Monday, May 27, 2013

Бүртгэл алдаатай бол 10 хоногийн өмнө засуулаарай

Бүртгэл алдаатай бол 10 хоногийн өмнө засуулаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн  сонгууль ирэх сарын 26-ны өдөр улс даяар болно. Сонгуулийн өмнө ёс мэт сөхөгддөг асуудлын нэг нь сонгогчдын бүртгэл байдаг. Урьд өмнөх шат шатны сонгуулийн өмнө бүртгэлгүй сонгогч саналаа өглөө, бүртгэлээс хууль бусаар хаслаа гэсэн гомдол байнга гарч байв. Тэр бүү хэл талийгаач саналаа өгчихсөн  тохиолдол бий. Тиймээс энэ удаагийн сонгуулийг сонгогчийн бүртгэлтэй холбоотой элдэв зөрчилгүй явуулах үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлийг өөрийн вэбсайтдаа байрлуулжээ. УБЕГ-ын www.burtgel.mn цахим хуудаст байрлуулсан мэдээллээс харахад улсын хэмжээнд  сонгууль өгөх насны  1,896,382  иргэн байдаг юм байна.  Эдгээр cонгогчид өөрийн бүртгэлийн үнэн зөв эсэх талаар болон  аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх байршлын талаарх мэдээллийг дээрх цахим хуудаснаас авч болох ажээ.  Ингэхийн тулд www.burtgel.mn цахим хаягаар орж нүүрэн хэсэгт байрлах  "Ерөнхийлөгчийн сонгууль 2013" цонхны "энд дарна уу" гэсэн хэсгийг даран нэвтэрч ороод регистрийн дугаараа оруулах юм. Ингэснээр зөвхөн өөрт хамааралтай мэдээлэлтэй танилцах боломжтойг бүртгэлийн мэргэжилтнүүд хэлж байна.  Хэрэв таны хувийн мэдээлэл зөв бол "баталгаажуулах" зөрүүтэй  бол "мэдэгдэх" хэсгийг дарна. Таны  болон таны  гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртэгдсэн байвал санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгуулах талаар оршин суугаа харъяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт бичгээр гомдол гаргах учиртай юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  1890 утсанд холбогдон авч бас болох юм.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment