АТГ-аас "ZTE"-ийн ахлах менежерүүдийг баривчилжээ

"itxinwen" сайтад мэдээлснээр Монголын авилгатай тэмцэх газрын албан хаагчид "ZTE" корпорацийн оффис, менежерүүдийн гэр, автомашин, гаражид нэгжлэг хийсэн байна. Түүнчлэн авилгатай тэмцэх газраас энэхүү өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд "ZTE"-ийн цахим боловсрол төслийн бичиг, баримтнаас авилга өгсөн гэх нотлох баримтыг олж илрүүлсэн аж.
Харин харилцаа холбооны техник, технологи үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг "ZTE" компанийн зүгээс дээрх баривчилгаатай холбоотой ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийхээс татгалзсан байна. Харин "Global Times" мэдээлснээр "ZTE" корпорацийн зүгээс дээрх хэрэг дээр Монголын хууль хяналтынхантай хамтран ажиллаж байгаа мэт дүр эсгэж байна хэмээн мэдэгджээ. "ZTE" корпораци үүнээс өмнө 2007-2012 оны хооронд Филиппин, Алжир, Норвеги зэрэг улсуудад авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдож байжээ.
Түүнчлэн "ZTE" корпорацийг "Huawei Technologies" -ийн зүгээс "4G" интернэтийн патенттай холбоотойгоор гомдол гарган Германы шүүхэд өгөөд байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гомдол гаргагч "Huawei Technologies" -ийн талд шийдэгдсэн аж.
Б.АНХТУЯА

0 comments:
Post a Comment