Saturday, July 20, 2013

15 мянган дээлтэй Монгол чууллаа

Дэлхийн гайхагддаг үндэсний дээл хувцасаараа гоёсон иргэд өнөөдөр Чингис хааны талбайд хуран чууллаа. Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой "Дээлтэй Монгол" наадам нийслэлийн төв талбайд долоо дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн "Дээлтэй Монгол наадам"-ын зохион байгуулагчаар ССАЖЯ, Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо ажилласан бөгөөд тэдэнтэй хамтран Нийслэлийн Соёл урлагийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд, "Түмэн-Эх" чуулга, "Монгол костюмс", "Саунд оф Монголиа" зэрэг компаниуд ажилласан юм.

Төв талбайг Чингис хааны хэмээх нэрлэснээс хойш олныг хамарсан анхны томоохон арга хэмжээ нь "Дээлтэй монгол" наадмаар эхэллээ. Энэ наадамд хөлд ч ороогүй бяцхан үрсээс эхлээд хөгшин буурал ахмадууд үндэсний сайхан дээл хувцас иж бүрнээр нь гоён ирсэн байв.

Наадмын хамгийн том үзүүлбэр бол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал юм. Энэ удаагийн наадамд нийт 15 мянган хүн дээлээрээ гоён жагсан оролцсон бөгөөд Геннист уг амжилтыг бүртгүүлэхээр наадмын зохино байгуулагчид дүрслүүлэн авсан юм. Өнөөдрийн жагсаалд нийслэлийн долоон дүүргийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, баатрууд, соёл, урлаг спортын алдартнууд, ахмад тамирчид, залуучууд, хүүхэд багачууд нийлсэн 15 мянган хүн өөрсдийн идэвх санаачилгаар  оролцлоо.

Анх  200 гаруй хүнийг хамарч байсан тус наадамд энэ жил 15 мянган болтлоо өргөжин тэлжээ. Бөмбөрийн гайхамшгийг мэдрүүлдэг "Drum Stick" хамтлагийнхан наадмын тоглолтыг нээсэн бол ДБЭТ-ын уран бүтээлчид Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын "Чингис хаан" дуурийн Чингис хааны арины олны хэсэг,  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жvжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын "Хан бүргэд" дуурийн полонез бүжгийг үзэгч, зочдод дэлгэн харууллаа. Урлагийн тоглолтын дараагаар "Монгол костюмс"-ын "Хүннү", "Монголын олон үндэстэн ястан" загварын шоу үзүүлбэрийг толилуулсан юм.

Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёх энэ өдөр монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон  дүүрэг гээд зургаан төрлийн эздүүд  тодорлоо.

Дээлтэй монгол наадам 2013 Шилдэгүүд

Хамт олон идэвхтэй оролцсон байгууллага: "Цаст цагаан алтай" ХХК

Шилдэг дүүрэг: Хан-Уул дүүрэг

Шилдэг бяцхан оролцогчоор:  ах дүү ихэр н.Содбаяр, н.Содбилэг

Шилдэг гадаад хос: Дан Эллес, Ж.Эрдэнэсүрэн


 "Дээлтэй Монгол" наадмын үеэр Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбаттай уулзан ярилцлаа.


-Энэ удаагийн "Дээлтэй Монгол" наадамд хэчнээн хүн оролцсон бэ?

-2007 оноос хойш долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Дээлтэй Монгол" наадам амжилттай өндөрлөлөө. Энэ наадам маань энэ жил хоёр онцлогтой боллоо. Их Эзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэснээс хойших хамгийн анхны арга хэмжээ. Бид үүнийг бэлэгшээж байгаа. Мөн өнөөдөр бид дэлхийн гол ном болох Геннист бүртгүүлэхээр энэ парад жагсаалаа зохион байгуулсан. Улаанбаатар хотын есөн дүүргээс 15 мянган иргэд маань үндэсний дээл, хувцастайгаа Монгол ахуй, эд соёлынхоо зүйлстэй оролцож Геннисийн номонд бүртгүүлэх телевизийн бичлэгийг амжилттай хийлгэлээ. Өнөөдөр бид зөвхөн дээлтэй Монгол парадаасаа гадна олон арга хэмжээг зохион байгууллаа. Манай загварын "Монгол костюмс" компанийхан 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Тэд уг ойн хүрээндээ Хүннү, орчин үеийн гэсэн олон үеийг харуулсан хэлбэр дизайнтай үндэсний хувцасны шоуг үзүүллээ. Мөн шилдэг бяцхан оролцогч, шилдэг ахмад оролцогчдоо тодрууллаа. Үүнд Монголд амьдардаг 16 үндэстэн ястаны үндэсний хувцасыг үндэстэн ястан нь өөрсдөө өмсөж дэлгэн харууллаа. Өнгөрсөн жилээс эхлэн бид нэг шаардлагагыг тавьж байгаа. Энэ бол заавал өөрсдөө хийсэн байна гэж. Тийм учраас ээж, аав, өвөө, эмээгээрээ хийлгэсэн, тэднээс өвлөж авсан, ур хийц шингэсэн, өөрсдийнх нь эдэлдэг, хайрладаг хувцасаа өмсөж оролцож байгаа учраас тэд ч сэтгэл өндөр, үүнийг үзэж харж байгаа хүмүүст ч сэтгэгдэл өндөр байна.

-Энэ талбайд зөвхөн энэ наадамд зориулан үндэсний хувцасаа урлан гоёсон хүмүүс олон байна. Энэ утгаараа наадмын цар хүрээ өргөсөж байгаа юм бол уу?

-Тийм шүү. Энэ наадмыг маань жилийн өмнөөс хүлээн, үүндээ бэлдээд хүрч ирж байгаа хүмүүс олон байна. Тэр тусмаа энэ олон бяцхан хүүхдүүдийн эцэг, эх ч ямар уран болсон юм бэ. Их сайхан хувцас хийж өгчээ. Дээрээс нь манай залуус үндэсний хувцасаараа гоёж, энэ тэмцээнд оролцдог болжээ. Энэ тэмцээн анх эхэлж байхад ахмадууд их ордог байсан бол одоо дунд үе, залуучууд их оролцож байгаад бид бахархаж байна. Манай энэ тэмцээнд оролцсон хосууд гэхэд л хуримандаа зоруилан ээж, аав, загварын салоноор урлуулсан дээлээрээ гоён ирж байна. Тэгэхээр хуримандаа, цагаан сараар, наадмаар, Дээлтэй Монголдоо гээд залуус энэ хэмжээгээрээ үндэсний дээлээрээ гоён гадны зочин, жуулчид Монголд ирэхэд монголчууд монгол дээлээ өмсдөг, бахархдаг, эдэлж хэрэглэдэг болсоныг харуулах нь ээ. Сүүлийн үед жүжигчин малчинтай болчих гээд банйа гээд байгаа шүү дээ. Хотоос гарахад л европ хувцастай хүмүүс их болж гээд. Тэгвэл жинхэнэ Монгол ахуй хотоос гараад л байдаг байх ийм зүйл рүү бид тодорхой алхам хийж байна гэж бодож байна.

-Гадаадын иргэд Монгол дээлээр их гоёжээ. Наадамд оролцохоор хэчнээн гадаадын иргэд бүртгүүлсэн бэ?

-Энэ арга хэмжээнд нийт 100-гаад гадны жуулчин, энд байгаа Элчин сайдын яамны ажилчид, Олон Улсын байгууллагынхан оролцсон. Тэдэн дотроос өнөөдөр дөрвөн хос Монгол үндэсний хувцасны гадаад хос номинацид оролцлоо. Тийм учраас манай Монгол дээл гэдэг бол эртний уламжлалтай бүх хүнд зохидог сайхан хувцас аа. Бид бас дэлхийтэй хөл нийлүүлэн Монголоо сурталчилахад ирсэн жуулчдад үндэсний уламлалаа сурталчилж байна. Тэд манай үндэсний хувцасыг өмсөж, наадамд маань оролцож байна аа гэдэг нь манай үндэсний хувцас өмсөхөд эвтэйхэн, эртний түүхтэй, сэтгэгдэл үлдээдэг, төгс хувцас юм аа гэдгийг харуулж байгаагийн нэг илрэл юм.

-Энэ жилийн шилдэг үндэсний дээлийн хос номинацид хэчнээн хос бүртгүүлсэн бэ?

-53 шилдэг хос, 15 ахмад хос, 100 бяцхан хүүхэд, дөрвөн гадаад хос нэр дэвшин бүртгүүлсэн.

-Анх "Дээлтэй Монгол" наадам болж байсан тэр үеийг эргэн нэг дурсахгүй юу?

-Одоогоос долоон жилийн өмнө бид Сүхбаатарын талбай дээр 200 хүний бүрэлдэхүүнтэй монгол дээлтэй парад хийж байсан бол өнөөдөр 15 мянган хүнээ жагсаагаад Геннисийн номд бүртгүүлэхээр видео бичлэгээ амжилттай хийж чадсан.  Нар хур тэгширсэн энэ өдөр бид бүх зүйлээ амжуулсандаа сэтгэл их өндөр байна.

-Геннист бүртгүүлэх бичлэгийг хаанаас хийв? Хэзээ Геннист илгээн иргэдэд хариуг нь дуулгахаар төлөвлөөд байна?

-Хангарьд ордоны 15 давхараас хоёр камер, Чингис хааны талбайгаас хоёр камер гээд нийт дөрвөн камераар зэрэг бичилт хийсэн. Бид энэ бичлэгээ ирэх долоо хоногт Англид буй Геннисийн рекорд бүртгэх газар руу явуулна. Тэд ажлын 6-7 хоногийн дараа бидэнд хариу ирүүлнэ гэсэн. Тэндээс хариу ирэхээр бид хэвлэлийн бага хурал хийн үүнийг нийт монголчууддаа эргэн мэдээлэх болно.

-Дээлтэй Монгол наадамд оролцож байгаа үндэсний хувцас бусдаасаа юугаараа ялгаатай вэ?

-Манай "Дээлтэй Монгол" наадам өөрөө их онцлогтой. Үндэсний их баяр наадмаас өөр болдог. Учир нь иргэд үндэсний их баяр наадамдаа тухайн жил Хүннү гүрний 2220 жилийн ой гээд тухайн загварын дээлнүүдийг голлон гоёдог бол энэ наадамд оролцож буй үндэсний дээлүүд бүх цаг үеийг хамардагаараа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Энд та бүхэн Хүннүгээс эхлээд Их Монгол улс, Ардын хувьсгалын үе, Ардчилсан хувьсгал ялсанаас хойших 20 гаруй жилийн үндэсний хувцасны шинэчлэл өөрчлөлтийг ч харна. Тэгэхээр Монгол үндэстэн үүсэн хөгжсөн бүхий л үеийн эдэлж, хэрэглэж байсан ташуу болоод босоо захтай, орчин үеийн дан дээл, богино хантааз энэ бүхнийг энзд хардагаараа онцлогтой. Жил жилд үндэстэн ястан бүр өөрсдийнхөө хувцасаар гоёж ирдэгэээрээ улсын баяр наадмаас илүү их онцлогтой.

-Энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс оролцов?

-Шүүгч нар маань дан угсаатан зүйчид буюу Монгол дээлийг судлаач, эрдэмтэд оролцсон. Хуучин бид загварын салон юм уу, ерөнхийдөө гайгүй дээл өмсдөг хүмүүсээс тавичихаар хүмүүс монгол дээлийнхээ талаар их мэддэг болчихсон учраас шүүмж их гарах болсон. Монголчууд дээлээ судалж, мэдэрч өмсдөг болсон учраас эдгээр хүмүүсээс шалгаруулахын тулд тэр түүхийг нь мэддэг угсаатан зүйч, эрдэмтдээр шүүлгэхгүй бол болохгүй. СУИС-ын угсаатан зүйч, багш нар, монгол дээлээ судалж эрдмйин зэрэг цол хамгаалж байгаа эрдэмтэн профессороор шүүлгэж байгаа. Бид хүмүүсийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх ёстой. Тэгж байж жилийн жилд иргэд илүү олноор оролцож байх юм. Мөн бид үндэсний хувцасаа иж бүрдэлээр нь өмсөх ёстой гэсэн шалгуурыг тавьж байгаа. Үндэсний хувцас өмсөөд доогуураа ботинктой байж болохгүй зэрэг монголчууд тэр үедээ ямар байдлаар өмсөж, хэрэглэж байсан түүнийг л хэрэглэх ёстой гэсэн  шаардлага тавьж байгаа.

Г.ДАША

0 comments:

Post a Comment