Friday, April 19, 2013

Т.Билэгт нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Т.Билэгт нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлэн өдгөө Улсын хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжилж эхэлжээ. Тодруулбал, Н.Энхбарын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга Т.Билэгт нарыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл Олон улсын цагдаагийн газар буюу Интерполын цахим хуудсанд тавигдсан байна. 

Гурван шатны шүүхээс Н.Энхбаярыг бусадтай бүлэглэн, хууль бусаар "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан "Эскон" компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн. Тухайн үед Н.Энхбаяр өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр 2012 онд "Эксон" гэх компанийг  шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдахыг оролдсон байдаг. Түүнчлэн Н.Энхбаяр "Өргөө" зочид буудлыг Б.Хуягын "Хар дун" компанид  шилжүүлсэнтэй холбогдуулан энэ хоёр хүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн.

Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хууль бус хувьчлалд ихээхэн дэмжлэг үзүүлж, шийдвэр гарган оролцсон хэрэгт сэжигтнээр татаад байгаа.

Сануулахад, Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сэжигтнээр татан, Интерполын байгууллагатай хамтран өнгөрсөн 2012 оны аравдугаар сараас эхлэн эрэн сурвалжилж байсан юм. Гэвч Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяны захидлаас үүдэн дээрх хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагааг түр зогсоогоод байсан юм.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment