Tuesday, July 9, 2013

Задгайгийнхан

Баянзүрх дүүргийн 20-р хорооны задгайд оршин суух Монголмаа. Нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Тэрсхэн хоёр хүүгээ усны тэргэн дээрээ суулгачихсан газрын овгорыг тойрсоор, түчигнүүлсээр, шуугилдсаар худаг дээрээ ирнэ. Хорин тавын шар саваар ус авахын тулд хорь гаруй минут оочерлох бөгөөд хоёр хүүхдийн шороо шавхайтай зууралдаж байгаад бухимдахгүй байгаагийн адилаар удаан зогсож байгаадаа түүртсэн шинж үгүй. Усны мөнгөө гаргаж ирэхээр халаасаа ухах бөгөөд бэлэн гоймонгийн цаас, нэлээд хэдэн эмний цааснууд дундаас хорин төгрөг гарч ирэв. Юунд ингэж хог хадгалдаг, халаасалж явдгаа бүр сүүлд хэлсэн бөгөөд бичиг мэдэхгүй тул хүүхдэдээ өгсөн эмний цаасыг хаялгүйгээр аптекийн хүнд нь үзүүлээд авдаг учиртай аж. Бага хүү хатгаа аваад саяхнаас босч ирсэн гэнэ.  Хүүхдээ дааруулчихна гэж бодож байсан ч хадам эгч нь наад хүүхэд чинь халуудна гэж хэлсэн тул үгээр нь болж нимгэн хувцастай авч гараад ханиад хүргэчихсэнээр нэг хэсэгтээ л сандралдаад авсан аж. Нөхрийн олж ирдэг багахан мөнгөөр эм авна гэж бараг байхгүй гээд уламжлалт арга аминд нь ордог гэсэн юм.  Өнөөх "усан эм" нь үйлчилж дийлэхээргүй хүндэрсэн үед аргагүйн эрхэнд хоолны мөнгөнөөс эмний мөнгө илүүчилдэг бололтой. Том болсон нь шээс уухгүй гэж зугтдаг ч "ээжийнхээ усан эмийг ууж байж л зүгээр болно" гээд дарж байгаад өгчихдөг. Арай бага нь нулимс цийлэгнүүлээд л уудаг. Уухгүй гэвэл ээжээсээ сэжиглэсэн болох тул хурдхан балгачихдаг гэнэ.

"Та хамгийн сайн мэдэх дөрвөн улс төрчийг нэрлэнэ үү" гэсэн асуулгад Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр.. гээд цааш хэлж чадсангүй. Энэ бол задгай хаяганд оршин суугч М-ийн судалгаанд өгч буй хариулт. Хотын жинхэнэ зах гэж задгайг л хэлнэ, автобусны эцсийн буудал бол тэдний хувьд хотын төв. Задгайгийнханд хэн ерөнхийлөгчөөр сонгогдож, хэн сайд байх, аль нам ялах нь огтхон ч хамаагүй. Тэдний хувьд өдөр бүр, өглөө бүр, шөнө бүр өөрсдийнх нь хэмнэлээр өнгөрдөг. Задгайд юу болж байгааг хэн ч олж сонсохгүй, бас анхаарахгүй. Энд нөхөр нь эхнэрээ зодох, хүүхдүүд нэгнээ дээрэмдэх, аав нь охиноо хүчиндэж байгааг хэн ч анзаарахгүй. Өнөө хүний эрх зөрчигдөж байгааг дүрсжүүлдэг камертай утас, сайн дурын папарацичид, ам уралдан цэц булаалддаг твитерчдийн нүд чих ч энд хүрээгүй. Тэд бидний талаар юу ч мэддэг­гүйтэй адил бид тэдний талаар юу ч мэддэггүй.

Тэд "тансаглах" бол нөөцийн мах авна, "бурзайвал" нойтон мах авна. Харин өдөр бүрт гэдэс дотроор шөлтэй устайхан хоол хийнэ. Гэвч гэдэсний үнэ өсч арван мянган төгрөгт хүрсэн тул авах нь ховордоно. Хөргөгч байтугай тог байхгүй тул долоо найман килограмм болдог гэдэс дотрыг бүхлээр нь  авна гэж бодохын ч хэрэггүй. Бага зэргийн муудаж эхэлсэн махаа  "үүсүү" гэх хятад амтлагчаар амтлаад л хэрэглэнэ. "Монголдоо байхад хүн өлсөж үхэхгүй, зовхи өөдөө байх хэрэгтэй" гэнэ. Аргагүйдэхэд шулааны яс худалдаж аваад шөл гаргана. Шулаанаас үлдсэн нэг шар уут ясыг 200 төгрөгөөр худалдаж авна. 

Дарга нарын хоолойгоо зангируулан байж хэлдэг шиг "ургамлын тосыг граммаар" нь нэг их аваад байдаггүй. Хуушуурны гуанзнуудаас ашиглахын аргагүй болсон тосыг нь мянган төгрөгөөр авчихдаг. Хар түлэнхий үйрмэгтэй өнөөх тос эрүүл мэндэд хортой ч хүүхдүүдийнх нь хувьд ийм тосонд хайрсан гамбир махтай хуушуураас нэг их дутахгүй. 

Аав нь зарим шөнө ирэхгүйгээр хотын төвд хонох үе олон. Балгачихдаг ч, амьд­ралаа алдсан архичин биш гэж эхнэр хүүхэд­дээ үнэлэгддэг. Ноорхой хувцастай, өөрөөсөө хоёр дахин том хуванцар сав үүрсэн түүнийг автобусандаа суулгах хүсэл нийтийн тээврийнхэнд байхгүй. "Согтуу хүн суулгахгүй" гээд л хаалгаараа хавчиж, хөлөөрөө жийгээд л хөөж буулгана. Төрийн автобус хөөж байхад хувийн микронд сууна гэж мөрөөдөх ч хэрэггүй. Гэр бүлийнхнийг нь дурын хүн дээрэлхэж, өөрийг нь золбин нохой хүртэл боргодогт тэр дассан. Мөн хүмүүсийн мөс чанар жил ирэх бүр нүүрсний шуудай шигээ жижгэрсээр байгааг мэдэрдэг. Хүүхдүүд нь "байцаагч" "цагдаа" "баян хүн" гурвыг хамгийн муу хүн гэж боддог бол бид тэднийг арчаагүй, амиа бодсон, бусдын эрүүл мэндийг боддоггүйдээ дугуй түлдэг гэж олонх боддог. Агаарын бохирдол, цэмцгэр хоггүй гудамж зэрэг нь тэдний хувьд асуудал биш. Зүгээр л тэд дулаацахын тулд хог, дугуй түлдэг,  өлсөхгүйн тулд түүдэг. 

Хүүгээ архичин, гэмт хэрэгтэн биш байл­гахыг ээж хүсдэг. Ууган хүү хурдхан том болохыг хүсдэг. Аав өөрийн гэсэн байшинтай болохыг хүсдэг. Бага хүү хотын төв орж үзэхийг хүсдэг. Тэд бол хэдэн мянган задгай хаягтай иргэдийн нэг л өчүүхэн хэсэг. "Бид" гэдгээс "тэд" болтлоо холдсон задгайгийнхан.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА..

...Тоосгоны  гудамжны задгайд гэр бүлийнхнийг голомтоор нь шатаасан хэрэг гарлаа. /2010 оны 12-р сар/

...Чингэлтэйн долдугаар хорооны задгайд оршин суух Батноровын гэр бүлийн гурван хүн үерт урсаж сураггүй алга боллоо. /2008 оны долдугаар сар/

...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, "Буянт-Ухаа"-гийн 23 дугаар гудамжны задгайд амьдардаг айлын гэр шатаж дотор нь байсан гурван хүүхэд амь үрэгджээ. Талийгаач хүүхдүүдийн эцэг, эх болох Ч.Ган-Эрдэнэ, Б.Солонго нар Төв аймгийн харьяат. Энэ залуу гэр бүл хот суурин бараадахаар Улаанбаатарт орж ирээд хагас жил гаруй болсон байна. Гэр бүл болоод гурван хүүхэд төрүүлсний хоёр бага нь ихэр хүү, охин байж. Харин том хүү нь дөрвөн настай байсан гэнэ. Аав ээжийнхээ эзгүйд том хүү нь л хоёр дүүгээ харж үлддэг байжээ. /2010 оны наймдугаар сар/  

...Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны задгайд оршин суух 43 настай Г нь архи уусан үедээ өөрийн дагавар хүүхэд Гэрэлт-Одыг гадуурхан гэрээсээ хөөн гаргасны улмаас хүү хөлдөж нас баржээ. /2009 оны 12-р сар/

...Хуурай мухрын задгайд амьдардаг Л гэрийн тоононоос  өөрийгөө боомилж амиа егүүтгэжээ /2010 оны 07-р сар/....

Б.ЭНХМАНДАХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №019

0 comments:

Post a Comment