Ямар буруутай гэж нэг гэр бүлийн зургаан гишүүнийг амьдаар нь шатаав
Хүргэн нь хадмууддаа уурлаж, өширхсөнөөс болж, амьдаар нь шатаасан гэх мэдээлэл олныг цочирдуулсан. Яагаад нэг гэр бүлийн гишүүдийг амьдаар нь шатаах болов, хүргэн хэнд гомдож, өширхөв, тэдний биеийн байдал ямар байгаа бол... Хариулт нэхсэн энэ олон асуултын хариуг олохоор манай сурвалжлах хэсэг замдаа гарлаа. Гэмт этгээд болон хохирогчид бүгд түлэгдсэн учраас эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж буй. Тиймээс бид эхлээд "Мөнгөн гүүр" эмнэлгийг зорилоо.
Түлэнхийн төвийн барилгыг шинэчлэхээр нураасан тул тэд "Мөнгөн гүүр" эмнэлгийн хоёр, гуравдугаар давхарыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Эмнэлгийн үүдээр орж, зорилгоо хэлэхэд гуравдугаар давхарт орших эрчимт эмчилгээний тасагт гэр бүлийн гишүүд эмчлүүлж байгаа гэв. Лхагва гарагаас хойш хэвлэлийнхэн энэ эмнэлгийн үүдийг амраагаагүй гэнэ. Тиймээс ч эмч нар "Нөгөөх түлэгдсэн гэр бүлийнхэнтэй уулзах гэж явна уу" хэмээн тайлбарлалтгүйгээр зорилгыг маань ойлгочихов. Жижүүр эмэгтэйн зааснаар гуравдугаар давхарт гарлаа. Эрчимт эмчилгээний тасагт гадны хүн орохыг хориглоно хэмээн анхааруулжээ. Түүнчлэн цонхон дээрээ "Түлэгдсэн гэр бүлийн талаар гуравдугаар сарын 21-ний 14.00 цагт нэгдсэн журмаар мэдээлэл өгнө" хэмээх бичиг хадсан байв. Хаана хийхийг нь сувилагч эмэгтэйгээс асуухад "Эмч нар хурлаас гарч ирээд гэмтлийн эмнэлгийн байранд мэдээлэл хийнэ гэсэн.
Тиймээс та нар тийшээ явсан дээр байх" гэв. Эрчимт эмчилгээний тасагт цагдаа нар хамгаалалтад гарчээ. Учир нь гэр бүлийн гишүүдийг шатаасан гэмт хэрэгтэн энд эмчлүүлж байгаа. Цагдаа нараас хэргийн талаар тодруулах гэсэн боловч "Бид мэдэхгүй" гээд халгаасангүй. Харин тус тасгийн сувилагч бүсгүй "эмч нар хуралд орсон болохоор хүлээхээс өөр аргагүй" гэлээ. Эрчимт эмчилгээний тасаг учраас дотогш нэвтрэх эрхгүй тул үүдэнд нь хүлээхээс өөр аргагүй болов. Харин тус тасгийн үүдэнд хэдэн хүн өөр хоорондоо ярих нь өвчтнүүдийн ар гэрээс ирсэн бололтой. Тиймээс ч тэднээс өвчтнүүдийн биеийн байдал болон хэргийн талаар тодруулсан юм. Тасгийн үүдэнд зогсох эмэгтэй түлэгдсэн гэр бүлийн эзэгтэй болох Эрдэнэцэцэгийн дүү нь аж. Тэрбээр "Уржигдраас хойш л сонин, хэвлэлээр эгчийн маань талаар ярилаа. Бүх л телевизээр гарах юм. Суваг солиход л түлэгдсэн эгчийн минь тухай яриад байгаа нь надад таалагдахгүй юм. Сэтгэл эмзэглэж байна" хэмээн нүдэндээ нулимстай зогсоно. Харин түүний дэргэд зогсох хижээл насны эмэгтэй өөрийгөө Б.Мөнгөнцэцэг хэмээн танилцуулаад ийн ярьсан юм.

-Дүү маань нөхөр, дөрвөн хүүхдийн хамтаар ам бүл зургуулаа амьдардаг байсан. Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас нүүж ирээд хоёр жил болж байна. Миний дүүг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Ид хийж, бүтээх, ажиллаж, хөдөлмөрлөх насандаа түлэгдээд, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирчихээд байна. Бид дөнгөж сая орж тэдэнтэй уулзчихаад гарч ирлээ. Биеийн байдал нь маш муу. Амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа нь үнэхээр зүрх шимшрүүлэх юм. Харахаас ч нүд хальтирч байна. Биеийг нь битүү боочихсон, үргэлж өвчин намдаах эм, тариа хэрэглэж байна. Амьд үлдэх эсэх нь ч эргэлзээтэй. Хайран сайхан гэр бүл. Ямар ч буруугүй хэрнээ өнөөдөр эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэлдэж байна. Яасан гэж тэднийг маань амьдаар нь шатаасныг үнэхээр ойлгохгүй юм. Нэг гэр бүл болж, үр хүүхэдтэй болчихоод эхнэр рүүгээ, ямар ч буруугүй хадмууд руугаа бензин цацчихаад, хохь чинь гээд зогсч байсан тэр хүнийг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй юм. Энэ бол эрүүл хүнээс гарахааргүй балмад үйлдэл. Миний дүү Б.Эрдэнэцэцэгийн том охинтой нь н.Наранбаатар гэрлэсэн. Бид хол амьдардаг болохоор тэр бүр яаж байна гээд анхаарал тавьж чаддаггүй юм. Гэтэл ийм хэрэг үйлдчихэж. Үнэхээр харамсч байна.
Гэр бүлийн гишүүдийн хувьд амьд үлдэх магадлал тун бага
Бидний дунд ийм яриа өрнөв. Ийн ярилцаад хоёрдугаар давхар руу буух зуураа өвчтнүүдийг Л.Тулгаа эмч хариуцан эмчилж байгааг олж мэдлээ. Улмаар хүний гавъяат эмч Л.Тулгааг олж уулзах гэж багагүй эрэл сурал хийсний эцэст цахилгаан шатанд таарав. Тэрбээр "Энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх бодолгүй байна. Хүний зовлонг олон нийтэд дэлгэх нь ёсзүйд нийцэхгүй" хэмээн хэсэг цааргалсан ч удтал гуйсны эцэст мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн юм. Улмаар бид зөвхөн өвчтнүүдийн биеийн байдлын талаар ярилцахаар тохиролцоод ширээний ард суулаа.

-Өвчтнүүд хэдэн цагийн үед танай эмнэлэгт хүргэгдэж ирсэн бэ. Одоогийн байдлаар бие нь ямар байна?
-Миний ойлгосноор хүргэн нь хаалгыг нь хөшиж онгойлгоод бензин цацаж шатаасан юм билээ. Харин тэднийг шатаасан гэмт этгээд 40 хувийн түлэгдэлттэй. Гэр бүлийн зургаан гишүүний хувьд бүгд 60-аас дээш хувийн түлэгдэлттэй байгаа. н.Наранбаатар гэгч нь Дашчойнхорын том охин Д.Солонгот-Одтой гэрлэсэн юм билээ. Улмаар тэд хоорондоо маргалдсан байсан бөгөөд тэр орой ирж хэрүүл өдсөн гэсэн. Хэрэлдэж байгаад гарч яваад буцаж ирээд гэрийнх нь хаалгыг хөшиж онгойлгоод бензин цацаж, шатаасан юм билээ. Уг хэрэг шөнийн 03.30 цагт гарсан гэсэн. Харин манай эмнэлэгт үүрээр буюу 05.00 цагт өвчтнүүд хүргэгдэж ирсэн. Бөөн хиншүү, хярвас үнэртсэн долоон хүн л ирсэн. Ирсэн даруйдаа эр, эм нь ч мэдэгдэхгүй, маш их түлэгдэлттэй, үс нь шатаад хуйхлагдчихсан, биеэс нь барих хэсэг үлдээгүй тийм л байдалтай байсан. Ирснээс нь хойш хоёр цагийн дараа л нэр, нас зэргийг нь мэдэж, тодорхойлсон. Одоогийн байдлаар бид дээрх өвчтнүүдийг 4-5 өрөөнд хүйсээр нь ангилж хэвтүүлэн, эмчилж байна. Нэг өвчтнийг нэг эмч хариуцаад хонож ажиллаж байгаа. Эмнэлгийн талаас бол бид чадах бүхнээ хийж байна. Эм, тариа орчин, нөхцөл бол ярих зүйлгүй, хангалттай сайн байна. Гагцхүү өвчтнүүдийн биеийн байдал өдөр ирэх бүр доройтож байгаа нь бидний сэтгэлийг зовоож байгаа.
-Өвчтнүүдийн хувьд бүгд 60-аас дээш хувийн түлэгдэлттэй байгаа гэсэн. Амьд үлдэх магадлал байгаа юу?
