Tuesday, July 16, 2013

Х.Түмэнбаяр "ТT"-г 200 тэрбумын өрөнд оруулжээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа "Аливаа ажлыг авсан шигээ өгч чаддаг байх хэрэгтэй. Заавал албан тушаалд байх ёстой хүн шиг зууралдаад явна гэсэн ойлголт байхгүй.

Тиймээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн дагуу тавиад, ажлаа өгсөн. Улстөрийн соёлтой байх хэрэгтэй" гэж байсан нь саяхан. Гэтэл үнэн хэрэгтээ мань хүний балаг аймгийн байтугай намын нөхдөө хөлдөө чирэх хэмжээнд хүрсэн учраас ийнхүү ажлаа өгч, цэвэрхэн мултарч байгаа.

Бид урьд нь Х.Түмэнбаярын зарим булхай буюу иргэн Г.Амарсанаагаар барилга бариулчихаад хэрхэн бултаж буй талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа Х.Түмэнбаяр чухам яагаад ажлаа өгсөн талаарх баримтыг дэлгэж байгаа юм.

Үнэндээ бол түүний албан тушаалаа өгөх шалтаг, шалтгаан нь аль хэдийн буюу "Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал байх үеэс эхэлсэн аж. Учир нь, Х.Түмэнбаяр "Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал байх үедээ орон нутгийн өмчит компанийг их хэмжээний өрөнд оруулчихсан байж.

Тэрбээр мэргэжлийн бус хүн учраас тухайн компанийн эзэмшил хийгээд олборлолтоо хэрхэн зохицуулахаа мэдэхгүй, ердөө л нүүрс зарж байвал ашигтай гэсэн бодлоор улайран дайрч байжээ. Өөрөөр хэлбэл, компанийнхаа эзэмшил нутгаас хальж, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн эзэмшилд хөрсний овоолгоо байршуулжээ.

Мэдээж андуураад овоолгоо асгачихаа биз гэж магадгүй л юм. Гэтэл сүүлдээ даварсаар даварсаар Дагвын оронд гэгч болж, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг давж нүүрс олборлосон байна. Шулуухан хэлэхэд улсын хөрөнгөнөөс хулгай хийсэн хэрэг.

Энэ нь баримтаар нотлогдсон төдийгүй Х.Түмэнбаярын балгаар эзэмшил газраа ашиглах боломжгүйд хүрсэн "Эрдэнэс таван толгой" ХК-иас "Таван толгой" ХК-д хүсэлт хүргүүлсэн байдаг.

Түүнд нь "Эрдэнэс таван толгой" ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Таван толгойн орд газарт найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Гэтэл "Таван толгой» ХК манай компанийн MV-011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрсний овоолго байршуулсан.

Энэ нь "Эрдэнэс таван толгой" ХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна" гэсэн агуулгатай байгаа юм. Түүнчлэн "Таван толгой" ХК-ийн зүгээс төрийн өмч рүү халдаж, өдгөө 200 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн үг. Чухам яагаад ийм их хэмжээний өрөнд орчихов гэж гайхах хүн гарах л байх.

"Эрдэнэс таван толгой" ХК-иин зүгээс өөрийн эзэмшил газраа ашиглахын тулд "Таван толгой" ХК-ийн овоолгыг нүүлгэх шаардлагатай болжээ. Нийт 46.800.000 шоо.метр овоолгыг зөөвөрлөхийн тулд нийт 197 тэрбум 657 сая төгрөг зарцуулсан аж.

Харин төрийн өмчит компанийн тусгай зөвшөөрөл бүхий эзэмшлээс "Таван толгой" ХК 50.575 тонн олборлолт хийж, 1 тэрбум 788 сая төгрөгийн "хулгайлаад" зарчихсан байгаа юм.

Х.Түмэнбаярыг "Таван толгой" ХК-ийн захирал байх үедээ БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Пүшин Говь" ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, БНХАУ-ын "Shunfeng" ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэх мэтээр их л сүжирч байсан гэдэг.

Үнэндээ бол хятадууд тус компаниас нүүрс худалдаж авах эсэх нь Х.Түмэнбаярын царайг харахаас нааш бүтдэггүй байсан тухай өмнөговьчууд байтугай түнш хятадууд нь ч хэлдэг. Харин мань хүн хэлсэндээ байж чаддаггүйгээс болж өдгөө урд хөрш рүү ч айлчлахаа больсон гэнэ.

Түүнийг ИТХ-ын дарга байх үед Хятадын талаас Өмнөговийн удирдлагуудыг хамтын ажиллагааны хүрээнд хэд хэд урьсан байдаг. Гэтэл Х.Түмэнбаяр огт явалгүй, шалтаг хэлэн үлддэг байна.

Энэ нь үнэндээ мань эр хулхидсан түншүүддээ баригдаж, Хятадын шоронд орчих вий гэсэн айдсаасаа болдог хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Хүний шунал гэж барагдахгүй юм хойно Х.Түмэнбаярын шунал "Таван толгой"-г давж, Өмнөговийг хэрж, урд хөрш рүү орсон нь энэ.

Өнгөрсөн сард Г.Амарсанаа гэдэг залуу Х.Түмэнбаяр барилга бариулсан хөлсөө төлөхгүй бас л хулхидаж яваа тухай хэвлэлийн хурлаар мэдээлж байсан. Түүний хувьд өнөөдрийг хүртэл асуудлаа шийдүүлж чадаагүй хэвээр байгаа.

Бид дараагийн дугаарт Х.Түмэнбаярт итгэн хоёр жил хамаг хөдөлмөр, хөрөнгөө зориулчихаад хохирч яваа Г.Амарсанаатай уулзаж ярилцсанаа хүргэх болно.



Үргэлжлэл бий ...
Ж.НАРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

0 comments:

Post a Comment