Friday, July 5, 2013

Монголч эрдэмтэд Будапештед хуралдав

Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ, Унгарын ШУА, Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургууль, БНСУ-ын Хангүг их сургуультай хамтран "21-р зуун руу хандаж буй Монгол Судлал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны долдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулав.


Монгол Улсын төрөөс Монгол Судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх, дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдсан дээрхи хуралд Олон Улсын Монгол Судлалын Холбооны ЕНБ-ийн дарга, академич Д.Төмөртогоо, Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч Др.Бирталан Агнеш, Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуулийн Алс Дорнодын судлалын тэнхимийн эрхлэгч Др.Хамар Имре, БНСУ-ын Хангүг их сургуулийн багш Др.Ким Кисун, Солонгосын Олон Улсын Эдийн засгийн бодлогын Институтын судлаач Др. Чо Бюнгкак, Герман Улсын Көлнийн Их сургуулийн судлаач багш, Др. Солонгодын Хурцбаатар нарын ахалсан 50 гаруй эрдэмтэд Монгол судлалын асуудлаар олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тус эрдэм шинжилгээний бага хуралд Лондоны Дорно дахин, Африк судлалын сургууль, Солонгосын Будапешт хот дахь Соёлын төв, Унгарын ШУА-ийн төлөөлөл оролцсон мөн юм. Эрдэмтэд монголын нүүдлийн соёл, түүхийн өв уламжлалаас эхлэн орчин цагийн Монгол орон, монгол үндэстний өмнө тулгарч буй соёл, өв уламжлал, түүх, нийгэм, улс төр, эдийн засгийн талаар судалсан 20-иод илтгэл хэлэлцүүлсэн нь Монгол судлалын шинэ хандлага зорилтыг тодорхойлхуйц үр дүнтэй хурал боллоо гэж оролцогчид дүгнэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0 comments:

Post a Comment