Thursday, March 21, 2013

"ZTE" хэнд авлига өгчихөв?

Гадны хэвлэлүүд харилцаа холбооны техник, технологи үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг "ZTE" корпорацийн монгол дахь салбарын удирдлагуудыг АТГ-аас баривчилсан хэмээн мэдээлэх болсон. Энэ хэргийг судалсны эцэст "ZTE" гэж ямар байгууллага вэ, яаж монголд ирсэн, ямар хэрэгт холбогдсон зэрэг тоймтой мэдээллүүдийг хүргэе.

ZTE монголд хэзээ, яаж орж ирэв?

2004  онд анх монголд төлөөлөгчийн газраа нээсэн ZTE компани нь одоо нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, "Жи мобайл" компаний байрны дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Есөн жилийн өмнө үүрэн телефоны оператор "Skytel" компанитай хамтран СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд Монголын зах зээлд анх орж ирэхдээ Засгийн газарт хоёр сая долларын бэлэг өгч, 300 сая долларын тендер авч байсан нь багагүй хэл ам дагуулж байв. Тухайн үед Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын дарга байсан Ч.Сайханбилэг "ZTE"-ийн төхөөрөмжийг тавьснаар хувийн хэвшлийнхэнд ашигтай хувилбар байсан учраас дэмжсэн хэмээх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч байсан юм.

ZTE-ээс дэлхий яагаад татгалзав?

ZTE дэлхийд авлигал, татвар, нууц мэдээлэл чагнадаг хэргээрээ алдаршжээ. Хятадын төрийн өмчид 51 хувь нь байдаг "ZTE" компани дэлхийд салбартаа үйл ажиллагааны цар хүрээгээр тавдугаарт жагсдаг хэдий ч нэр хүндээрээ хойноосоо нэгд жагсах аж.

Мэдээлэл чагнаж, хяналт тогтоодог: Энэ компани нь дэлхийн хэд хэдэн оронд харилцаа холбооны төхрөөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон ZTE хэмээх компаниуд жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ. Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой. HUAWEI компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрч байсан удаатай. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд  хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурьдсан байна. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд "ZTE"-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байсан. Жилд 20 миллиард долларын гүйлгээ хийж хэдэн миллиард долларын ашигтай ажилладаг Хятадын HUAWEI, ZTE компаниудын бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөөс дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн аж.

Авлигын хэргүүд: Хөгжингүй орнууд тус компаний бузар булхайгаас зугтааж бүтээгдэхүүнийг нь ашиглахыг хориглосон. Тэгсэн хэрнээ яагаад дэлхийд тавдугаарт бичигдэж бизнесээ амжилттай явуулж байна гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол хөгжиж буй орнуудын эрх мэдэлтнүүдэд авлига өгч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм. Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авлигал өгсөн нь ч мөн олон удаа илэрч байв. Энэ хэргээр Филиппиний ерөнхийлөгч ч суудлаасаа огцорч байв.
Татвар: Мөн татвараа нуун дарагдуулсан, үүнийгээ мөн л авлигал өгч зохицуулах гэсэн хэргүүдийг цөөнгүй дурдаж болно.

imagesМанайд "ZTE" ямар аюул учруулсан бэ?

Татвар: УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг МШХХГ-ын даргаар ажиллаж байх үед дээрх компани 15 сая ам.долларын орлогоо татвараас нуун дарагдуулсан нь шүүхээр нотлогдсон. Ам яриагаар өнөөдрийг хүртэл "ZTE" хууль зөрчсөн торгуулиа төлөөгүй байгаа гэдэг.

Нууц ба нууц бус мэдээлэл: Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Skynet, Mobinet, Majicnet, Citinet, Micom компаниуд бүгд БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг. "ZTE"-ийн төхөөрөмжийг "Skytel", "G-Mobile" гэсэн хоёр үүрэн телефоны оператор байнга ашиглаж байна. "ZTE" цаашид Монголд төрийн томоохон төсөл хэрэгжүүлэх алхмаа хийж байгаа гэгдэж буй. Эдгээрээс дүгнэхэд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл тун өндөр байна. Хөгжингүй орнууд татгалзах гол шалтгаан болсон өнөө нууц чипүүдээрээ энгийн иргэдэээс эхлээд төрийн эрх мэдэлтнүүдийн нууцыг чагнаж болохыг хэн ч үгүйгэхгүй. 

"ZTE" корпорацийн удирдлагууд Монголд авлигын хэргээр баривчлагдлаа. Тэгвэл хэн нэгэн нь авлига авсан л байж таарна.

"Techinasia" сайтын мэдээлснээр "ZTE" корпорацийн гүйцэтгэх захирлуудыг Монголын үндэсний боловсрол гэгч цахим хөтөлбөртэй хамааралтай авлигын хэрэгт сэжиглэн хорьжээ гэв.

Харин "Itxinwen" сайтад "Монголын АТГ-ын албан хаагчид "ZTE" корпорацийн оффис, менежерүүдийн гэр, автомашин, гаражид нэгжлэг хийгээд цахим боловсрол төслийн бичиг, баримтнаас авилга өгсөн гэх нотлох баримтыг олж илрүүлжээ" гэжээ.

2006 онд л лав Монгол дахь  "ZTE" корпорацийн гүйцэтгэх захирлаар Зао Южия гэх хүн ажиллаж байжээ. Одоо чухам хэн байгаа вэ?

АТГ монгол дахь салбарын гүйцэтгэх захирлуудыг авлига өгсөн хэргээр баривчилсан. Тэгвэл Монголын талаас хэн нэгэн нь авлига авсан л байж таарна. Хэн байж болох вэ?

Эдгээр асуултад хариу олохын тулд цахим боловсрол хөтөлбөрийн талаар мэдээлэл хайлаа. Ирээдүйд хэрэгжих хөтблөрийн талаарх мэдээлэл огтхон ч байсангүй. Харин ойролцоо нэртэй ганц хөтөлбөр хэрэгжсэн нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас "Цахим Монгол" үндэсний хөтөлбөрийн 2007-2012 онд хэрэгжүүлэхээр баталжээ. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологийг бүтээлчээр нэвтрүүлэх, төрийн удирдлагын үр нөлөө, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийн найдвартай тогтолцоо бий болгох, мэдээлэлжсэн нийгмийг байгуулах, мэдээлэлжүүлэлтийн хоцрогдлыг багасгах, МХХТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээлэл хүртэх тэгш бус байдал, тоон ялгааг арилгах, эрх зүйн тааламжтай орчинг бүрдүүлэх шаардлага санаачилсан хөтөлбөрт лав л 134 384 000 000 төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэжээ.

0 comments:

Post a Comment