Thursday, March 21, 2013

Тэмдэглэлт өдөр

Өнөөдөр гуравдугаар сарын 22. Энэ өдрийг тодотгодог хамгийн гол үйл явдал бол Монгол хүн сансарт ниссэн өдөр. Өнөөдрөөс  32  жилийн өмнө Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа  ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар  хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас "Союз-39" хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.Ийн эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг "Сансрын нисгэгч" гэдэг бусадтай ижилгүй тодотгол дагадаг төдийгүй Монгол Улс баатар цолоороо өргөмжилсөн юм.

Наурызын баярын өдөр. Эртнээс уламжлагдаж ирсэн хаврын баяр, нарны баярыг манай улсын алс баруун хязгаар нутаг Баян-Өлгиий аймгийн казах үндэстнүүд тэмдэглэдэг.  "Наурыз" гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигдсжэн байдаг ч  энэ баяр дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой. Энэ жилийн хувьд казах үндэстнүүд зөвхөн Баян-Өлгийдөө тэмдэглээд зогсохгүй нийслэлийнхээ төв талбайд үндэсний гэр барин төр засгийн тэргүүнүүднн өөрсдийн уламжлалт хоол, идээ цагаагаар дайлсны сацуу уран гартнууд нь үзэсгэлэн худалдаа гаргалаа.

Дэлхийн усны өдөр. НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг  Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж,  албан ёсоор 1993 оноос тэмдэглэж эхэлжээ. Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилго бүхий НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, манай улс 2005 оноос хойш "Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэх болжээ. . Энэ жилийн хувьд "Дэлхийн усны өдөр"-ийг угтан  Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас  хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн "Усны дэвшилтэт техник, технологи" сэдэвт үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн нээлт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр үргэлжилнэ.

-Жил жилийн гурав, есдүгээр  сарын 22-ны өдрүүдэд өдөр шөнө тэнцдэг. Харин арванхоёрдугаар сарын  22-нд шөнө нь урт, өдөр нь богино байдаг бол зургадугаар сарын 22-нд эсрэгээрээ буюу хамгийн урт өдөр хамгийн богино шөнө болдог.

Д.ЦЭЭНЭ

0 comments:

Post a Comment