Saturday, June 29, 2013

Нийслэлчүүд цэмцгэр орчинд наадна

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил ид үргэлжилж байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач Э.Бат-Үүл бямба гарагт Үндэсний их баяр наадмын бэлтгэл болон тохижилт, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.  Төв цэнгэлдэх хүрээлэн анх 1958 онд ашиглалтад орсон,  12500  үзэгчийн суудалтай. Харин энэ жилийн хувьд  шинээр 2000 үзэгчийн суудлыг нэмж байрлуулахаар болоод байгаа юм.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд  наадмын үйл ажиллагааг сурвалжлах  хэвлэл мэдээллийн ажилтнуудын зогсох талбайг өргөсгөж, томруулахаар засварын ажил эхэлжээ.  Мөн цэнглэдэхийн гадна болон дотор талыг бүхэлд нь засаж, шинэчилж байна. Ерөнхийдөө ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна гэж албаныхан танилцууллаа.  Төв цэнгэлэдхийн гадна талд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг дүүрэг дүүргээр нь  бүсчлэн хувааж, аж ахуйн нэжгүүд өөр өөрийн гэсэн хэв маягаар тухайн орчиндоо тохижлт хийх юм байна.

Шагайн харваа болон сурын харвааны өмнөх талбайг  бетондож хатуу хучилттай болгож , тоос, шороогүй цэмцгэр орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж  байгаа юм байна.
Мөн Төв цэнгэлдэх орчим хогийн сав, нийтийн бие засах газрыг хангалттай хэмжээгээр байруулж оюутан залуустай хамтран "Цэмцгэр Монгол" наадам үйл ажиллагааг зохион байгуулна гэж холбогдох албаныхан хотын даргад танилцууллаа. Цэнгэлдэхийн төв хаалга дагуу гоёмсог цэцгийн мандлыг байгуулж, дотор, гадна талд зүлэгжүүлэлт хийжээ.

Энэ үеэр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг найруулах төрийн шагналт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам, энэ жилийн наадмыг  үндэсний язгуур урлагийг дээдэлсэн, монгол бахархалыг төрүүлсэн байдлаар хийхээр төлөвлөж байгаагаа хэлж, наадмын нээлтийн хөтөлбөрөөсөө задаллаа. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр 999 уртын дууч нэгэн зэрэг дуулж, 999 бүжигчин ардын бие биелэгээг нутаг нутгийн онцлогтойгоор бүжиглэн толилуулах юм байна.
 

Хүй долоон худагт 50 метр тутамд хогийн сав байрлуулна

 
Хүй долоон худагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.  Хүй долоон худгийн  20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн наадаар 5800 автомашины зогсоолыг хийж дуусгах юм байна. Мөн 12,5 га талбай буюу наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд тойрог хэлбэрээр эко хавтан тавьж,  тойргын голд зүлэгжүүлэлт хийн наадмын үзүүлбэр, тоглолтуудыг зохион байгуулах юм. Үйлчилгээний талбайд 50 метр тутамд хогийн сав байрлуулахаас гадна, наадамчин олон, тэр дундаа гадны жуулчдад  зориулсан урлагийн тоглот үзүүүлбэрүүдийг түлхүү толилуулахаар бэлтгэж эхэлжээ.

361-ийн гарамаас Хүй долоон худаг хүртэл 8,5 зм автозамын ажил 7 сарын 5 гэхэд дуусах юм байна. Харин 2013 оны нийслэлийн төсвийн тодотголд Хүй долоон худгийн цахилгааны эх үүсвэрийн асуудлыг нэмж тусгуулж, НИТХ-ээр хэлэлцүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг дарга, Үндэсний баяр наадмын цөм нь Хүй долоон худагт байхаар цаашид төлөвлөн ажиллана, гол хөрөнгө оруулалтууд тэнд хийгдэх болно гэдгийг онцолж Хүй долоон худагт "Монгол наадам" цогцолбор барих ажлын эхний томоохон бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.  Хүй долоон худагт "Монгол наадам" цогцолбор барих асуудлыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ жил "Монгол Наадам" цогцолбор барих ажил ийнхүү эхлэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

0 comments:

Post a Comment