-Бидний хувьд чадах бүхнээ хийж байгаа гэж дээр хэлсэн. Өвчтнүүдийн амийг аврахын тулд эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Харин тэдний биеийн байдал өдөр ирэх тусам улам доройтож байгаа. Шээс нь гарахаа больсон. Хүнээс өдөрт хоёр литр шээс ялгарах ёстой. Гэтэл Д.Солонгот-Одоос ердөө 1000 мл шээс гарсан. Бусдынх нь ч гэсэн шээс гарахаа больсон. Түлэнхийн шоконд ороод даралтгүй болчихоороо шээс гарахаа больчихдог юм. Гэтэл дээрх өвчтнүүдийн хувьд ирэхдээ шокын байдалтай ирсэн. Ер нь шокын байдалтай гурав хоног л амьдардаг юм. Тиймээс өвчтнүүдээс амьд гарах магадлал тун бага. Биенд нь бензин хүрсэн учраас маш их түлэгдсэн байсан. Тэдний хувьд шөнө унтаж байсан болохоор нүцгэн бие нь тэр чигээрээ түлэгдсэн. Зөвхөн дотуур хувцасных нь ормоор эрүүл хэсэг үлдсэн байсан. Ялангуяа Д.Солонгот-Одын хувьд нийлэг материалтай унтлагын хувцас өмссөн байсан учраас тэр нь хайлж, биед нь наалдсан байсан.
-Хэдэн хувийн түлэгдэлттэй бол аврах боломжтой вэ?
-Яах вэ, 40 хувийн түлэгдэлттэй хүнийг ихэнх тохиолдолд авардаг. Харин 50 хувийн гүн биш түлэгдэлттэй бол амьд үлдэх боломж бий. Гэтэл энэ гэр бүлийн хувьд бүгд 60-аас дээш хувийн түлэгдэлттэй учраас амьд үлдэх боломж маш бага. Одоогийн байдлаар Д.Солонгот-Од болон түүний 21 настай эмэгтэй дүү Д.Одгэрэл нарын биеийн байдал маш муу байна. Мөн аав нь болох н.Дашчойнхорын хувьд өчигдөр болсон үйл явдлын талаар ярьж байсан боловч өнөөдөр биеийн байдал нь гэнэт муудсан. Харин ээж нь болох Б.Эрдэнэцэцэгийн хувьд цээж хэсгийн арьс нь гайгүй байгаа. Миний хувьд Д.Солонгот-Одын хоёр эрэгтэй дүү нь залуу хүмүүс учраас амьд үлдчих болов уу гэж найдаж байна. Тэд 60-аас дээш хувийн түлэгдэлттэй боловч залуу хүмүүс учраас тэсч үлдэх магадлалтай. Би энд нэг л зүйлийг зориуд хэлмээр байна. Энэ хэрэг бол нийгмийн бухимдал, стресс дээд цэгтээ тулсны наад захын жишээ. Цаашид нийгмийн байдал иймэрхүү байдалтай үргэлжилвэл энэ байтугай хэрэг гарна. Тиймээс би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүмүүсээ уур бухимдал, стрессээ тайл. Мэргэжлийн эмчид ханд гэж хэлмээр байна. Мөн архийг хязгаарла. Тамхийг хязгаарлаж болсон юм чинь архийг ч мөн адил хязгаарлах боломжтой шүү дээ. Хамгийн гол нь бид нийгмээ, сэтгэхүйгээ эрүүлжүүлэх цаг нь болчихжээ.

Бид эмнэлгээс гараад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийг зорилоо. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Гүнчин-Иш сургалтад суухаар явсан тул эзгүй байв. Тэгээд ч хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа гэнэ. Ингээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очсон боловч мөн л эзгүй байлаа. Дээрх хэрэг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гарсан. Тиймээс ч тус хорооны тавдугаар хэсгийн ахлагч С.Оюунбилэгтэй уулзсан юм. Учир нь бид хэргийн газарт очихын тулд газарчин хэрэгтэй байсан тул С.Оюунбилэгийг олж уулзлаа.
Хүн битгий хэл машинаар ч явахад түвэгтэй замаар удтал явсны эцэст хэргийн газрыг олж очлоо. Хайлаастын 20 дугаар гудамжны 512 тоот. Хашааны хаалгаар оруут нэг гэр, хоёр байшин байв. Харин дэргэд нь шатсан айлын гэрийн буурь харлан харагдана. Эрдэнэмандал сумын дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Д.Одгэрэл гэсэн хаягтай сурагчийн дэвтэр, гал голомт нь болсон төслийн зуух тэргүүтэн шатаагүй үлджээ. Хөрш айлынх нь хоёр жаалхүү гарч ирээд шөнө болсон үйл явдлын талаар ийн ярив.
