Sunday, June 9, 2013

Марш тактикийн тэмцээн боллоо

Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв (Зэвсэгт хүчний 311 дүгээр анги)-д 2013 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэдцэргийнхний хүрээнд Зэвсэгт хүчний олимп гэгддэг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан 2013 оны марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн 5 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн марш тактикийн тэмцээнд эмэгтэйчүүдийн тасаг өргөн хүрээтэй оролцсон нь өмнөх жилүүдээс онцлог байв.


Марш тактикийн тэмцээний хаалтынажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дэд дарга, хошуучгенерал Б.Баярмагнай, Ажиллагааны Удирдлагын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, ТЕГ-ын дарга Б.Ариунсан, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдорж болон БХЯ, ЗХЖШ, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, шүүгчид, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн захирагч, орлогч нар, тэмцээнд оролцож буй байгууллагуудын захирагч /дарга/, орлогч нар, баг, тамирчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов.

Хоёр жил тутамд 1 удаа зохион байгуулагддагЗэвсэгт хүчний марш тактикийн тэмцээн нь Зэвсэгт хүчинд алба хаагчдынхөдөлмөр, түүний үр шимийг бие бүрэлдэхүүнд ойлгуулж, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өвтэгш, аливаа бэрхшээлийг даван туулах, өөрийгөө ухамсартайгаар эзэмдэн захирах чадварыг эзэмшүүлдэг, цэргийн сургалт, бэлтгэлийн чанар, үр дүнг бодитойгоор илтгэн харуулдаг томоохон сорилт, шалгуур болдог.

Энэ жилийн тэмцээний Байнгын бүрэлдэхүүний төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн баг, тамирчид 1 дүгээр байр, ОБЕГ-ын баг тамирчид 2 дугаар байр, ТЕГ-ын баг тамирчид 3 дугаар байр, Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлд Зэвсэгт хүчний салааны багууд 1, 2 дугаар байр, Дотоодын цэргийн салаа 3 дугаар байр, Эмэгтэйчүүдийн төрөлд Зэвсэгт хүчний БХИС-ийн эмэгтэйчүүдийн тасаг 1 дүгээр байр, 311 дүгээр ангийн эмэгтэйчүүдийн 1 дүгээр тасаг 2 дугаар байр, Хилийн цэргийн 1 дүгээр тасаг 3 дугаар байрыг тус тус эзлэв.

Тэмцээн өндөрлөж түрүүлсэн баг, тамирчдад шагнал гардуулах үеэр тэнгэр хангай хураараа мялааж, удалгүй нар гийсэн нь байгаль дэлхий хүртэл баяр хүргэж байна уу гэмээр сэтгэгдэл төрүүлж байлаа.

Тэмцээний хаалтын үеэрМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ "Эрхэм генерал, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид аа.

Монголын тулгар төрийн 2222 жилийн түүхэн ойн босгон дээр 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцохоор Зэвсэгт хүчин болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын мянга мянган алба хаагчдын зориг тэвчээр, тэсвэр хатуужил, золбоо хийморийн түүчээ болон шалгарч ирсэн Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Жил жилийн хаварцэргийн байгууллагуудын хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн марш тактикийн тэмцээнийг 2007 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор явуулах болсноор түүнд зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид оролцлох болж тэмцээний нэр хүнд, цар хүрээ өсч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хугацаат цэргийн албаны онцлог, цэрэг хүний тэсвэр хатуужлыг биеэр амсч мэдэрсэн, эх орондоо тангараг өргөсөн цэрэг эрийн хувьд энэхүү марш тактикийн тэмцээний ач холбогдлыг уралдах, өрсөлдөх гэхээсээ илүүтэйгээр Зэвсэгт хүчин, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан суралцах, мэдлэг туршлагаа хуваалцах боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаагаар авч үзвэл зохилтой гэснийг Та нөхдөд уламжлахад таатай байна.

Эдүгээ энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон Дотоодын цэргийн анги нэгтгэлүүд хамтран үүрэг гүйцэтгэх болсон нь өнөөдрийн та бүхний оролцож буй энэхүү тэмцээний үр дүнгийн нэгэн илэрхийлэл юм.

Зэвсэгт хүчин, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг чадваржуулах зорилтыг хангахад Та бүхний мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил, эр зориг, авхаалж самбаа, салааны жигдрэл чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцсон нийт баг, тамирчидад дахин баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе" гэлээ.

Монгол цэргийн сүр, хүч улам бүр бадарч байх болтугай.

Тавантолгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв
Зэвсэгт хүчний 311 дүгээр анги
2013.06.09

0 comments:

Post a Comment