Sunday, July 21, 2013

Анд минь, алтан микрофон чинь хүлээж байна

Ид хийж бүтээж, туурвиж яваа идэрхэн андыг минь аюулт өвчин ээрчээ. Ийм залуу насанд тийм хүнд өвчин тусна гэж анд минь зүүдлээ ч үгүй биз ээ. Тиймээс ч хэр баргийн өвдөлтийг тэр тоогоо ч үгүй байх.

Ажлаа л хийж байвал жаргалтай байдаг, олонтойгоо байхад болно гэж боддог, бусад аар саархан юмыг эс тоодог гудиггүйхэн, цагаахан зантайг нь анд нөхөд нь бид мэдэх билээ.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин түүний минь эрүүл мэндийг торгыг хүр хор хорхой идэх мэт ягуухан сэмэлсээр байсныг Цогоо маань ч, ойр дотныхон нь ч, андууд нь бид ч мэдсэнгүй.

Баасанжаргалын Эрдэнэцогт. "Ийгл"-ийн Эрдэнэцогт, ТV9-ийн Эрдэнэцогт гэхээр үзэгч түмэн андахгүй. "Эрдэнэцогт мэдээллээ..." Тэрээр телевизийн цэнхэр дэлгэцээр ийнхүү үзэгчидтэй мэндэлдэг байлаа. Олны анхаарлыг татсан, эрэн сурвалжилсан содон, хурц мэдээллүүд "Эрдэнэцогт мэдээллээ..." гэсэн үгээр төгсдөг байлаа.

Б.Эрдэнэцогтын маань энэ л үг, үнэний төлөө цуцашгүй эрэл нь тасрах учиргүй. Тиймээс бид сэтгүүлч андынхаа амийг аврахын төлөө бүхий л бололцоог хайж байна. Андын маань эмчилгээнд асар их мөнгө шаардлагатай. Монголд хараахан хийж чадахгүй хүнд хагалгааг хилийн чанадад хийлгэхээр болоод байгаа юм.

Тиймээс бид андын минь амь нас, эрүүл мэндийг аврахад туслаач хэмээн сайхан сэтгэлт Монгол түмэндээ, үзэгч олондоо хандаж байна.

Та бүхний буяны цагаан сэтгэл, халуун дулаан үгс, өглөг, хандивын хүчээр сэтгүүлч анд минь хөл дээрээ босч, телевизийн эфиртээ дахин сууж, алтан микрофоноо атгаад олон түмэнтэйгээ мэндлэх цаг холгүй гэдэгт итгэж байна.

Сэтгүүлч, уран бүтээлч анд нөхөд нь

Эх сурвалж

0 comments:

Post a Comment