Sunday, July 21, 2013

Архинд живж буй Монгол

Шагчид ингэж ажилладаг

Манайд шөнийн 00:00 цагаас хойш архи, сог­тууруулах ундаа худал­даалахыг хориглосон журам үйлчлээд удаж байна. Энэхүү журам нь нэг талаараа нийгэмд хавтгайрсан архидалтыг багасгах гэж буй хэрэг боловч архины хэрэглээг улам эрсдэлтэй болгож буй юм. 1990-ээд онд ид хүчээ авч байсан шагийн архины наймаа эргээд цэцэглэж байна гэхэд болно.

Орой үдэш хаалттай дэлгүүрийн үүдэнд зогсох орчин үеийн шагчдын арга барил, бизнесийн ухаан ч мөн цаг үеээ дагаад боловсронгуй болчихож. Жижиг хэмжээний гэмт хэргийн сүлжээ болтлоо цэцэглэж буй шагчдыг хэрхэн ажлаа явуулдгийг холоос ажиглалаа.

Шөнийн 00:00 цаг өнгөрч нийслэлийн гудамж талбай сэлүүхэн, нам гүмхэн боллоо. Тээврийн товчоо руу урууддаг зам дагуу байрлах хэд хэдэн томоохон дэлгүүрийн үүдэнд хоёр гурваараа зогсох залуус хаа нэгтэйгээс хэн нэгний ирэхийг хүлээх мэт зам тосон зогосно. Хажууд нь ирж зогссон машинтай хүнтэй хэдэн үг сольсны дараа үүргэвчнээсээ нэлээд шар айраг, нэг шил архи гаргаж өгөөд мөнгийг нь тоолон авч байгаа харагдана. Өнөөх машин ч цааш явж араас нь мөн л өөр машин ирж зогсоход наймаагаа хийнэ.

Баасан гараг болоод ч тэрүү шагчид багагүй ашигтай ажиллаж байгаа нь харахад л ойлгомжтой байлаа. Очсон машин бүр архи, шар айраг хэд хэдээр нь худалдан авч хэдхэн минутын дотор гурван залуугийн том үүргэвчин дэх барааг дуусгаж орхилоо. Гэтэл нэг нь замаас зайдуухан байрны зогсоол дээр тавьсан микроноос хэдэн авдар пиво, архи гаргаж ирээд архиа цүнхнүүддээ хувааж хийгээд шар айргаа зогсож буй дэлгүүрийнхээ буланд өрж орхиод хээв нэг наймаагаа үргэлжлүүлнэ.

Тэд олон төрлийн архи шар айраг зарах нь төвөгтэй учраас ихэвчлэн "Экспорт" архи, "Нийслэл" шар айраг зардаг юм байна.

Тэгээд тэднээс очиж үнийг нь асуулаа. Архи 750 граммын савалгаатай нь 20 мянга, шар айраг 2500 төрөг гэв.

Яагаад ийм үнэтэй байгааг лавлахад "Угаасаа ийм л үнээр зардаг шүү дээ. Хаа сайгүй л ингэж зарж байгаа. Авбал ав авахгүй бол яв. Өөр машинууд ирээд булаацалдаад л авчихна" гэлээ. Тэд худалдаж буй архиа бөөний төвөөс нь 11 мянга 500 төгрөгөөр, шар айрагаа 1100 төгрөгөөр худалдаж авдаг юм байна. Шөнийн турш ашигтай ажилласан шагчдын машин дахь архи, шар айраг ч мөн дундарсан харагдлаа. Шагчид ингэж л ажилладаг юм байна.

Спирал тавиулчихаад архи уувал үхдэг гэж сонссоод больчихсон

"Хар Хорин" захын хашаанд наасан самбар дээр буй "Хорлолт идээ архи хоосрохын эхлэл архи, Гэрийн хэрүүл архинаас гэмт үйлдлүүд архинаас" гэсэн бичиг өөрийн эрхгүй нүдэнд туслаа. Архины хор уршгийг нийгэмд таниулах үүднээс хадсан энэхүү бичгийг хэн ч харсан архийг жигших сэтгэл төрнө.

Учир нь энэ хавиар өвгөнтийнхөн буюу орчин үеийн хэллэгээр "Бөбөчид" ихээр цугладаг.

Хир даг болсон уранхай ноорхой хувцас, хямдхан архины нэмвшсэн үнэр ханхалуулсан гөлөмцүү төрхтэй эдгээр хүмүүс архи хэмээх хар усанд толгойгоо залгиулснаар ийнхүү нийгмээс шахагдаж гадуурхагдаж буй хэрэг. Тэд бараг үүр цүүрээр эртлэн цуглаад "гуялаж" авсан жаахан "Бөбө"-гөө булаацалдан залгилах бөгөөд хоорондоо хараалын үг урсган хэрэлдэж заримдаа нударга зөрүүлэх нь ч бий.

Уусан биш амссан юмандаа сэтгэл нь ханаагүй ч өдрийн турш халамцуу явахад нь нэмэр болдог болохоор өглөөний цай мэт тогтсон заншлаараа ийнхүү хямдхан най­руулсан спиртээ гударч буй нь энэ. Хайсан юм аа олоод уучихсан ч гэлээ дараагийн ганц шил юм авах мөнгөний эрэлд дахин гарна. Нөхөөстэй том шуудай үүрээд хэн нэгний хаясан хуванцар савны эрэлд гарч буй нь энэ. Бусдаасаа тасран үлдэж цементен дээр хөлөө амраан сууж буй нэгэн хүн дээр очлоо.

Тэрбээр өөрийгөө Ядмаа хэмээн танилцуулсан бөгөөд согтуу нүдээр "надаар яах гэсэн юм бол" гэсэн байртай ширтэнэ. Учир байдлаа хэлэн хэсэгхэн хугацааанд түүнтэй ярилцлаа.

-Таныг сая хэсэг хүмүүстэй хамт архи ууж байхыг харсан. Ямар архи хаанаас авч уусан бэ. Амьдрал ахуй ерх нь хэр байна да?

-Найруулсан спирт л уулаа. Ойлгомжтой шүү дээ. Энэ хавьд зардаг хүмүүс байдаг юм.

-Хэдэн төгрөгөөр худалдаж авдаг юм бэ?

- Өмнө нь арай хямдхан байдаг байсан чинь сүүлийн үед нэлээд үнэд ороод байгаа. Ямар юм уухаасаа шалтгаалаад 1000-2000 төгрөг хүрдэг. Өмнө нь 500 төгрөг байсан чинь архины үнэ нэмэгдээд түүнийг дагаад үнэ нь өсчихсөн. Гэхдээ дандаа ийм юм уухгүй ээ. Заримдаа аз таарвал үйлдвэрийн гайгүй юм олоод уучихдаг.

-Одоо хаана амьдарч байна?

-Одоохондоо найзууд­тайгаа хамт зуны шавар амбаарт амьдарч байна. Эзэнгүй юм шиг болохоор нь доторхыг нь цэвэрлээд орчихсон. Хүйтэртэл толгой хорогдоод байж болох байх. Надад тогтсон гэр орон гэж байхгүй ээ. Ёстой нөгөө хээрээр гэр хэцээр дэр хийж л яваа ядарсан эр хүн. Архи уудгаасаа болоод л гэрийнхэндээ адлагдаж ядарч яваа эр хүн дээ би.

-Гэр бүлийнхэн чинь хаана байгаа вэ. Яагаад архинд орчихов?

-Эхнэр хүүхдүүд маань Ханын материалд нэг айлын хашаанд байгаа гэж сонссон. Эхнэрээсээ салаад удаж байна. Архи уугаад байна гээд эхнэр уурлаад салаад явчихсан. Би өөрөө Завханых л даа. Хотод орж ирээд 30 гаруй жил болж байна. Ах дүү хамаатан садан маань нутагтаа амьдарч байгаа. Харин архинд орсон талаараа ярих ч жаахан тиймхэн л байна. Ямар гавьяа байгуулсан биш.

-Өөрийнхөө амьдралын талаар яриач. Өмнө хаана юу хийж, яаж амьдардаг байв?

-Би уг нь гуталчин хүн л дээ. Социализмын үед ТМС төгсөөд гутлын үйлдвэрт хуваарилагдаж ажилчин болсон. Ажлаа хийж байхдаа эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон юм. Гэтэл Ардчилсан хувьсгал гарч түүний дараа улсын ихэнх үйлдвэрүүд хаагдаж, гутлын үйлдвэр маань ч бас хаагдсан.

Тухайн үед эхнэр бид хоёр ажилгүй, дээр нь хоёрын хоёр нялх нойтон хүүхэдтэй амьдрал хэцүүхэн болж эхэлсэн. Ямар байнга ажилгүй суугаад байлтай биш гэж бодоод хашаа байшингаа зарж Дэнжийн мянгын хар захын ойролцоо нэг вагончигтой хашаа худалдаж аваад гутал засвар нээж ажиллуулсан юм.

Эхнэр маань ч бас яаж зүгээр суух вэ гээд шагийн архи зарж өдөр хоногийг өнгөрөөдөг байлаа. Над дээр ирсэн найзууд маань эхнэрийн найруулдаг архинаас шаналгаж би ч өөрөө хамт уусаар байгаад нэг мэдэхэд л архинд гүн орчихсон байсан. Сүүийн 20 гаруй жил архи ууж байна даа. Би харин хаа очиж бие сайтай юм шиг байгаа юм. 20 жил архи уулаа. Надтай хамт уудаг байсан найзууд маань ихэнх нь бурхан болсон доо хөөрхий. Харин би одоо хүртэл хорвоогийн тоосыг хөдөлгөөд явж байна.

-Архинаас гаръя гэж бодоод хичээж болдоггүй юм уу. Архинаас гарахад одоо ч оройтоогүй шүү дээ?

-Мэдээж гаръя гэж бодолгүй яах вэ. Даан ч хэд хоног уухгүй байхаар хамаг бие өвдөөд босож ч чадахаа байчихдаг юм. Архины эмчилгээнд ч олон удаа явж эмчлүүлсэн. Гэхдээ гарч чадаагүй ээ. Архинаас гаргадаг спирал тавиул гэхээр тавиулах санаатай хүнээс асуусан чинь тэрийг тавиулчихаад архи уух юм бол шууд үхдэг гэхээр нь айгаад тавиулаагүй. Одоо нас ч нэлээн явлаа. Архинаас гарна гэж байхгүй биз дээ.

-Уг нь архинаас гараад ажил хөдлөлмөр эрхлээд ар гэрийнхэнтэйгээ амьдарвал зүгээр дээ?

-Нэгэнт өнгөрсөн амьд­ралыг буцааж чадахгүйгээс хойш одоо энд гаслаад яах ч билээ. /шүлсээ хаянгаа уйлав/ Залуу халуун насаандаа улс орныхоо төлөө хөдөлмөрлөж явлаа. Үр удмаа ч үлдээлээ.

Тэд маань сайн явах байх аа. Тэдэндээ л дараа болчихгүй чимээгүйхэн явчих юмсан л гэж бодож байна. Гэхдээ цагаа тула­хаар үхэж чадахгүй новширно л доо, угаасаа.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"



0 comments:

Post a Comment