Sunday, June 9, 2013

Фермерүүд сүүний үнийг нэмэхийг шаардлаа

"Монголын сүүний нэгдсэн холбоо"-ноос өнөөдөр Сүхбаатарын талбайд "Сүү өргөх цуглаан"-ыг зохион байгууллаа. Тэд сүүний үйлдвэрийн фермерүүд дампуурлын ирмэгт тулж ирсэн, сүүний зах зээлийн дийлэнх хувь буюу ная гаруй хувийг хуурай сүү эзэлж байгааг эсэргүүцэн, дуу хоолойгоо өргөж байгаа ажээ.

Тэд цуглаан зохион байгуулах тухай хүсэлтээ СБД-ийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна. Нийслэлд ургамлын гаралтай болон хуурай сүүгээр боловсруулсан сүү литр тутамдаа 1800-2800 төгрөгөөр худалдаалж байхад малчид, фермерүүд 300 орчим төгрөгөөр  сүүгээ худалддаг байна. Фермерүүд энэ талаар "Бид нэг литр сүү үйлдвэрлэхдээ жилд дунджаар 753 төгрөг 50 мөнгө зарлагаддаг байхад боловсруулах үйлдвэрүүд 525 төгрөг 80 мөнгө төлдөг" гэв. Энэ мэтээр сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажиллаж ирсэн фермерүүд дампууралд тулж ирсэн ч үнээний сүү хадгалалт, тээвэрлэлт даадаггүй эмзэг бүтээгдэхүүн тул арга буюу хямд өртгөөр борлуулсаар ирснээ фермерүүд онцолж байлаа. Харин ийм байдлаас гарах хамгийн зөв зам бол төрийн зохицуулалт гэж "Монголын сүүний нэгдсэн холбоо"-ноос үзэж байгаа аж. Тэд зах зээлд нэг литр сүүг 1050 төгрөгөөр борлуулж байж сүүний фермерүүд ашигтай ажиллаж, өөрсдийгөө авч явах хэмжээнд очно хэмээн байна.

Өнөөдрийн тайван цуглааныг зохион байгуулагчид УИХ, Засгийн газарт хандан УИХ-д энэ хаврын чуулганаараа багтаан сүүний үнийг нэг литр нь 1050 төгрөг байхаар тогтоож өгөх, чанарын баталгаагүй хуурай сүүний импортыг бүрэн зогсоох асуудлыг /энэ сарын 30-ны дотор/ шийдвэрлэх, эрчимжсэн фермер байгуулахад чиглэсэн хөнгөлттэй зээлийг фермерүүдэд хүртээмжтэй нөхцөлөөр олгох, хүн амын цэвэр сүүний хэрэглээг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн хэд хэдэн шаардлага хүргүүлэхээр болжээ. Эдгээр шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ ч тэд хэлж байлаа. Дашрамд сонирхуулахад, Эрүүл мэндийн сайдын гаргасан зөвлөмжийн дагуу төв суурин газрын иргэд өдөрт 430 грамм сүү хэрэглэх ёстой боловч өнөөдрийн байдлаар 100 хүрэхгүй граммыг хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Бид энэ цуглааны үеэр "Монголын сүүний нэгдсэн холбоо"-ны ТУЗ-ийн гишүүн С.Даянтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
 
-Сүүний үнийг 1050 төгрөг болгоно гэхээр ард иргэд хэр хүлээж авах бол?

-Өнөөдөр ургамлын гаралтай, тухайлбал шар буурцагны шингэлсэн, мөн боловсруулсан  сүү 1800-2800 төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл фермерүүдээс нэг литр сүүг 300 гаруй төгрөгөөр худалдаж авдаг. Нэгэнт л 300 төгрөгөөр авсан сүүгээ хэрэглэгчдэд 1800 төгрөгөөр хүргэн зарж байгаа юм чинь малчдын сүүний үнийг нэмснээр одоо зах зээл дээр борлуулж байгаа сүүний үнэ нэмэгдэнэ гэсэн асуудал байхгүй. Тиймээс иргэдийн амьдралд дарамт болохгүй байх.

-Та бүхний санал болгож байгаа 1050 төгрөг гэдэг хэр бодитой үнэ вэ?

-Энэ бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Сүүний нэгдсэн холбоо хамтран бараг хоёр жилийн хугацаанд тооцоо хийж байж гаргасан тоо юм. Малчдаас ирж байгаа сүүний жилийн дундаж үнэ 525 төгрөг байдаг. Гэтэл малчид үхрээ жилийн 200-220 хоногт нь тэжээдэг. Ингэж тэжээж байгаа үхрийн өөрийн өртөг нь өдөрт 763 төгрөгийн зардал шаарддаг. Ер нь бол малчдаас сүүг нь бүрэн аваад байх юм бол 3-4 жилийн дотор сүүний хэрэглээний 80-90 хувийг бид өөрсдөө бүрэн хангах боломжтой гэсэн судалгааг ч гаргасан. Сүүний үнийг 1050 төгрөг болгосноор фермерүүд өөрсдийгөө ч, өрөөлийг ч аваад явчихна гэж бид үзэж байгаа.    

Т.ДАРХАН



 

1 comments:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete