Шинээр харахын учир ...

Дэлхийн зарим улс орнууд гадаад хэлний хөгжил, бодлогыг өөрийн орны нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болгосноос гадна нийгмийн хөгжилд чухал ач холбогдол, нөлөөтэй байдгийг тогтоосон олон судалгаа байдаг. Англи хэл нийгмийн хөгжилд чухал хөшүүрэг болж байгаа нь бизнесийн байгууллагуудын олон улсын харилцаа, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүйн орчинд болж байгаа өөрчлөлтөөс илт харагдаж байна. Аливаа мэдээллийн эх сурвалжид шууд хүрэхийн тулд гүүглэдэх, эсвэл википедиагаас лавлах зэрэг нь хэрэглээг ихэд хялбаршуулсан төдийгүй, энгийн түгээмэл үйлдэл болжээ.
Энэ цаг үед бидэнд аливаа зүйлийг шинээр харах, дахин төлөвлөх шаардлага зайлшгүй тулгарч байна. Гадаад хэлийг бид өөрийн нийгмийн бодлоготой холбох нь ойлгомжгүй юм шиг боловч гадаад хэлний талаар баримталж буй төрийн бодлогоос тухайн улсын улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогын хөгжлийг шууд харж болдог туршлага бий. Тухайн хэлийг хэрхэн нутагшуулах, стандарт мөрдөх талаар өөрийн гэсэн тогтсон бодлоготой байх нь эх хэлний дархлаагаа бэхжүүлэх, гадаад хэлийг хэт шүтэн туйлшрахаас сэргийлдэг төдийгүй, гадаад хэл дээрх мэдээ мэдээллийг шуурхай хүлээж авах, бодит хэрэглээ болгоход хэмжигдэхүйц үр дүнгээ өгдөг нь олон улс орны туршлагаар нотлогдсон зүйл.
Төрөлх Монгол хэлний стандарт байхгүй байхад гадаад хэлний стандартыг ярих илүүц юм шиг харагдаж болох юм. Гэвч Англи хэлний тухайд бид илүү нарийн ойлгож, ул суурьтай хандах шаардлагатай нийгмийн бодит хэрэгцээ шаардлага байна. Өөрөөр хэлбэл, Англи хэлний хэрэглээ өнөөдөр дэлхийн хэл болтлоо хөгжиж, даяарчлалын үндсэн хэл болж, олон улсын түвшинд 50 гаруй стандарттай болсон учраас бид олон улсын хэлийг олон улсын түвшинд нь хэрэглэж сурах, үнэлж тогтоох хэрэгтэй байна. Иймээс Англи хэлний бодлогыг нийгмийн хөгжлийн бодлогод оруулах асуудлыг эрчимжүүлэх цаг нэгэнт иржээ гэдгийг хүлээн зөвшөөрмөөр байна. Англи хэлний хөтөлбөрийн олон улсын стандартыг хэрэгжүүлж эхэлснээр, бие хүний хөгжлийг дэмжих бодитой хөшүүрэг болох төдийгүй, нийгэмд Англи хэлийг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг хүүхэд залуучуудад нээж өгөх юм.
Өнөөдөр нийслэл Улаанбаатарт ар араасаа цувран нээгдэж байгаа янз бүрийн түвшний сургалтуудтай, байршлаараа элит, роял, палас гэж овоглох болсон Америк, Англи болон олон улсын тодотголтой хувийн дунд болон их, дээд сургуулиуд боловсролын шинэ давхрааг чимээгүйхэн үүсгээд байгааг анзаарахгүй байхын аргагүй болжээ. Англи хэлийг олон улсын стандартын дагуу мэргэжлийн түвшинд заагаад эхэлсэн энэ олон хувийн дунд сургуулиудаас харахад бид Англи хэлийг хэлний бодлогын хэмжээнд үзэх цаг үнэхээр иржээ гэдэг нь харагдаж байна.
Өдөр тутмын сонингуудад Англи хэл дээр гарч байгаа ажлын байрны нээлттэй зарууд, тендерийн шалгаруулалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн зарууд, Англи хэлтэй монгол ажилтан шалгаруулж авна гэсэн заруудад судалгаа хийж үзэхэд, гадаад хэлний, ялангуяа Англи хэлний талаар боловсролын нэгдсэн бодлого стандарттай болох нь зөвхөн боловсролын салбарын төдийгүй, эдийн засаг, хууль эрх зүй, түүн дотроо тусгай мэргэжлийн салбаруудын ч асуудал бас мөн билээ.
Англи хэлний бодит хэрэгцээ шаардлагыг тодорхой харуулах нэг үзүүлэлт нь Англи хэл зааж байгаа төрийн болон хувийн дунд сургуулиуд, их дээд сургуулиуд, сургалтын төвүүд их болсноос харж болно. Англи хэл манай орны хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгааг, Англи хэл манай оронд өөрөө аяндаа эргэж буцалтгүй эрчимтэй хөгжөөд байгааг, Англи хэл манай нийгмийн хөгжилд чухал хөшүүрэг болоод байгаа энэ цаг үед Англи хэлний хөтөлбөрийн олон улсын стандартыг үндэсний хэмжээнд хэлэлцэж, Англи хэлний мэдлэг, чадамжийг олон улсын үнэлгээний стандартаар үнэлж, хэрэглэж эхлэх нь бидний нийгмээрээ хүлээж буй "тэр амжилтын түлхүүр зорилтуудын нэг" яах аргагүй мөн билээ.
Н.Батжаргал

0 comments:
Post a Comment