
Яагаад ирээдүйн сайн сайхан, хувь заяа минь биднээс нүүр буруулж байна вэ гэж үү. Учир нь нийслэлчүүд бид хэдхэн жилийн дараа уух усгүй болох нь. Уул уурхайн баялаг болсон алт, нүүрсээ ухаж, төмөр зам, улстөр ярьж, өөр хоорондоо маргалдаж суух зуур нийслэлчүүд бидний амь, амьдралыг тэтгэх учиртай Туул гол минь ширгэж, үгүй болох дээрээ тулжээ. Яг үүнийг нийслэлчүүд бидэнд сануулах гэж өчигдөр БОНХЯ, Усны үндэсний хороо, Туул голын савын захиргаа хамтран "Хатан туул ба Нийслэлийн хувь заяа" нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэх гэж буйтай холбогдуулан ус хангамж, үйлдвэрийн ус ашиглалт, бохир усыг дахин ашиглах боломжийн талаар холбогдох албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр өнөө, маргаашдаа оноо авахгүй сэдвээр улстөрчид хөөцөлдөх нь ашиггүй учраас Хатантуул тэдний анхаарлын гадуур өнгөрч байгааг ч сануулсан юм.
Нийслэлчүүд бидэнтэй нэгэнт нүүр тулчихаад байгаа усны асуудлыг байгаль хамгаалах нэрийн дор замхруулах учиргүйг энэ үеэр сануулж байсан юм. Тиймээс ч энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож, гарах гарцыг хамтдаа хайцгаав. Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн сэдэв бол саарал ус ашиглах явдал байлаа. Үүнтэй холбогдуулан MCS Кока-Кола компани ус ашиглалт, ус цэвэршүүлэх технологийг танилцуулсан юм.
MCS Кока-Кола компанийн мэргэжилтэн Ц.Болормаа:
Усаа хэмнэж, дахин ашиглахын тулд 3R технологийг нэвтрүүлсэн
-Усны нөөц тэр тусмаа Туул голын асуудал бидэнтэй нүүр тулчихаад байна. Ус амин чухал хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Бас ус хамгийн хямд ундаа гэдгийг ч бид мэддэг. Гэхдээ хүмүүс усыг зөв хэрэглэх талаар мэдлэггүй байдаг юм. Ус - дэлхий дээрх хамгийн чухал байгалийн нөөц . М-Си-Эс Кока-Кола компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ундаа, ус, жүүс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай бүтээгдэхүүний 80 гаруй хувийг ус эзэлдэг тул бид байгалийн нөөц болох усаа хэмнэх, дахин ашиглахын тулд үйл ажиллагаандаа 3R технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Улмаар усны эх үүсвэрийн нөөцийг хадгалах, усыг зөв зохистой хэрэглэхийн тулд Усны эх үүсвэрийн эмзэг байдлын үнэлгээг 2012 онд хийсэн. Уг үнэлгээнд үндэслэн усны эх үүсвэрээ хамгаалах шаталсан төлөвлөгөө боловсруулан 2013 онд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Тухайлбал, компанийн нийт ажилчдыг хамруулан дээд эх үүсвэрийн эргэн тойрон, Туул голын ай савыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн эх усны хамгаалалтын цэгийн харуулын постын замын хаалтыг шинэчилж өгөх, хамгаалалттай хэсэгт нэвтрэгсдэд байгаль орчноо хамгаалах, бохирдуулахгүй байх талаар тусгасан танилцуулах самбар байршуулахаар төлөвлөсөн.
"Милл Хаус" үйлдвэрийн технологчич Энхжаргал:
Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хэрэглэсэн усаа дахин ашиглах нь чухал
-Үндсэндээ хоногт 820 тн улаанбуудай боловсруулах хүчин чадалтай үйлдвэр баригдсан. Улмаар улаан буудайг гурил болгохын тулд усаар угаах технологитой байсан бөгөөд нэг кг улаанбуудайг угаахад 0.9 литр ус зарцуулдаг байсан. Харин 1990 оноос эхлэн жижиг оврын гурилын үйлдвэрүүд ихээр ашиглалтад орсон хэдий ч эдгээр үйлдвэрүүд өнөөг хүртэл угаах технологиор үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мөн 2000 оноос хойшхи үйлдвэрүүд энэхүү хуурай технологийг эх орондоо нэвтрүүлж эхэлснээр усны зарцуулалт эрс багассан. Дээрхи технологийг "Хангай", "Милл-Хаус" зэрэг үйлдвэрүүд нэвтрүүлсэн. Ер нь одоогийн байдлаар бид маргахаасаа илүү зөвшилцөх ёстой. Туул голоо яаж хамгаалж, усаа хэрхэн зөв зүйтэй ашиглах ёстой юм бэ гэхээр саарал ус ашиглах технологийг нэвтрүүлэх нь чухал. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бид ингэж л тус хүргэнэ. Тиймээс ч үйлдвэрлэлд хэрэглэсэн усаа дахин боловсруулж, ашиглах технологийг нэвтрүүлсэн юм.
