ажил хаях шийдэлд хүрсэн. Шаардлага тавьсан хугацаа долдугаар сарын 1-ний өдөр дууссан. Тэр өдөр бид хуралдаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу захиргаандаа урьдчилан мэдэгдсэнээр маргаашнаас ажил хаях шийдэлд хүрсэн.

-Ажилчид ямар цалин авдаг болоод цалингаа нэмүүлэх шаардлага тавив?

-Жолооч, кондукторууд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Тийм байтлаа жолоочийн үндсэн цалин 445 мянга, кондукторын цалин 350 мянган төгрөг. Норм биелээгүй нөхцөлд кондукторын цалингаас хасч тооцно. Жолоочоос түлшний өр гэж цалингаас суутгадаг. Ийм цалингаар өнөөдөр амьдрахад бэрх шүү дээ. Тиймээс цалингаа нэмүүлэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй учраас хугацаагүйгээр ажил хаяхаар шийдлээ. Маргааш ажил хаяхад улстөрийн шалтгаан нөхцөл байхгүй гэдгийг мөн хэлье. Хуулийнхаа дагуу явахаар цаг хугацааны хувьд маргааш болж таарлаа.

-Нийслэлийн тээврийн газар зэрэг холбогдох газруудад та бүхэн ажил хаях тухайгаа дуулгасан уу?

-Энэ асуудлыг бид холбогдох мэргэжлийн байгууллага болон нийслэлийн удирдлагуудад тавьж ирсэн. Гэвч арга хэмжээ аваагүй. Ажил хаялт маргааш 06.30 цагаас эхэлнэ.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment