Sunday, May 26, 2013

Алдарсан эрх чөлөө

Эрх чөлөө... Та энэ үгний жинхэнэ утгыг мэдэх үү. Харин бид эрх чөлөө гэж  юу байдгийг жинхэнэ сэтгэл зүрх, бие мах бодидоо шингэтэл ойлгосон, бас ойлгодоггүй хэсэг хүмүүсийн дунд нэг өдрийг өнгөрүүлэхээр Чойр хот дахь хорих 425-р ангийг зорилоо. Тус хорих ангийн удирдлагууд өнгөрсөн бямба гаригт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан юм.

Хүлээсэн мөч, урт зам


Өглөөний 07.00 цаг. Офицерүүдийн ордны автобусны буудал дээр хүүгээ, дүүгээ, ханиа, аавыгаа, ахтайгаа уулзахаар Чойр хотыг зорих ар гэрийнхэн нь зогсоно. 07.00 цагт хөдлөх хуваарьтай автобус 06.45 гэхэд аль хэдийнэ дүүрчихсэн байв. Цагтаа уралдан гүйлдэх ч автобус хэдийнэ дүүрсэн учраас автобусанд багтчих санаатай жолоочийг царайчилна. Хижээл насны эмэгтэй "Зорилго нэгтэй хүмүүс багтахаараа чихээд явъя" гэсэн санал гаргаснаар бүгд л болох бүтэхээрээ багтаад авчихлаа. Нэг ч хүн үлдээлгүй хүлээж байгаад 07.45 гээд Чойрын зүг дүүрэн зорчигчтой гурван автобус хөдлөв. Чихцэлдээд, давчуу байсан ч хэн ч хэцүү байна гэсэнгүй, хүрэх цагаа хүлээнэ. Манай автобусанд 10 настай цовоо сэргэлэн гэмээр нэгэн охин замын уртыг гайхна. Охины "Ээж ээ, би аавыг танина" гэх үг автобус доторхи олныг сэтгэлийг үймрүүлчихэв. Бүгд цаг хүлээж, очих болж байна уу, одоо хэр удаан явах вэ гэх мэтээр жолоочийг шалгаана. Багахангай дүүрэг өнгөрөөд явж байтал дугуй хагарчихлаа. Автобусанд суусан эрчүүд буугаад, хамтарч байгаад л төвөггүй дугуйгаа сольж, цааш хөдлөв. Дөрвөн цагийн турш давхисаар бид Чойрын хорих 425-р ангийн барааг харав. Орчинд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнуудын байрнаас өөр барилга үл харагдана. Уулзаагүй удсан хүмүүст дөрвөн цаг маш их хугацаа байсан бололтой, бүгд л ашгүй нэг ирэв үү гэсээр хорих анги руу нэвтрэхээр дугаарлан зогсов.

Нулимстай  уулзалт


11.10 цаг. Өндөр блокон ханатай, өргөст төмрөөр халхлагдсан хорих анги. Тэнд хүмүүжиж буй эр нөхөр, эрхэм найз, энхрий хүү, ах, дүүтэйгээ уулзахаар ар гэрийнхэн нь урт дараалал үүсгэн зогсов. Харгалзагч нар гар утас, цэнэглэгч гэх мэтийн эд зүйлсийг нь хураах. Учир нь хорих ангид эдгээр зүйлс бүгд хориотой болохоор. Харгалзагчийн шалгуурт саатсан хүмүүс гурван давхар төмөр хаалгаар дамжин орно. Хүний мөрөөсөл болсон хүмүүжигчид хаалган дээр овоорно. Хүлээхийн зовлонг бие сэтгэлээрээ амсч буй энэ уулзалт мэдээж нулимстай. Магад сэтгэлээ дэвтээх ганцхан зүйл нь нулимс ч байж болох. Эрх чөлөөгөө төмөр сараалжин дотор хязгаарлуулж, өдрийн нарыг тоотой хардаг болохоор эр хүн ч нулимсаа нуудаггүй ажээ. Хаалттай эрх чөлөөгөө түрхэн зуур мартаж, гэр бүлийнхэнтэйгээ уулзах нь тэдэнд юу, юунаас илүү эрхэм зүйл. Эхэр татаж, ханиа тэвэрч, аав, ижийдээ үнсүүлэх эдгээр эрс ч хүн. Тэд бидний л адил. Гагцхүү алдаж, онож, хэн хүний зорихыг хүсээд байдаггүй энэ газрын хаалгыг татсанаараа л ялгарна.

Гэнэт автобус дотор "Би аавыгаа танина" хэмээн цовоо сэргэлэн ярьж явсан охиныг санав. Нээлттэй хаалганы өдрөөр тус хорих ангид хүмүүжиж буй 430 ялтны ар гэрийнхэн болох 400-гаад хүн ирсэн тул олны дундаас бяцхан охиныг хайгаад олсонгүй. Хэдийнэ 10 нас хүрсэн ч эцгийн энэрэл хайраас хөндий өсч торнин, төрсөн аавыгаа танихтай, үгүйтэй байгаа тэр охины өмнөөс сэтгэл эмтэрч байлаа. "Хорих ангиар ганцаараа хамаагүй явж болохгүй" гэсэн тушаал харгалзагчаас авсан тул нүдээрээ тэр охиныг олны дундаас хайсаар байв.

Гол "ажиллагаа"


Чойр хот дахь хорих 425-р ангийн хувьд жилд нэгээс хоёр удаа Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, хүмүүжигчдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг аж. Хамгийн сүүлд өнгөрсөн намар зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалт энэ жилийн хувьд анхных нь байжээ. Хорих ангийн дарга С.Мөнхгэрэл албан ёсоор нээлт хийж, хорих ангийн хүмүүжигчид бяцхан урлагийн тоглолт хийв. Дуулж, бүжиглэж, өөрсдөө  энэ өдрийн арга хэмжээг хөтөлж байсан нь бахархал төрүүлэв. Гэхдээ л гэмт хэрэг хийсэн, чанга дэглэмтэй хорих анги гэдэг нэр нь цаанаа л айдас төрүүлэм.

Нээлттэй өдөрлөгийн гол бэлэг нь олон жил уулзаагүй аав, охин хоёрыг уулзуулах байж. Хорих ангийнхан болон номын сангийн сектор хүмүүжигч Э охиныг нь эрж, хайсны эцэст асрамжийн газарт байдаг гэдгийг нь олж, энэ өдөр уулзуулахаар бүхнийг урьдчилан бэлтгэжээ. Тэнд цугласан хүн бүр нулимсаа тэвчсэнгүй. Гэхдээ л тэд бүгдийн сэтгэлд харуусал, гуниг төрсөн нь лавтай.

Харин тэр охин автобус дотор "Би аавыгаа танина" гэсэн өнөөх охин байлаа. Асрамжийн газрын багшаа "Ээж" хэмээн дууддаг тэр охин. Аавтайгаа 10-аад жил уулзаагүй тэр бяцхан зүрхэндээ үргэлж түүнийг хүлээж, сэтгэлдээ дүрийг нь төсөөлдөг байж. Үнэхээр л энэ өдрийн гэнэтийн бэлэг аав, охин хоёрын тэр уулзалт байлаа.

Нээлтийн ажиллагааны дараа хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид хүмүүжигчдийн ар гэрийхэнтэй нь уулзаж, тэдний ялын хугацаа, цалингийн хэмжээ өөрчлөгдсөн эсэх гээд хариулт нэхсэн асуултад дэлгэрэнгүй тайлбар хийв. Ял эдлэх хугацаанд ногдсон ажил үүргээ сайн биелүүлж буй хүмүүжигчдийн ялаас хоног хасч, цалин урамшуулал олгодог журамтай аж. ШШГЕГ-аас хүмүүжигчдийг нийгэмшүүлэхийн тулд сургалтад хамруулах, мэргэжил олгох ажил өрнүүлдэг гэнэ. Ингэхдээ Чойр хот дахь Уул уурхай, барилгын коллежтэй хамтран ажилладаг юм байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, тэр дундаа "МАК" тус хорихын хүмүүжигчдийг ажиллуулах хүсэлтээ байнга ирүүлдэг гэдгийг Уул уурхай, барилгын коллежийн захирал Г.Энхбат онцолж байсан юм. Тус коллеж жил бүр хорихын 30 хүмүүжигчийг үнэ төлбөргүйгээр сургаж, ажилд зуучилдаг гэнэ. Хорихоос суллагдаж гараад уул уурхайн компанид ажиллаж байгаа хүмүүжигчид ч бий гэдгийг тэд хэлж байсан.

"Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөт хүмүүс"


Чойр хот дахь хорих 425-р ангид долоон жилийн турш ял эдэлж буй, энэ хугацаанд хорих ангийн номын сангин сектороор ажиллаж байгаа Э гэх залуутай хэдэн үг солих боломж гарлаа. Чанга дэглэмтэй хорих анги учраас хүн бүртэй уулзаж, ярилцах боломжгүй гэдгийг хорих ангийн дарга С.Мөнхгэрэл урьдаас хэлж, сануулсан тул бидний яриа богинохон хугацаанд өрнөсөн юм.

Бидний яриа харгалзагч, сэтгэлзүйчийн "хяналттайгаар" өрнөсөн ч тэрээр залууст хандсан үгийг нь заавал дамжуулж өгөхийг хүссэн юм. Төмрийн хаанчлал ноёлсон хэцүү газарт хоригдож байгаа түүний захиасыг уламжилъя. "Энд байгаа бүх хүн хүлээх гэдэг ямар байдгийг мэднэ. Гэр бүлийнхнээсээ хол байх, тэдэнтэйгээ хүссэн үед уулзаж чадахгүй, харж чадахгүй, санаж чадахгүй байх ямар хэцүү гээч. Нэг өдрийн алдаа ямар тамд унагадгийг залуус маань сайн ойлгоосой гэж хүсч байна. Архинаас хол бай, өөрт байгаа тэр сайхан боломж, цаг хугацааг үр дүнтэй ашигла. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөт хүмүүс. Боломжийг битгий алд" гэж. Олон залууст хэлэх үгийг минь дайгаарай гэж чин сэтгэлээсээ хүссэн юм, тэр. Алдсан ч, оносон ч бид эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Тус хорих анги 430 хүмүүжигчтэй. Чанга дэглэмтэй, 3-25 жилийн ял эдэлж буй хүмүүжигчид. Тэдний олонхи нь архинаас болж амьдралаа алдсан гэдгийг нийгмийн ажилтан нь хэлж байсан юм.

Баяртай гэж битгий хэлээч...


16.30. Уулзалтын цаг дуусч, хорих ангийн хонх дуугарна. Салах ёс гүйцэтгэж, бүгд гэрийн зүг гуниг тээнэ. Хураалгасан эд зүйлсээ авч, автобус тийш цувна. Автобус дүүрэн хүмүүс байгаа ч бүгд л гуниг, харууслаа өвөртлөн буцлаа. Харин хүмүүжигчид хэд хоног ярих сонинтой, зургаа харж баярлаж, санасан сэтгэлээ түр ч болов нимгэлэх биз ээ.

Ш.ЧИМЭГ

0 comments:

Post a Comment