Thursday, July 18, 2013

“44-ийн” модны захыг хаажээ

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хамтран хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээ авч, ажиллаж байгаа. Энэ хүрээнд БОНХЯ-ны харьяа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх алба байгуулж, стандартын бус мод худалдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож эхэлжээ. Тодруулбал, саяхан тус албанаас бидний нэрлэж заншсанаар "44-ийн зах" буюу Төмөр замын "Ачиж буулгах зориулалтын анги"-ийн газар дээр байрлаж байсан захын үйл ажиллагааг нь зогсоосон байна. Уг захын барилгын материалын худалдаа явуулах зөвшөөрөл нь 2002 онд дууссан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн турш хугацаа нь дууссан, хүчингүй зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон аж. Төмөр замын "Ачиж буулгах зориулалтын анги" дээр захын үйл ажиллагаа явуулсан нь Монгол Улсын Хөдөлмөр аюулгүй байдлын тухай, Галын тухай гэх мэт хууль, тогтоомжуудыг зөрчиж буй юм. Энэ талаар БОНХЯ-ны харьяа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албаны дарга, Улсын байцаагч Н.Амгалангаас тодруулахад "Энэ захын үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэрийг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд өгсөн. Дахин хууль бусаар ажиллаж эхэлбэл 150 сая хүртэлх мөнгөн торгууль ногдуулна" гэлээ.

Т.ДАРХАН

0 comments:

Post a Comment