Б.Отгонболд: н.Наранбаатар хохь чинь, шатаж л байг гээд хараад зогсч байсан
-Шөнийн 03.00 цагийн үе байсан учраас шатаж байгааг нь мэдээгүй. Манай гэр бүлийнхэн шөнө дунд ид унтаж байсан. Гэтэл манай урд талын гэртэй айлын ах гарч ирээд Дашчойнхор ахынх шатаж байна гэснээр бид сэрсэн. Аав нохой хуцаад сүйд боллоо гарахгүй бол нэг л биш ээ гээд гарсан юм. Тэгээд гараад хартал гэрлийн шон хүртэл гал дүрэлзэж, ойртохын аргагүй халуун төөнөж байсан. Тэгээд бид сандралдаж, ус цацаж, унтраах гэж хэрэндээ хичээсэн. Харамсалтай нь гал унтраагчид цаг алдаж ирсэн. Мөн түргэний эмч төөрч явсаар нэлээн удаж манайхыг олж ирсэн. Уг нь н.Наранбаатар ахын хувьд ааш зан сайтай л хүн шиг байсан. Тэднийхийг хөдөө байхад нь би зуны амралтаараа очиж амардаг байсан юм. Тухайн үед их л найрсаг, сайхан зантай хүн санагдаж байсан. Дашчойнхор ахын эхнэр нь болох Б.Эрдэнэцэцэг эгч манай ээжийн төрсөн дүү нь. Тиймээс бид хамаатан садан хүмүүс болохоор нэг хашаанд амьдардаг. Хөдөөнөөс шилжиж ирээд гэр орноо овоо тохижуулж, Sky hotel-д ажилд орсон байсан. Харин хүүхдүүдийнх нь хувьд гурав нь оюутан нэг нь ажилладаг. Д.Солонгот-Од эгчийн хувьд тусдаа гараад удаагүй. Цайз захын ойролцоо амьдардаг байсан юм. Нөхрийнх нь хувьд урьд өмнө нь энд ирж хэрүүл маргаан хийж байгаагүй. Харин хэрэг гардаг шөнө согтуу ирээд бензин цацсан гэсэн. Тэгээд гэр бүлийн гишүүд гарахыг оролдсон боловч гаргахгүй түлхээд байсан юм билээ. Харин шатсан хүмүүс манай гэрт орж ирээд байж байхад хүргэн нь үүдэнд зогсчихоод "Хохь чинь, шатаж л байг" гээд байсан.
н.Наранбаатар, Д.Солонгот-Од нар гэрлээд найман жил болж байгаа ажээ. Харин эцгийн гэрээс туурга тусгаарлаад ердөө жил гаруйхан болж байгаа гэнэ. Харамсалтай нь Д.Солонгот-Од эр нөхөртөө хоёр хүүхдийг нь төрүүлж өгснийхөө төлөө, энэ биенийх нь түшиг болж амьдарсныхаа төлөө амьдаараа шатаалгалаа. Хайртай гэр бүлийнхнийхээ хамтаар бензин цацуулж, амьдаараа шатчихаад зовж, шаналж байна. Гэмт этгээд ШТС-аас бензин авч, хадмынхаа хаалгыг хөшиж онгойлгоод "Хамтдаа дуусъя..." гэж хэлээд шүдэнз зуржээ. Гэрэл асаахын завдалгүй халуун гал дүрэлзэн асч, нүд ирмэхийн зуур амгалан нойр, аз жаргалтай зүүд нь сарнилаа.
Хохь чинь, энэ муу сайн юмнууд шатаж л байг... Одоогоос яг хоёр хоногийн өмнө 30-хан настай н.Наранбаатар гэгч эр хадмууд руугаа бензин цацчихаад хэнэг ч үгүй ингэж хэлээд зогсч байв. Үүр шөнийн заагаар Хайлаастын уулын энгэрт байх бор гэрт гал дүрэлзэн асч, дотор нь харин нэг гэр бүлийн зургаан гишүүн аврал эрэн тэмцэж байлаа. Харин өнөөдөр энэ хашаанд харласан буурь, үнс болсон эд хогшил хөглөрнө. Гэрээс нь бүтэн үлдсэн ганц төслийн зуухыг нь хүмүүс хулгайлах гэж оролдсоныг хөрш айлынх нь жаалхүү хэлж байлаа. Даанч дээ... Хорвоогийн сайн сайхныг таньж амжаагүй 30-хан настай бүсгүй, түүний гэр бүлийнхэн. Д.Солонгот-Одын 4-6 насны хоёр хүүхэд дэндүү өрөвдмөөр. Аав нь ээжийг нь бас эмээ, өвөөг нь шатаасныг тэд мэдэхгүй тоглож суугаа. н.Наранбаатар хэрэг үйлдэх үедээ хоёр хүүхдээ өөрийнхөө аавынд орхисон байжээ. Хайлаастын 20 дугаар гудамжны 512 тоот. Энд урьд өмнө нь айл амьдарч байсан гэх тэмдэггүй үнс болтлоо шатжээ. Ердөө хоёрхон хоногийн өмнө бор гэртээ халуун ам бүлээрээ аз жаргал, инээд хөөртэй амьдарч байсан Дашчойнхорынх гэдэг айл өнөөдөр энд алга. Эзэд нь эмнэлэгт үхэлтэй тэмцэж буй. Харин буурь нь л харлан үлджээ.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

0 comments:
Post a Comment