Wednesday, July 17, 2013

Зорилго нь аргаа зөвтгөхгүй, Үүл дарга аа

-Хүмүүсийн сэтгэл зүрхэнд илүү ойр байдаг, эмзэг сэдэв рүү ийм аргаар довтолж болохгүй-


Үүнийг бичигч бээр өмнөх удаа ч мөн адил /Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөх НИТХ-ын шийдвэр гарсны маргааш/ энэ сэдвийг хөндөж байсан билээ. Ингэхдээ Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилснийг бус, харин уг шийдвэр хэрхэн гарсан процессийг нь шүүмжилсэн хэрэг.

Угаас Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон жил буюу 2006 онд тухайн үеийн УИХ, Засгийн газар шийдвэр гаргаж, Төрийн ордны өмнөд хэсгийг Чингис хааны хөшөө болон түүний морьтон баатрууд эзэгнэх болсон цагаас эхлэн энэ асуудал маргаан дагуулсаар ирсэн билээ. Тухайн үед "Нэг талбай дээр хоёр өөр цаг үе, хоёр өөр түүхийн эздийг өөд өөдөөс нь харуулан хэрэлдүүлсэн хөшөө босгосон нь урлаг, гоо зүйн хувьд ч, утга агуулгын хувьд ч зохимжгүй байна аа" гэдэг шүүмж урлаг судлаачид болон түүх судлаачдын зүгээс гарч байсан. Тиймээс хоёр хөшөөний аль нэг нь хэзээ нэгэн цагт нөгөөдөө зай тавьж өгөх нь цаг хугацааны асуудал байлаа.

Мэдээж 800 жилийн түүхтэй Их Монгол Улсын хааны буурийг ерэн жилийн түүхтэй ардын хувьсгалын удирдагчид тавьж өгөхгүй нь эхнээсээ л тодорхой байсан шүү дээ. Тиймээс НИТХ-аас сүүлд гаргасан шийдвэрийг буруутгах аргагүй. Тэгээд ч Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл энэ тухай "Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн нь нэлээд олон шат дараатай цогц арга хэмжээний эхлэл" хэмээн хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, энэ талбай дээр одоо бариатай байгаа, МАН-ынхны саяхан намынхаа ойгоор шинээр хүрэлдсэн жанжин Сүхбаатарын хөшөөг ч гэсэн яваандаа хаа нэг тийш шилжүүлнэ гэсэн үг. Логикийн хувьд аваад үзвэл ингэхээс ч өөр аргагүй. Харин энэ шийдвэр ямар замаар гараад байна вэ гэдэг огт өөр асуудал.

Хоёрхон хоногийн өмнө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, "Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн нь хууль зөрчсөн хэрэг. Тиймээс гаргасан Ардчилсан намынхан энэ шийдвэрээ өөрчлөхгүй бол тэмцлийн өөр хэлбэр сонгоно" хэмээн сүрдүүлсэн. Уг нь бол ИТХ-ын 45 суудлын 14-ийг нь МАН авсан, МАХН ч мөн дөрвөн суудалтай. Нийлээд 18 суудал, нийт гишүүдийн 37-38 хувь. Ямар ч хууль ёсны болоод хууль бус шийдвэрийг улдаад эсэргүүцэхэд зогсоож чадах хүч.

Саяхан л ахмадуудад зориулсан түрээсийн орон сууц /өөрөөр хэлбэл социализмын үеийнх шиг өөрсдөд нь өмчлүүлэлгүйгээр ус, цахилгааныхаа төлбөрийг төлөөд улсын орон сууцанд амьдарна л гэсэн үг/ барих асуудал оруулж ирэхэд "орон сууц худалдаад авчих чадалгүй муусайн хөгшчүүлд үнэгүй өгчихөд яадаг юм" хэмээн агсарч, хурал мурлаа хаян завсарлага аваад бөөн юм болсон шүү дээ. Тэр хэрийн улс төр хийх чадалтай цөөнхийн бүлэг Сүхбаатарын талбайн асуудал дээр дуугүй өнгөрснийг бодоход НИТХ дотроо бол энэ асуудлаар санал нэгджээ гэсэн үг /эсвэл МАН, МАХН-ын гишүүд бүгдээрээ наадмын дараа тал тал тийшээ тарж явчихаад ажилдаа ирээгүй байх/. Тиймээс НИТХ-аас гарсан энэ шийдвэрийг дээр байгаа нэг УИХ-ын гишүүн ч юм уу, эсвэл улс төрийн нам "хууль бус" хэмээн нэрлэж, цуцлахыг шаардах нь өөрөө хууль бус, орон нутгийн эрх мэдэлд халдаж буй хэрэг. 

Харин МАН-ынхны яриад байгаа Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуульд "Сүхбаатарын талбай" гэдэг нэрээр орсон учир НИТХ энэ нэрийг өөрчлөх эрхгүй гэдгийн тухайд НИТХ-ын дарга Д.Баттулга өөрөө тайлбар өгсөн байна лээ. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн гудамж, талбайн нэршлийг өөрчлөх эрх нь НИТХ-д байдаг гэж. Энэ ч үнэн байх, өмнө нь тэгж л явж ирсэн юм чинь.

Тэгэхээр МАН-ынхны хувьд элдэв эсэргүүцэл, улс төрийн акци энэ тэр ярьж цаг алдахын оронд хотын захиргаа Сүхбаатарын хөшөөг хаа нэг тийшээ зөөгөөд явчихаас нь өмнө Тусгаар тогтнолынхоо ордны өмнө аваачаад тавьчихвал илүү улс төрийн хожоо болж мэднэ. Үр дүнд нь Ардчилсан намын ад үзээд хаясан Ардын хувьсгалын удирдагчийг Ардын нам аварсан болж л харагдана биз.

Уг нь бол Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөх нь логикийн хувьд илүү зохимжтой зүйл гэдгийг дээр хэлсэн. Харин ингэхийн өмнө иргэдээсээ асуух, ядаж нэг удаа ч болов дуулгачих ёстой байсан юм. Яагаад гэвэл монголчуудын талаас илүү хувь нь 800 жилийн өмнөх Их Монгол Улсын түүхээс илүү Манж, Хятадын дарлалаас гэтэлгэсэн гэх 1921 оны Ардын хувьсгалын түүхийг мэддэг, итгэж үнэмшдэг. Харин тэр түүхийг хэний нөлөөн дор бичсэн бэ, хэр зэрэг гажуудсан бэ гэдэг бол судлаачдын маргах сэдэв. Тэгээд тэр түүхээ үнэн зөв, маргаангүй болгосныхоо дараа ядахдаа арван жилийн хүүхдэд өгч байгаа түүхийн сурах бичгүүдээ сольчих хэрэгтэй шүү дээ.

Өөрөөр хэлбэл, хүмүүсийн сэтгэл зүрхэнд илүү ойр байдаг, эмзэг сэдэв рүү ийм аргаар довтолж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

Магадгүй хэрвээ хотын удирдлагууд "Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөө хоёр нэг дор хэрэлдээд байх нь зохимжгүй байна. Сүхбаатарын хөшөөг шилжүүлээд Чингисийн талбай болгох уу?" гэсэн санал асуулгыг нийслэлчүүдийн дунд явуулсан бол лав талаас илүү хувь нь дэмжих байсан биз. Тэгээд Сүхбаатарын хөшөөг хаана шилжүүлэн байршуулбал илүү зохилтой, түүхийн хувьд ямархуу нийцэлтэй талаар эрдэмтэд, судлаачдынхаа үгийг сонсч болно шүү дээ. Үүнийг л шийдвэр гаргахад нөлөөлж буй иргэдийн оролцоо гээд байгаа юм. Түүнээс биш хэн нэг Улсын баатар, эсвэл ухаантай засаг гарч ирээд бүгдийг шийдээд, "зорилго нь аргаа зөвтгөнө өө" гээд дайраад байвал энэ иргэд чинь эргээд та нарын үгэнд үнэмшихээ болино. Нэг өдрийн дотор ийм шийдвэр гаргаж байгаа нөхдүүд дараагийн удаад ямар шийдвэр гаргаж, юу гээчийн "сюрприз" барихыг таахын аргагүй шүү дээ.

Хаа очиж энэ ард түмэн чинь дарга даамал шүтэхээсээ илүү өөрөө өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргахыг илүүд үздэг болчихсон байна.

Б.СЭМҮҮН

0 comments:

Post a Comment