Saturday, July 20, 2013

Захирлуудын сонгон шалгаруулалт дуусчээ

Боловсрол, шинжлэх ухааны яам зарласан төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалга­руулалт дууслаа. Энэхүү сонгон шалгаруулалтыг нэгдү­гээр сарын  эхээр зарлаж, тус сардаа захиралд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн материалыг хү­лээн авч дууссан юм. Сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлө­лөөс өгсөн чиглэлийн дагуу яамны төрийн на­рийн бичгийн даргыг ал­бажуулсны дараа явуу­лахаар хойшлуулаад бай­жээ.

Харин төрийн өмчит их сургуулиудын шинэ захирлуудын сон­гон шалгаруулалт өнгөрсөн до­лоо хоногт явагдаж дуус­лаа. 

Захирлын албан ту­шаалд өрсөлдөхөөр  МУИС-д 10, ХААИС-д 10, ШУТИС-д 14, ЭМШУИС-д 16 нийт 50 хүн нэрээ дэвшүүлж ма­те­риалаа ирүүлсэн аж. Эхний шатны сонгон  шал­га­руулалтаар ШУТИС-иас тав, ЭМШУИС-иас гурав, ХААИС-иас гурван хүн хасагджээ. Харин  МУИС-иас дөрвөн  хүн хасагдаж нэг хүн нэрээ татаж авсан байна.  Эдгээр хүмүүсийн дийлэнх нь бичиг ба­римтын бүрдүүлэлт дутуу, ажилласан жил хүрээгүй, ажлын байранд тавигдах шаард­лага хангаагүй  гэ­сэн  шалтгаанаар хасагд­жээ. Их, дээд сургуулийн захиралд нэрээ дэвшүү­лэгчдэд докторын зэрэг­тэй, тухайн их сургуулийн эрхэлдэг сургалтын аль нэг чиглэлээр дээд бо­ловсролтой, тухайн сур­гуулийн эрхэлдэг сур­галт, судалгааны чиглэлээр мэр­гэшсэн, боловсрол, шинжлэх ухаа­ны салбарт удирдах албан ту­шаалд таваас доошгүй жил ажил­ласан, менежмент, эрх зүйн зохих мэдлэг, туршлагатай, байгуул­лагын хамт олон, сургалт, судал­гааны ажлыг удир­дан зохион бай­гуулах чадвартай, хоёроос доош­гүй гадаад хэлний мэдлэгтэй зэрэг шаард­лагуудыг тавьжээ.

Сонгон шалгаруу­лалтын үнэл­гээг онооны зарчмаар хийх аж. Нийт 100 онооны үнэлгээтэй­гээс босго оноо нь 80 гэнэ. 80-аас дээш оноо авсан нэр дэвшигчийг шаард­лага хангасанд тооцон төрийн албаны зөвлө­лийн салбар зөв­лөлд та­нилцуулах юм байна. Тө­рийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс  сур­гууль тус бүрээс нэг хүний нэрийг сонгож БШУ-ны сайдад танилцуулах нь. Тухайн нэр дэвшигчийг сайд  батал­гаа­жуулах л үүрэгтэй юм байна.

Даш­рамд дурдахад өмнө нь төрийн албаны зөвлө­лийн салбар зөв­лөлөөс 2-3 хүний нэрийг дэв­шүүлж тэндээс БШУ-ны сайд нэгийг нь сонгож баталгаажуулдаг байжээ. Харин энэ жилээс төрийн албаны зөвлөлөөс 60 дугаар тог­тоол гаргас­наар салбар зөвлөлөөс нэг нэр дэвшигчийн нэ­рийг сонгон шалгаруулж сайдад өргөн мэ­дүүлдэг болж байгаа юм.

Б.БИЛЭГ

0 comments:

Post a Comment