Thursday, March 21, 2013

МИАТ-ийн араас Төрийн банкны экс удирдлагууд

МИАТ-ийн араас Төрийн банкны экс удирдлагууд

Байртай болох мөрөөдлийг биелүүлэгч Төрийн банкны хуучин удирдлагууд өдгөө Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-уудын үүдийг сахих болсон. Төрийн банкны өмнөх ТУЗ-ийн  зургаан гишүүн тус бүр 90 сая төгрөгийг урамшуулал нэрийдлээр авсан нь  санхүүгийн шалгалтаар тогтоогдсон байна.
 
Өнгөрсөн нэгдүгээр сард ажилдаа хариуцлагагүй хандсан тус банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн томилсон билээ. Үүний дараа тус банкинд санхүүгийн шалгалт хийхэд ТУЗ-ийн зургаан гишүүн тус бүрдээ сайн ажилласан хэмээн өөрсдийгөө 90 сая төгрөгөөр шагнасан нь тогтоогдож, Эрүүгийн цагдаагийн газар энэ асуудлыг шалгаж эхэлсэн билээ.

Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг "банк ашигтай ажиллуулсан" хэмээн өөрсдийгөө шагнасан 90 сая төгрөгийг буцаан олгуулахаар Төрийн банкны удирдлагын зүгээс хүсэлт гаргаад байгаа юм байна. Мөн Эрүүгийн цагдаагийн газар энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 4-нд АТГ-т албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө завшсан ТУЗ-ын гишүүдийг шалгаж өгөх хүсэлтийг одоогийн хүргүүлсэн байна.

Иргэдэд санхүүжилт дууссан нэрээр өөрсдийгөө урамшуулсан энэ хэрэг үүгээр ч дуусахгүй бололтой. Тухайлбал, ТУЗ-ийн гишүүн байсан дээрх зургаан хүнд орон сууцны хөнгөлөлттэй зээл гэж тус бүр 110-160 сая төгрөг авсан нь мөн л асуудал дагуулаад буй. Энэ зээлийг 15 жилийн хугацаатай, 9,6 хувийн хүүтэй олгосон нь АТГ, Эрүүгийн цагдаагийн газар шалгах бас нэгэнт баримт болж байгаа юм.

Учир нь Төрийн банкны теллерээс, ТУЗ-ийн гишүүн хүртэл хамаатан, садан, танил талаараа дамжуулан олон байр өгсөн гэх мэдээлэл байдаг ч үүнийг тухайн үедээ тус банкны удирдлагууд үгүйсгэж байсан. Ер нь л энэ банкны энэ мэт асуудалд удирдлагууд нь төдийгүй доод албан тушаалтнууд нь ч холбогдсон байж болзошгүй учраас хэдэн арваар тоологдох хүн энэ хэрэгт татагдах бололтой. Мэдээж "Арын хаалгагүй" нэгэнд олддоггүй орон сууцны хөнгөлөлттэй зээл мөрөөдөл байсан. Харин ТУЗ-ын гишүүд санхүүжилт дууссан нэрийдлээр өөрийн халаасаа зузаатгаж, өдгөө олон иргэд гудамжинд гарахад хүргээд байгаад ч мөн хариуцлага хүлээлгэх ажлыг хууль, цагдаагийнхан хийх биз. Өмнөх Засгийн газрын балаг нэрийдлээр хаацайлаад өнгөрөх биш, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулна хэмээн Засгийн газрын тэргүүн  ам өгсөн. Төрийн шийдвэрээс болж иргэн хохирох ёсгүй гэдгийг ч хатуухан хэлсэн. Тиймээс АТГ, Эрүүгийн цагдаагийн газрынхан энэ асуудал анхаарлаа хандуулж, ажиллах нь дамжиггүй.

Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулан орон сууц хүссэн 4000 гаруй иргэн бий. Эдгээр иргэдээс өнөөдөр орон сууцандаа орж чадаагүй 1700 орчим иргэн байгаа бөгөөд эхнээсээ суулт зарлаж, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй. Гэтэл тэдний авах гэж байсан зээлийг нь Төрийн банкныхан өрсөөд ах, дүү хамаатан, садандаа том толгойлоод өгчихсөн бололтой. Нэг албан тушаалтан гэхэд 2-3 байр 6 хувийн хүүтэй зээлээр авсан гэх мэдээлэл ч байна. Ямартай ч МИАТ-ийн экс удирдлагуудын араас Төрийн банкныхан алхахаар болоод байна.

 Ш.ЧИМЭГ


0 comments:

Post a Comment