
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь байгууллагынхаа цахим хуудсанд сонгуулийн насны нийт иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хуулийн хугацаанд байршуулж, иргэн бүрийг өөрийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангасан гэдгээ хэлж байлаа. Мөн оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн санг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд албан ёсоор цахим хэлбэр/диск/-ээр хүргүүлсэн байна. Тус газрын дарга Ц.Пүрэвдорж сонгогчдыг санал өгөх боломжоор хангаж, иргэний үнэмлэхийн тараалтыг эрчимжүүлэх, хаяж үрэгдүүлсэн, алдаатай хэвлэгдсэн болон цахим үнэмлэх огт хэвлэгдээгүй байгаа 18-аас дээш насны иргэний цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэхийн сацуу улсын бүртгэлийн удирдах болон итгэмжлэгдсэн ажилтнууд, улсын бүртгэгч нарт сургалт, семинар зохион байгуулж байгаагаа танилцууллаа.
Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудад хандаж иргэд сонгогчдын нэрийн жагсаалттай яг ямар байдлаар, яаж танилцах талаарх зааврыг вэб хуудсандаа байршуулахыг даалгасан. Мөн сүүлийн үед цахим үнэмлэх хэвлэгдэхгүй удаж байгаагийн шалтгааныг лавлаж байлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга "Бид нөөц бололцоон дээрээ тулгуурлан хэвийн хэвлэж байгаа, энэ сарын сүүлээр бэлдэц ирнэ" гэсэн хариултыг өгсөн.
Д.ЦЭЦЭН

0 comments:
Post a Comment