Friday, July 5, 2013

“Богд-Ар” оршин суугчдыг хохироосон нь тогтоогдлоо

"Богд-Ар" оршин суугчдыг хохироосон нь тогтоогдлоо

Ашиглалтад орсон цагаас буюу 2004 оноос эхлэн байнгын асуудал, оршин суугчдын гомдол дагуулсаар ирсэн "Богд-Ар" хорооллын байруудад хийсэн шалгалтын хариуг мэдээлж, зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар өнөөдөр холбогдох байгууллагын удирдлагууд хуралдлаа. Хуралд Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож, тус орон сууцанд өнгөрсөн зургаадугаар сарын 28-наас эхлэн хийсэн хяналт шалгалтын дүн мэдээлэлтэй танилцаж, дараах бүх зөрчлийг арилгахыг үүрэг болгосон юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн үндэсний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус хороололд хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтын нэгдсэн дүнгээс харахад, тус хорооллын 17 барилгын тал орчим нь дээврээс нь ус гоождог, цэвэр ус, шугам сүлжээний зөрчилтэй, агаар салхижуулалт байхгүй, дулаан, шугам сүлжээний асуудалтай гэх дүн гарчээ. Агаар салхины солилцоо байхгүйгээс байрны ихэнх хэсэг нь мөөгөнцөртсөн, байрны дээвэр болон хонгилд галд амархан шатах материалаар тусгаарлах хана хийсэн, галын аюул гарахад зарим барилгууд нь  аврах шатгүй зэрэг дутагдал мөн илэрсэн байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах мэргэжилтний мэдээлснээр "Богд-Ар" хорооллын байруудын метр квадратыг стандартын дагуу хэмжиж үзэхэд зарим айлын байрууд нь гэрээ байгуулж, төлбөр авсан гэрээний хэмжээнээс 5-24 метр квадратаар дутсан болох нь тогтоогдсон. Энэ нь хэрэглэгчид их хэмжээний мөнгөний хохирол учруулсан гэсэн үг. Тиймээс дутсан метр квадратын төлбөрийн мөнгийг оршин суугчдад буцаан олгохыг анхааруулж байна. Хэрэв зөрүүг иргэдэд олгохгүй бол шүүхэд хандах ажээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Сүхбаатар "Анхаарал татаад байгаа 7А, 4А зэрэг байруудад гал унтраах зориулалтын босоо шат байхгүй, гал унтраах иж бүрдэл дутуу, автомашины дулаан зогсоолын зориулалт, хийцийг өөрчилсөн, аврах гарц, хаалгыг хаасан зэрэг зөрчил илэрсэн. Мөн галын утааг мэдрэх автомат дохиолол ямар ч ажиллаагүй болсон байна. Гал гарсан тохиолдолд онцгой байдлын алба хаагчид саадгүй гал унтраахад тун хэцүү. Мөн "Богд-Ар" хорооллын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран шалгаж, туршилт явуулж байгаа. Шалгалтын хариу наадмын өмнөхөн гарна" гэсэн мэдээллийг мөн өглөө.  

Хурлын төгсгөлд Шадар сайд Д.Тэрбишдагва "Гарсан бүх зөрчлийг хурдан хугацаанд буюу ирэх есдүгээр сар хүртэл асуудалгүй болгож засварлах хэрэгтэй. Иргэдийг аюулгүй, эрүүл орчинд амьдарх эрхийг зөрчиж байгаа энэ мэт барилгын компаниудыг цаашид бүгдийг нь шалгана" гэдгийг онцлов.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment