Friday, April 19, 2013

“Гишгэх газаргүй хөл” болохгүйн төлөө

Манай улсын хилээр бүхэл бүтэн үлэг гүрвэлийн яс гараад явчихсан байсныг бид нилээд хугацааны дараа олж мэдсэн. Ингэснээр бид эх орны маань түүхэн дурсгалт олдвор, нэн ховор амьтад хууль бусаар хил даван одож байгааг мэдэх шиг болсон. Харин Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2012 онд нийтдээ 4800 орчим гаалийн зөрчил, 55 гэмт хэргийн чанартай үйлдлийг илрүүлсэн гэсэн мэдээллийг өгсөн юм. Энэхүү зөрчил, гэмт хэргийг илрүүлсэнээрээ 480 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин 2013 он гарснаас хойш 20 орчим гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж, харьяалынх нь дагуу цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээр хэргүүдийн дийлэнх нь татвараас зайлсхийх, эд зүйлийг хууль бусаар хил гаргах хэргүүд байдаг байна. Энэ дундаа тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, байгалийн жамаараа өсч үржиж чадахаа байсан нэн ховор амьтадтай холбоотой хэргүүд нилээд гардаг аж.

Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн иргэн Б нь өөрийн унаж явсан суудлын автомашиндаа 550 ширхэг тарваганы арьсыг нууж далдлаад хилээр гарах гэж байжээ. Уг нь бол Байгаль орчины сайдын тушаалаар тарвага агнах, устгах, улсын хилээр гаргахыг хориглосон байдаг. Мөн гуравдугаар сарын 30-ны өдөр Хятад улсын иргэн эрэгтэй Б нь Монгол улсад удаан хугацаагаар амьдарч байгаад Хятадруу гарахдаа галт тэргэнд 272 ширхэг баавгайн соёо авч гарахыг оролджээ. Хүрэн баавгай соёо гэдгийг нь ХААИС-ийн Мал эмнэлэгийн сургуультай хамтран тогтоосон байна. Хамгийн гол нь эдгээр соёонууд шинэ, шинэвтэр, бүр заримынх нь тос гоожиж үнэр орсон байдалтай байсан аж. Хүрэн баавгай нь дээд, доод эрүүндээ нийт дөрвөн соёотой байдаг бөгөөд 70 орчим хүрэн баавгайг алж устгасан байх магадлалтай юм. Хүрэн баавгай бол нэн ховор амьтан бөгөөд улаан номонд орсоноос гадна олон улсын хэмжээнд ховордсон амьтан ургамалыг худалдаалах тухай конвенцид ашиг олох зорилгоор худалдаалахыг хориглосон байдаг байна. Баавгайн соёог хилээр гаргахыг оролдсон энэ үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 175, 188-р заалтыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм. Энэ хэргийг Замын-Үүдийн цагдаагийн газарт эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд манай улсын нутаг дэвсгэрээс алсан баавгай юу, эсвэл өөр орноос дамжин өнгөрч байсан уу гэдгийг тогтоохоор шалгаж байгаа гэнэ. Харин Хятад улсын иргэн Б нь анхны мэдүүлгээрээ эдгээр соёог хувь хүмүүсээс худалдаж авсан хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс түүнд дамжуулан худалдсан хүмүүс нь хэн болох, хууль бус ангийн сүлжээ байгаа эсэхийг тогтоохоор нарийвчилсан шалгалтуудыг хийж байгаа ажээ. Ер нь манай улсын иргэд, гадаадын иргэдтэй хамтран хуйвалдаж улсын хилээр хууль бусаар хөлдүү чоно, тарвага, үнэг, хярсны арьс, баавгайн савар, буга согооны чив, сүүл, идлэг шонхор зэрэг ховор, нэн ховордсон амьтдын эд эрхтэнийг гаргахыг өвлийн улиралд/муутгахаас сэргийлж/ маш ихээр оролддог байна. Өнгөрсөн болоод энэ онд нийтдээ иймэрхүү гэмт хэргийн шинжтэй зөрчил 40 шахам илэрчээ. Гэтэл эдгээр зөрчилийг илрүүллээ гэхэд ховор, ан амьтан ургамалын хохиролын үнийн дүнг үнэлж тогтоох боломжгүй. Учир нь эдгээр амьтан, ургамалууд тухайн бүс нутагтаа эрс цөөрсөн нэн ховор болохоор мөнгөөр үнэлэхээсээ илүүтэй байгаль орчины зохилдлого, аюулгүй байдлыг бодолцох хэрэгтэй. Ховордож буй амьтдыг нэгэнт устгачих юм бол дараа нь түүнийг өөр улс орноос авч ирж нутагшуулахад асар их хэмжээний хөрөнгө мөнгө гардаг гашуун түүхийг бид мэднэ. Хөрөнгө мөнгө гэхээсээ илүүтэй бид байгалийн жам ёсыг эвдэхгүй байж, үр хойчдоо бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ёстой гэдгээ цаг ямагт ухамсарлаж байх хэрэгтэй. Гэтэл үүнийг бодолцох нь бүү хэл хэд гурван төгрөгний төлөө эх орныхоо нэн ховор амьтдыг устгаж, гадаадынханы гар хөл болдог хууль бус ангийн бүлэг, сүлжээ байхыг үгүйсгэхгүй.

Яруу найрагч О.Дашбалбар агсны "Эх орноо зарж дууссаныхаа дараа та гишгэх газаргүй хөл болно" хэмээсэн үгийг өнөөгийн бид үргэлж санах хэрэгтэй болжээ. Учир нь энэ янзаараа удаан үргэлжилвэл "гишгэх газаргүй хөл" болох гашуун ирээдүй биднийг хүлээж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

0 comments:

Post a Comment