Monday, May 27, 2013

Хүчирхийллийн эсрэг нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ

Хүчирхийллийн эсрэг нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 05 сарын 27-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НЗЦГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал  "Нийслэл хотод 2013 оны 05 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд  2710 офицер, 2313 цагдаа, 448 автомашинтайгаар 1328 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ өдрүүдэд  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 16755 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 569 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 4254 нэгж буюу 20.2 хувиар, гэмт хэрэг 132 нэгж буюу 18.8 хувиар буурсан байна" гэж мэдээллээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагууд хамтран ажиллаж цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт ихсэж, бага насны хүүхэд хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа тул онцгой анхааран ажиллах шаардлагатай байна гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаярын мэдээлэлд "Өнгөрсөн  хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт гамшиг ослын 181 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 146 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 35 дуудлага байна. Нийт гамшгийн дуудлагын 146 удаа буюу 81,56 хувьд нь объектын гал түймрийн дуудлага эзлэж байгаагаас  70 удаа буюу  47,9 хувь нь  гэр хороололд, 76 удаа буюу 52,1 хувь нь орон сууцанд гарсан байна" гэж дурдлаа.

Харин нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан " Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам тээврийн хэргийн шинжтэй 182 дуудлага ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1,1%-иар, 187 ослын гаралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4,4%-иар нэмэгдсэн үзүүлэлт байгаа бол зам тээврийн ослоос 190 хүн гэмтсэн байна" гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. "Өрх бүрт-нэг гулууз" өргөтгөсөн худалдааг зохион байгуулж нийт 219.8 тн нөөцийн махыг  Хан-Уул дүүрэг - Мишээл экспо, Баянгол дүүрэг - Смарт төв, Баянзүрх дүүрэг - Оргил худалдааны төв, Скай их дэлгүүр, Сүхбаатар дүүрэг - Бүрд зах, Сонгинохайрхан  дүүрэг "Шөнийн зах", "Гүнгэрваа"  худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулжээ. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зохион байгуулах худалдаа үйлчилгээний ажлын төлөвлөгөө, зарцуулагдах төсөв зардлын тооцоог боловсруулан "Үндэсний баяр наадмыг зохион байгуулах салбар хороо"-нд хүргүүлжээ. Мөн Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засварын ажлыг хийх үүрэг даалгаврыг  Нарны хээ ХХК өгч, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн бол Энхтайваны өргөн чөлөө, Самбуу, Сөүл, Жуулчны гудамжуудад явган замыг шинэчлэх, сул шороон хөрсийг хатуу хучилттай болгох ажил хийгдэж байна. 400 гаруй цэцэрлэгчид, 40 орчим мэргэжлийн байгууллагууд нийтийн эзэмшлийн 68 гудамж, талбайд мод, сөөг шохойдох, бордох, усалгаа хийх, нөхөн тарих гэх мэт ногоон байгууламжийн арчилгааны ажлуудыг агротехнологийн дагуу хийж байгаа" талаар мэдээллээ.

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Нарантуяа  "Мал, амьтны халдварт боом өвчин оношлогдсон" тухай " 05 сарын 22-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт Яармагийн товчооны цаана "Бат бэх ремикон" ХХК-ний бетон зуурмагийн үйлдвэрийн замын зүүн талд зуун метр орчим газарт 3-4 орчим настай эвэртэй алаг үнээ үхсэн гэх дуудлагын дагуу холбогдох улсын байцаагчид очиж, үхсэн үхрийн хамраас гарсан цуснаас дээж аван шинжлэхэд, сөрөг гарсан. Үхсэн үхэр боомын голомтод үхсэн учраас хол тээвэрлэлгүй тэр орчмын товгор газрыг сонгон 3 метрын гүн ухаж хүүрийг шатааж, хлорын шохой үелүүлэн цацаж булж, өвчин гарсан айлын орчим хорио цээрийн бүс тогтоожээ. Голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна " гэж мэдээлэл өглөө.

Энэ үеэр нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг удирдан явуулсан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа "Өнгөрсөн амралтын өдөр "Монгол цэргийн жавхаа" анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан НЗДТГ, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарт талархал илэрхийлэе, Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн, залуу хойч үе  монгол цэрэг эрчүүдээрээ бахархах, үлгэр дуурайлал үзүүлэн, сурталчлан таниулсан томоохон арга хэмжээ боллоо" гэдгийг онцлоод  ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх асуудлуудаар холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл  ажлыг хангах, ойрын өдрүүдэд Их, дээд сургууль төгсөгчдийн мөнгөн хонхны баяр тохиож байгаа тул оюутан сурагчдын аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг ханган ажиллах, энэ долоо хоногт болох "Олон улсын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбайг засч, тохижуулах, "Авто тээврийн хэрэгслийн албан татвар" хураах ажлын хугацаа дуусч байгаатай холбогдуулан 06 сарын 01-ээс эхлэн албан татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, НЦГ-аас ирүүлсэн саналын дагуу гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд  үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 comments:

Post a Comment