Friday, June 14, 2013

Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргажээ

Шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэж, Интерполоор эрэн сурвалжилж буй НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргажээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат "Н.Энхбаярын авлигын гэгдэх хэрэгт түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга Т.Билэгт нарыг эрэн сурвалжилж байгаа. Саяхан Интерполоос манай байгууллагад энэ тухай мэдэгдэж, энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах тухай албан бичиг ирүүлсэн. Т.Билэгтэд цагаачлах эрх олгох эсэхийг АНУ шийдвэрлэнэ. Энэ асуудал цаашид хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй байна" гэж мэдээлсэн юм. 

Тэднийг ямар хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа вэ?

Н.Энхбаярын бусадтай бүлэглэн, хууль бусаар "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан "Эскон" компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн. Тухайн үед Н.Энхбаяр өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр 2012 онд "Эксон" гэх компанийг  шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдлахыг оролдсон байдаг. Түүнчлэн Н.Энхбаяр "Өргөө" зочид буудлыг Б.Хуягийн "Хар дун" компанид  шилжүүлсэнтэй холбогдуулан энэ хоёр хүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хууль бус хувьчлалд ихээхэн дэмжлэг үзүүлж, шийдвэр гарган оролцсон хэрэгт сэжигтнээр татаад байгаа юм.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment