"Нарантуул"-ын удирдлагууд наймаачдыг дарамталжээ

"Нарантуул" худалдааны төвийн захиргаа өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхлэн саравчинд худалдаа эрхэлдэг түрээслэгчиддээ нэг бүр нь 420 мянган төгрөгийн үнэтэй төмөр авдар шахсан. Одоогийн байдлаар 500 гаруй түрээслэгч ийм төмөр авдар худалдаж авсан байна. Ингэхдээ зарим түрээслэгч худалдаж буй барааны хэмжээнээс шалтгаалж 2-3 гурван ийм авдар авчээ. Өөрөөр хэлбэл нэг хүн дунджаар нэг сая орчим төгрөгийг төмөр авдар авахад зарцуулсан байна. Энэ нь өнөө маргаашийнхаа түрээсийн мөнгөнд санаа зовж яваа түрээслэгчдэд дарамт болж байгаа аж. "Нарантуул" худалдааны төвийн байцаагчид "Түрээслэгчид өдөр бүр бараагаа ийш тийш нь зөөж байхаар нэг ийм төмөр авдартай болчихвол амар шүү дээ. Тэгээд ч том авдар ийш тийш нь чирч гулдрахаас болж захын зам талбай эвдэрч сүйддэг байсан" гэлээ.
Тус худалдааны төвийн захиргаа түрээслэгчдэд төмөр авдар зарж эхлэхэд цөөнгүй хүн эсэргүүцсэн байна. Зарим хүн тус захын зарж байгаа авдрыг хэтэрхий үнэтэй байна гэж үзээд өөрсдөө төмөр авдар авчирсан боловч түүнийг нь оруулаагүй аж. Захын захиргааныхан үүнийгээ "Нэгдсэн журмаар авдар хийж байхад эсэргүүцчихээд дараа нь өөрсдөө дур мэдэн янз бүрийн стандартын бус авдар авчирсан. Энэ худалдааны төв өөрийн гэсэн захиргаа, дүрэм журамтай учраас энэ дагуу л ажиллах ёстой" гэв.
Ямар ч байсан хэл ам, хэрүүл тэмцэл болсны эцэст олон хүн тэр төмөр авдрыг нь худалдаж авсан байна. Гэтэл өнгөрсөн сараас эхлэн төмөр авдар худалдаж авсан хүмүүсээс сар бүр 30 мянган төгрөгийн татвар нэмж авахаар болжээ. 400 гаруй мянган төгрөгөөр төмөр авдар аваад үүнийхээ төлөө сар бүр 30 мянган төгрөг төлөх нь түрээслэгчдэд хүнд байгаа гэнэ. Тус худалдааны төвд арав гаруй жил ажиллаж байгаа нэгэн түрээслэгч "Анх авдар шахаж эхлэхээр нь бид эсэргүүцсэн юм. Та нар ингэж болохгүй гээд орохоор тэгвэл өөр түрээс өндөртэй дэлгүүрийнхээ лангууг түрээслээд яв гэдэг. Манай захыг чөлөөлөөд өг гэж хүртэл дарамтална. Бид энд насаараа амьжиргаагаа залгуулж байна. Ядаж та нар 20 мянга болгож багасгаач гэж хэлэхээр явж болно шүү л гэж хэлдэг" гэв.
Түрээслэгчид өмнө нь бараагаа модон авдарт хийн аль нэг чингэлэгт хадгалдаг байсан. Тэд чингэлэгт бараагаа хадгалуулсны төлөө сард 35 мянган төгрөг төлдөг байсан гэнэ. Мөн бараагаа ийм тийш чирээд явахгүй амар болсон байна. Түрээслэгчид "Сар бүр 30 мянган төгрөгийг төмөр авдрын түрээс гэж гэж авч байгаа нь шударга биш. Бид энэ авдрыг өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авсан шүү дээ. Зуун айлд очоод ийм хэмжээний төмөр авдар хийлгэхээр бол 220 орчим мянган төгрөгөөр гарч байгаа гэсэн. Гэтэл бидэнд 420 мянган төгрөгөөр шахчихаад сонин хэвлэлүүдээр 70 мянган төгрөгөөр зарж байгаа гэж мэдээлсэн байна билээ. Үүнийг нь хэлэхээр бас л боливол боль гэдэг" хэмээн учирлав.
ШӨХТГ-аас томоохон худалдааны төв, захуудад орохын тулд 50 төгрөг хураадаг байсныг болиулсан. Тэгвэл зарим түрээслэгч үйлчлүүлэгчдээс авахаа байсан хураамжаа тэднээс суутган авч байгаа тухай ч мөн ярив. Мөн түрээслэгчид энэ мэтчилэн өөрсдөд нь тохиолдож буй асуудлаа энд тэнд очоод ярих боломжгүй байдаг гэнэ. Учир нь тэднийг мөн л хөөж туудаг аж.
Түрээслэгчдээс сар бүр 30 мянган төгрөг авч байгаагийн учир нь харуул хамгаалалт болон цахилгааны мөнгөнд зарцуулдаг гэж тайлбарлаж байгаа. 500 авдрын 30 мянган төгрөг гэхээр сард 15 сая төгрөг болно. Энэ мөнгийг бүгдийг нь харуул хамгаалалт болон цахилгааны мөнгөнд зарцуулдаг гэдэг нь юу л бол. Захын түрээслэгчид төмөр авдартай болсноос хойш хэд хэдэн хүний бараа алга болсон гэнэ. Мөн захын удирдлагууд алга болсон зүйлийн хариуцлагыг хүлээхгүй гэдэг байна.
Тус худалдааны төвийн Хяналт зохион байгуулалтын албаны дарга Д.Нарантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Нарантуул худалдааны төвийн захиргаанаас түрээслэгчиддээ төмөр авдар зарсан нь багагүй хэл ам дагуулж байх шиг байна?
-Модон авдарт бараагаа хадгалах нь өдөр бүр зөөхөөс эхлээд түвэгтэй байдаг. Түрээслэгчдээс бараагаа төмөр хайрцагт хадгалж байя гэдэг хүсэлт гарч бид дэмжээд энэ ажлыг зохион байгуулсан юм. Ингээд нэг үйлдвэртэй гэрээ байгуулж авдраа захиалж эхлээд байтал хэсэг хүн мөнгө байхгүй гэх мэт элдэв шалтгаан хэлээд эсэргүүцсэн. Бид үлдсэн хүмүүст авдрыг нь захиалж хийлгээд дуусчихсан байтал нөгөө эсэргүүцсэн хүмүүс чинь авдар хийлгэе гээд хүрээд ирсэн. Харин үйлдвэр нь цөөн авдар хийхгүй гэсэн учраас тэд төмөр авдар авч чадаагүй хоцорсон юм. Гэтэл нөгөө хүмүүс чинь өөрсдөө стандартын бус авдар хийлгээд ирсэн. Тэр авдар нь амархан эвдэрч хэмхэрч магадгүй учраас бид гаргасан.
-Төмөр авдар авсан хүмүүсээс сар бүр 30 мянган төгрөг авч байгаа нь ямар учиртай юм бэ?
-Модон авдарт бараа хадгалдаг байхад тээш хадгалдаг чингэлгүүдэд сардаа 100 гаруй мянган төгрөг төлдөг байсан гэсэн. Бидний хувьд анх авдар тавихдаа харуул хамгаалалтын мөнгө заавал авна гэж хэлсэн. Мөн камержуулна. Мөн өдөр шөнөгүй гэрэл асдаг учраас цахилгааны мөнгө авч байна. Аль ч байгууллага гэрэл цахилгаан, харуул хамгаалалт гэх мэт зардлаа түрээсийн мөнгөндөө суутгадаг шүү дээ. Манай байгууллага 10 гаруй жил түрээсээ нэмэлгүй байж байгаад саяхан л 10 мянган төгрөгөөр нэмсэн. 10 жилийн хугацаанд бүх зүйлийн үнэ өссөн. Манайх л хэвэндээ байсан. Түрээслэгчид үүнийг ойлговол ойлгох л хэрэгтэй. Бүгдийг мушгиад байж болохгүй.
-Төмөр авдартай болсноос хойш хэд хэдэн хүний бараа алга болсон гэсэн. Харуул хамгаалалтын мөнгө авдаг мөртлөө алга болсон зүйлийн хариуцлагыг хүлээхгүй гэдэг гэх юм?
-Өнгөрсөн хугацаанд ганц ч хүний юм алга болоогүй. Харин түрээслэгчид өөрсдөө л авдраа түгжилгүй явдгаас болж бараагаа алдах шахсан байсан.
Энэ мэтчилэн "Нарантуул" худалдааны төвийн захиргаа болон түрээслэгчдийн хоорондын маргаан намжихгүй үргэлжилсээр байна. Тус худалдааны төвийн түрээсийн үнэ харьцангуй хямд боловч үүгээрээ түрий барьж түрээслэгчдийг дарамталж болохгүй байх. Хэдийгээр тус төвийн түрээсийн үнэ хямд боловч ажиллах орчны хувьд шаардлага хангахгүй гэдгийг бас бодох хэрэгтэй.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


0 comments:
Post a Comment