Sunday, June 9, 2013

Батаарын музейг үнэгүй үзүүлж байна

Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатарын талбай дахь "Үлэг гүрвэлийн түр музей" нээлтээ хийж, 70 сая жилийн тэртээ Монголын газар нутагт амьдарч байсан түүхийн үнэт өв Тироннававр Батаарыг олны хүртээл болгосон юм. Уг музей ирэх есдүгээр сарын 15 хүртэл ажиллах ба үзмэрийг эхний нэг сарын хугацаанд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм. Харин ирэх сараас насанд хүрэгчид 1000, хүүхэд 500 төгрөгөөр үлэг гүрвэлийн олдворыг үзэж сонирхох боломжтой хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Үлэг гүрвэлийн түр музейд Тироннозавр Батаарын араг яс болон түүнтэй хамааралтай бүхий л бичиг баримт, түүхийг шилэн хоргонд дэлгэн харуулсан байгаа юм. Үзвэрийн танхимын голд  Тироннозавр Батаарын олдворыг байрлуулсан бөгөөд зүүн талд нь Батаарыг анх АНУ-д дуудлагаар худалдах гэж буй тухай мэдээлэл гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх бүхий л үйл явдлыг өгүүлсэн баримтуудыг дэлгэсэн байв. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сарын эхээр Нью-Йорк хотноо түүнийг дуудлага худалдаанд оруулахаар "Heritage Auctions"-аас бэлтгэсэн Батаарын талаарх гэрэл зургийн каталоги, дуудлага худалдаагаар худалдах тухай анхлан мэдээлсэн сонин, өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Ц.Оюунгэрэл сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэдэгдэж, Ерөнхийлөгчийн АНУ руу Батаарын асуудлын талаар хандан бичсэн захидал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны АНУ руу илгээсэн захидал, өнгөрсөн оны зургадугаар сарын 5-нд олон улсын мэргэжлийн палентеологичдоор энэ олдвор Монголынх мөн гэдгийг баталгаажуулж, АНУ-ын шүүхэд гаргасан албан бичиг, захидлууд багтжээ.

Мөн Т-Батаарыг анх АНУ-д дуудлага худалдаагаар орох гэж байх үеэс эхлэн Монголд авчрах хүртэл бүхий л шатанд ажилласан палеонтологич М.Болорцэцэг Батаарын дуудлага худалдааны талаар бичсэн мэдээлэл,  Батаарыг АНУ-ын шүүхээс "Heritage Auctions"-оос хурааж авсан шүүхийн шийдвэр,  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Флоридагийн эртний олдворын наймаачин Эрик Прокопиг шүүхээс буруутай хэмээн тогтоосныг Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэл, мэдээллийнхэнд мэдээлж байгаа үйл явдлын гэрэл зураг, Батаарын дуулиан эхэлснээс яг нэг жилийн дараа буюу 2013 оны тавдугаар сарын 6-нд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар АНУ-ыг зорьж, Батаарыг хүлээн авч буй үеийн гэрэл зураг, улмаар олдворыг Монгол руу явуулахаар мэргэжлийн хүмүүс боож, баглаж буй зураг гээд Батаартай холбоотой бүхий л түүхийг үзүүлжээ.

Харин үзвэрийн танхимын баруун талын хананд Батаарын араас тун удахгүй эх орондоо ирэх  зургаан төрлийн динозаврын 22 олдвор, мөн Монголд байгаа олдворуудыг хамтатган дэлгэсэн байлаа. Тироннозавр, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг болон хуягт, махчин, өвсөн тэжээлт гээд хэд хэдэн төрлийн үлэг гүрвэлийн олдворыг шилэн хоргонд байршуулжээ.




Г.ДАША


0 comments:

Post a Comment