ТГСГЗ-ны ус ашиглалтыг зохицуулах газрын дарга Ц.Бажий:
IV цахилгаан станцын хог хаягдал Туулын амийг тасалж байна
-Туул голын амийг тасалж байгаа хэд хэдэн үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага байна. Тухайлбал, IV цахилгаан станцын урд буюу Туул голын хамгаалалтын бүс дагуух хог хаягдал хамгийн их нөлөөлж байгаа. Харин бид хэд, хэдэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Сэлбэ голын бэлчирт онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд баригдаж байгаа "Ирээдүй" хотхоны барилгын явцыг түр зогсоох хүсэлтийг хүргүүлээд байна. Үүнээс гадна Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх хатуу хучилттай 17.6 км замын ажлыг түр зогсоосон.
Үүнээс гадна Далангийн дүүргэлт хийснээр Туул голын үндсэн голдирол, урсацад нөлөөлж байгааг ч энд дурдах ёстой. "Нийслэл өргөө", "Сэрүүн сэлбэ", "Витсамо" зэрэг компаниуд зөвшөөрөлгүй хайрга олборлож байсныг нь зогсоогоод байна. Бидний зүгээс хэд хэдэн шаардлагыг БОНХЯ-нд хүргүүлсэн. Тухайлбал, Усны тухай хуульд заасны дагуу усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежертэй байх шаардлагыг тавих ёстой. Мөн ихэнх цэвэр ус, ундаа, жүүсний үйлдвэрүүд ус савлах болон бусад зориулалтаар тусгай зөвшөөрөл аваагүй байгаа нь холбогдох хууль, тогтоомж зөрчиж байгааг анхаарах шаардлагатай байна. Үүнээс гадна Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг таслан зосоох, хууль бусаар олсон орлогыг улсын өмч болгох нөхцөл бүрдэж байгаа нь сайшаалтай.
Мөн энэ үеэр хөндөгдсөн асуудал бол Туул гол жил бүр урсахдаа таван газар тасарч байгаа явдал байлаа. Энэ талаар Усны газрын мэргэжилтнүүд "Туул гол дээр олон хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд "Хатан туул" гэдэг дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө Туул гол ширгэж байгаа гол шалтгаан нь ундны устай холбоотой. Дөрөв, тавдугаар сард хур тунадас байдаггүй. Тэр үед нь ундны усыг ихээр авснаар Туул гол тасарсан" хэмээн тайлбарласан юм. Мөн МХЕГ-ын мэдээлэлд хайрга, олборлогч компаниуд Туул гол орчмын 506 га эзэмшлийн талбайн 226 га-г нь эвдэж сүйтгэснийг дурджээ. Үүний 104 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 24 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн байдаг. Туул голд зориулалтын бус олборлолт хийсэн 14 газрын тусгай зөвшөөрлийг цуцалж, хохирлыг барагдуулах арга хэмжээг зохион байгуулахыг МХЕГ-аас өнгөрсөн онд шаарджээ. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл байхгүй байгааг ч энэ үеэр иргэд сануулж байлаа.
Улаанбаатар хотын 1.2 сая иргэнийг тэжээж, тэтгэж, хувь заяа, амь амьдрал нь болсон Туул гол өнөөдөр ачааллаа дийлэхээ болж, хүнээр бол хэвтэрт орчихоод асгартал уйлж сууна. Уг нь тэртээ 30 жилийн өмнө Туул ийм болно гэж тооцоо гарсан байдаг аж. Улмаар Гачууртад усан сан, боомт барья гэдэг санал гарч байв. Гэтэл өнөөдөр тухайн газарт нь суурьшлын бүс үүсчихсэн байна. Тэгэхээр боомт барих газрыг Туулын бүр эх рүү сонгох хэрэгтэй болсныг ч мэргэжилтнүүд сануулж байв. Энэ үеэр дурдагдсан "Хатан Туул" хөтөлбөр нь 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд зөвхөн усан боомт байгуулах ажлын ТЭЗҮ-г хийхэд дөрвөн тэрбум төгрөг шаардагдах юм байна. Харин "Хатан Туул" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад 800 тэрбум төгрөг шаардлагатай аж. Уг хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулбал Туул гол хуучин хэвэндээ орохыг албаны хүмүүс дуу нэгтэй хэлж байв. Хоногт 150-160 мянган м/куб ус хэрэглэдэг нийслэлчүүдээ яг одоо нүдээ нээ. Өмнөговийн Тавантолгой, Оюутолгойн хөрсөн дор байгаа алт, зэсний зүг биш дэргэд чинь байгаа Хатантуулыг анхааралдаа аваач. Эрх мэдэлтнүүд, улстөрчид өө өнөө, маргаашийн эрх ашиг, сонгуульд цуглуулах саналынхаа төлөө биш иргэдийнхээ ирээдүйн хувь заяаны төлөө нэг алх. Хэдхэн минутын дотор зуу, зуун литрээр нь машин угааж байгаа угаалгын газрууд, үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд, хөрсний усыг ялгадсаараа бохирдуулж байгаа гэр хорооллын иргэдээ яг одоо нүдээ нээгээд хар. Хатантуул чинь мөхөж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn

0 comments:
Post a Comment