Friday, July 19, 2013

Хандивлагчдыг дэмжих хуультай болчихвол

Сүхбаатар Чингис хоёрын нэгний талд орж талцаж байхаас олон хүн залхаад эхэлсэн биз. Уг нь үнэхээр буруу л гэж үзэж буй бол Захиргааны хэргийн шүүхэд нь хандаад хууль журмынх нь дагуу явчихад л болох хэрэг. Хүн бүр бухимдалд хувь нэмрээ оруулаад байх ч шаардлага байхгүй. Залхсаныг батлах мэт, цахим ертөнцөд энэ мэт бухимдал дундуур нэгэн санаа ихээхэн дэмжлэг аваад орхив. Гэртээ байгаа хэрэггүй тоглоомоо хүүхдүүдэд бэлэглэе гэх саналыг олон хүн дэмжив.

Үнэхээр хүн бүрт хэрэггүй зүйлс олон бий, гэхдээ тэр хэрэггүй зүйлс өөр нэгний хувьд хүсээд ч олдохгүй нь болох үе олон. Тоглоом бэлэглэх санаа бол нэг л жишээ. Хувцас, ном, цахилгаан бараанаас эхлээд цаас хүртэл зарим нэгэнд нь хог, зарим нэгэнд хэрэгцээ болдог.

Франц, Германд хуучин барааны зах ч гэж бий. Тэнд юм бүхэн бий. Хуучин боловч, хэрэглэж болохуйц, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй барааг хэрэглэх нь дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэж үздэг болоод эрэлт хэрэгцээ ч өндөр. Орлогын түвшингээс үл хамааран загвар, чанараар нь сонголт хийх үйлчлүүлэгчид олонтай аж. Тэд хуучин бараа хэрэглэж байна гэдгээсээ ичдэггүй.

Гэтэл Монголд хуучин хувцасны дэлгүүр гэдгийг солонгосын үрчийсэн, химийн бодис үнэртсэн, хуучин загвараар л төсөөлж "пүү паа" гэж сэжиглэдэг. Бүр нэгнийгээ "комиссын хувцас өмсчихөөд юу гээд байна" гэх зэргээр доромжилцгоодог.  

АНУ-д бүр хуучин барааны худалдаа нь хуульчлагдчихаж. Хэн нэгэн хүн өөрт хэрэггүй хувцас, тавилга, эдлэлээ сайн дурын үйлсэд зориулан хандивлачихна. Харин үүнийг нь хүлээн авагч нь асрамжийн газрынханд зориулах, эсвэл боломжийн хямд үнээр худалдаад олсон ашгийг нь тусламжинд зориулдаг. Мэдээж хандивлагчдад зүгээр л баярлалаа гээд орхичихдоггүй. Тодруулбал, ийнхүү хандив өгсөн иргэний хувь хүнийг татвараа төлөх үед нь хөнгөлөлт үзүүлдэг аж.

Уг нь хүүхэд төрүүлбэл, гэрлэлтээ батлуулбал мөнгө өгнө гэх мэтийн халамжийн хууль гаргаж байхаар энэ мэт энгийн хэрнээ, төсөвт дарамт учруулахгүй хуулиуд санаачлавал аль алинд л хэрэгтэй.

Зөвхөн хандив гэлтгүй сайн дурын үйлсэд оролцохыг ч хуульчлах боломжтой. Оюутан бүр суралцах хугацаандаа нэг сарын хугацаанд ямарваа нэгэн сайн дурын, асрамжийн хөтөлбөр арга хэмжээнд оролцуулахаар тусгаж, энэхүү цагийг нь кредит системд нь оруулан тооцох нь олон оронд байдаг л нэг зүйл. Энэ нь өөрөө сурган хүмүүжүүлэхээс эхлээд ач холбогдол ч ихтэй.

Охид хөвгүүдийн чинь голж шүүгээний мухарлуу шидсэн тийм хувцастай болохыг ямар олон хүүхэд мөрөөдөж байгаа бол, айл бүрийн харанхуй өрөөний хайрцганд хэвтэх тэр номнуудыг цуглуулбал ямар том номын сан болох бол, илүү ус буцалгагч, ашиглахаа больсон плитка чинь өөр айлын хувьд ямар их аз жаргал бэлэглэх бол..

Б.МАНДАХ

0 comments:

Post a Comment