Wednesday, July 17, 2013

“Эрдэнэт”-ийн Ч.Ганзоригийг баривчилжээ

-Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан бололтой-


УИХ-ын дэд дарга Л.Цог хаврын чуулган завсарлахын өмнөхөн "Монгол Улсын саалийн ганц үнээ тугалжээ, их ч сүү сааль өгч. Даанч нэг нөхөр тугалыг нь аваад зогсохгүй саалийг нь юу ч үгүй шувтарчихсан байна. Төрийн өмчийн хорооноос "Эрдэнэт" үйлдвэрт шалгалт хийсэн гэсэн, шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгөөч" хэмээн Ерөнхий сайдаас шаардаж байсан. Гэвч энэ асуултад Ерөнхий сайд болоод Хууль зүйн сайдын хэн хэн нь тодорхой хариу өгөөгүй. Харин сонгуулийн өмнөхөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ улсын бузар булайг ухаад байвал дундрах шинж алга. Монгол Улсыг тэжээж явдаг ганц үйлдвэрийн нэрээр нэг хувийн компанид баталгаа гаргаад, маш их хэмжээний долларын зээл аваад явчихсан, тэрийгээ төлж чадахгүйгээс эргээд өрийг нь улс төлөхөөр болж байна. Монгол Улсад оношлогооны супер төв хэд хэдийг барьчихаар мөнгө нэг албан тушаалтны үзэгний үзүүр, хувийн сонирхлоор явчихаж байна. Одоо яривал бас л сонгуультай холбоотой гэх байх. Тиймээс сонгууль дууссаны дараа мэдээлэл хийнэ" хэмээн ярьсан билээ. Тэгвэл энэ хэргийн учиг одооноос хөвөрч эхлэх шиг боллоо.

Н.Энхбаярын гэрийг битүүмжлэв

Өчигдөр Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга асан Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, эхнэр О.Цолмонгоос нь байцаалт авсан төдийгүй бүхий л эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Түүнчлэн О.Цолмонгийн төрсөн эгчийнх нь хүүг баривчилсан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын найз бүсгүйн аав С.Төмөрийн гэрт нэгжлэг хийж, хөрөнгийг нь битүүмжилжээ. Гэвч хоёр гуравхан өдрийн өмнө л Эрүүл мэндийн сайд нь "Бие нь муу байна, ялаас яаралтай чөлөөлөөд өгөөч" хэмээн гуйж байсан Н.Энхбаярын гэрт яагаад нэгжлэг хийх болсон, хамаатан саданг нь шалгах болсон шалтгаанаа хуулийн байгууллагуудаас нэг ч үгийн тайлбар хийсэнгүй.

Харин олон хүний таамаглаж байгаачлан энэ явдал саяхан АНУ-аас эргэж ирээд баривчлан саатуулагдсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт Н.Энхбаярын хэргээр мэдүүлэг, тайлбар өгч эхэлсэнтэй холбоотой байж болох юм. Тэр НИТХ-ын дарга байхдаа Н.Энхбаярыг нийслэлийн өмчид "Өргөө" зочид буудал болон "Улаанбаатар" сонины газрыг хууль бусаар хувьчлан авахад нь хамтран оролцсон хэргээр шалгагдаж байгаад АНУ-д зугтан гарсан билээ. Хоёр жил шахмын хугацаанд АНУ-д эмчлүүлэх нэрээр нуугдаж байсан түүнийг өнгөрсөн хавраас эхлэн Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд түүний АНУ-д амьдрах визний хугацаа дууссаны дараа арга буюу Монголд эргэн ирсэн билээ.

Ч.Ганзоригийг баривчилжээ

Түүнээс гадна Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй ч "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг наадмын дараахан баривчлан саатуулсан гэх мэдээлэл байна. Түүнийг Хууль зүйн сайдын өмнө хэлж байсанчлан "Эрдэнэт" үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан бололтой. Чухам хэний ямар компанид зээл олгуулсан нь тодорхойгүй ч энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан нөхдүүд ч давхар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Харин энэ хэрэг одоо "сайд нарын" гэх тодотголтой Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгт хоригдож буй Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй. Учир нь түүний хавтаст хэрэгт "Эрдэнэт" үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэх хэргээр их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэг давхар шалгагдаж байсан ч шүүхийн шатанд "нотлох баримт хангалтгүй" гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment