Tuesday, July 16, 2013

Тэдний оронд би байсан ч уйлна

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд өчигдөр "Төв аймгийн Манзширийн хийд орлоо. Ямар ч үйлчилгээ байхгүй, гадаад хүмүүст үзүүлэх зүйл алга. Бүх зүйл нь эвдэрсэн, бүх зүйл алга болсон байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү" гэх гомдол бүртгэгджээ. Үнэнийг хэлэхэд жуулчдыг дагуулж очихоос ч санаа зовмоор аялал жуулчлалын газар олон байдгаас гомдлоо хүргэсэн нь энэ.

Говь руу аялал хийхэд хэдэн зуун километр сэгсчигдэж явсаар очсон жуулчдад үзэх юм хангалтгүй санагдах нь олон. "Би энэ талд, ганцхан энэ чулууг үзэх гэж ийм хол явсан гэж үү" гэж уйлж байсан тохиолдол ч бий. Уг  нь бол аялал жуулчлалын бизнес гэдэг нь "кайф" худалддаг бизнес. "Хүн таалагдсан зүйлээ хоёр хүнд дамжуулж ярьдаг бол таалагдаагүй зүйлээ арван хүнд ярьдаг" гэх үг бий. "Үзэх юмгүй гэж юу байсан юм бэ. Сайхан байгалийг маань үзнэ биз дээ" гэж бүү адгаарай. Зөвхөн Монголын тэнгэр нь хөх, уул ус нь ногоон байдаггүй.

Ядахад Монгол гэдгийг интернэт дэх дурын хайлтын системээр хайхад хөдөө нутгийн хэдэн зурагтай илэрц л гарна. Гадаадынханд зориулсан монголын тухай кино ч тодорхой. Нэг нөхөр хонь муулаад л, нусаа гоожуулсан бор жаалууд, эхнэр нь гараараа мах зулгааж идээд л. Гадаадын жуулчин нэг нөхөр өнөөхийг нь бага зэрэг ярвайлттай идээд л, цааш нь дүрс хонь мал, морь үхэр болоод л дуусна. Ийм рекламтай болоод ч тэр үү, өнөөдөр Монголыг сонирхон ирж буй жуулчид хотод ганц өдөр, эсвэл вокзалаас шууд л хөдөө орон нутаг руу зүглэцгээдэг. 

Чамлахаар бага ч, өсөлттэй явж байсан жуулчдын тоо буурсан уу, ямартаа ч жуулчны компаниудын захиалга өнгөрсөн жилүүдийнхээ хэмжээнд очиж чадсангүй. Яагаад жуулчид Монголыг сонирхохгүй байгаа шалтгаан нь олон. Ядаж л таван жилийн өмнө ч ярьж шүүмжилж байсан "жуулчдын сэтгэл ханамжгүй байдал, хөтөч орчуулагчдын чадваргүй ажил, үзэж харах цогцолборгүй, аялал жуулчлалын нэр төрөл цөөн, орон нутаг дахь дэд бүтэц сул хөгжсөн, үйлчилгээний чанар муу, Чингисийн Монгол гэхээс өөр Монгол орныг дэлхийд таниулсан имиж байхгүй, олон улсын нислэгийн тоо цөөн, үнэ өндөр" зэрэг шалтгаан бүгд бахь байдгаараа. Европын орноос ирэх, Америкаас ирэх онгоцны тийзийн үнэ өндөр. Бүр тодруулбал, энд ирээд зарцуулах зардалтай нь тийзний үнэ бараг тэнцүү гарч байхад хэдэн хүн нааш ирэхээ больж өөр оронд очихоор шийдсэн бол. 

Дэлхийн бусад орны судалгаагаар ДНБ-ий зургаан хувийг аялал жуулчлалын салбараас бий болгодог. Харин Монголын хувьд ДНБ-ий дөрөв орчим хувийг энэ салбараас олж байна. Энэ нь ойролцоогоор 283 сая ам.долларын баялгийг аялал жуулчлалын салбараас бүтээсэн гэсэн үг. Уг нь монголчууд түүхтэй бол түүхтэй, байгальтай бол байгальтай. Гэвч ийм зүйлгүй улсуудтай харьцуулах юм бол жуулчдаас олдог мөнгө дэндүү бага байна. Өнгөрсөн жилд Монголд 478 мянган жуулчин ирсэн гэх статистик мэдээ бий. Гэвч ном журмаараа захиалга өгч, буудалдаа буугаад явж байгаа нь 100 мянга л байгаа гэнэ. Аялал жуулчлалаас мөнгө олдоггүй шалтгаан нь энэ. Автобусанд таван хүн суухад ганц нь л мөнгөө өгч байвал яаж ч ашигтай ажиллах билээ. Яг үүн шиг 500 мянгын 100 мянга нь л улсад маань мөнгө оруулж байгаа хэрэг. Үлдсэн 400 мянга нь яадаг нь ойлгомжтой. Цүнхээ үүрээд, дуртай газраараа, дуртай зүйлсээ хийгээд л тэнэцгээдэг. Тэднийг өөрсдийг нь хууль бус юм хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, эсвэл, хууль бус зүйлстэй таарахыг ч мэдэх боломжгүй. Тэд өөрсдөдөө таарсан үйлчилгээг ч сонгодог. Нэг нь сурагчийнхаа амралтаар тогооч хийж, нөгөө нь оюутны амралтаараа орчуулагч хийж, өөр нэг нь машиныг нь барьж давхина. Гэвч үүнийг аялал жуулчлалын үйлчилгээ гэж тодорхойлоход дэндүү бэрх.

Нэг талаас аялал жуулчлалын үйлчилгээний онцлог нь сэтгэл ханамжийг өгөх. Нөгөө талаас эрүүл мэнд, амь насыг нь даахаараа онцлог.

Үзэх газраас ч дутахгүй чухал зүйл бол хүн. Үнэндээ энэ салбарынхан чадварлаг хүний нөөцөө уул уурхайн салбарынханд тавиад туучихсан. Хэлтэй, мэдлэг, чадвартай хүний хувьд жуулчны компанид ажиллахаас илүү гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхай, ашигт малтмалын компанид илүү цалинтай ажиллана. Мэдээж тэдний орон зайг өөр нэг нь нөхөж ажиллаж л таарна. Үр дүнд нь дахиад л сэтгэл ханамжийн асуудал. Уг нь хөдөлмөрийг нь үнэлж чаддаг бол салбартаа ажиллахыг хүсч буй нь олон.

Энэ мэт цогцоор шийдэх олон асуудал байхад жуулчдыг албажуулж журамлах, жуулчинд зориулсан үйлчилгээг чангалах зэрэг хязгаарлах мэтийн хуулийн төсөлтэй ноцолдсоор байгаа нь даанч харамсмаар. 

"Юуг үзээгүй бол Монголд очсон гэж бүү бод" гэж хэлж болох вэ. Ядаж жуулчин бүрийн заавал очих ёстой ганц газар энэ байна гэж сурталчлах брэнд байхгүй л биз дээ.

Та жуулчдын оронд байгаад, микронд тав зургаан цаг сэгсчиж байж ганц чулуу үзүүлвэл яах вэ. Тэдний оронд би байсан ч уйлна.

Монголын аялал жуулчлалын талаарх сэтгэгдэл

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум. Бас Баянөлгий аймгийн зарим суманд очихоор Хил хамгаалах газраас зөвшөөрөл авах ёстой гээд тэр хавийн хилийн цэргийнхэн ирээд улсын хил хууль бусаар нэвтэрсэн гээд л баривчлах гээд баахан зовоож байгаад, дараа нь торгож байна гэж мөнгө авдаг. Үүнийгээ хэзээ болих юм бол.

Манайхан мөнгө авахаа л мэдэхээс биш үйлчилж чадахгүй. Олигтой үзчихмээр юм юу ч байхгүй, наадам үзье гэвэл бороохой барьсан омогтой цагдаа, морины биш жипний уралдаан, бие засах газар ч байхгүй юуны мах нь мэдэгдэхгүй хуушуур нэртэй гамбиртай...

Тэр жуулчдаас өөрсдөөс нь судалгаа авах хэрэгтэй. Ямар хүсэл сонирхолтой Монголд ирж жуулчлах сонирхолтой тухай нь.

Хөдөө орон нутагт ажиллаж буй баазуудын хоол маш муу. Хамгийн гол нь хоол нь муу дээрээ маш үнэтэй. Халуун ус, бие засах газрын асуудалтай. Тэгэхэд хэдэн зуун сая хүн амтай, Тайланд, Хятадын хоол манайхааас хямд, чанартай.

Хөтөч тайлбарлагчдыг хэлээ дадлагажуулж байгаа нөхдөөр биш мэргэжлийн хүмүүсээр хийлгэхгүй бол арай дэндүү шүү дээ.

Б.МАНДАХ

0 comments:

Post a Comment