Friday, April 19, 2013

Баянголчуудыг цэвэрлэгээндээ оролцохыг уриаллаа

Баянголчуудыг цэвэрлэгээндээ оролцохыг уриаллаа

Баянгол дүүрэг 2013 оныг Нийгмийн хариуцлагын жил болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд Засаг даргын Тамгын газрын зүгээс "Баянголчуудын бямба" аяныг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар тус дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболдоос дараахь зүйлийг тодрууллаа.

-Баянголчуудын бямба буюу нийтийн их цэвэрлэгээний нэг өдрийг зарлаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд ямар үр дүн гарч байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Баянголчуудын бямба" аяныг санаачилснаас хойш долоон удаагийн бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 500 тонн хог цэвэрлэжээ. Үүнд давхардсан тоогоор 21 мянган хүн оролцсон гэсэн мэдээлэл байна. Эхэн үеэ бодвол хүмүүс бидний энэхүү аяныг дэмжиж, иргэд өөрсдөө санал, санаачилга гаргадаг болсон. 12 дугаар хорооны Залуучуудын холбоо, Ахмадын хорооныхон бямба гараг бүрт ээлжлэн цэвэрлэгээ өрнүүлж байна. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуулиуд зохион байгуулалтад орж, орчноо цэвэрлэж эхэлсэн. Энэ мэтээр дурдвал "Баянголчуудын бямба" аян үр дүнгээ өгөх байх гэж найдаж байгаа.

-Баянгол дүүрэгт хур хог хуримтлагдсан цэг нэлээд хэд байдаг. Эдгээрт анхаарлаа хэрхэн хандуулж байна вэ?

-Иргэд, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дэмжлэгтэйгээр, "Баянгол-Шинэ өргөө" компанийнхан эдгээр хур хогийг цэвэрлэж байгаа. Гандангийн дэмжийн үерийн даланд гурван ч удаагийн их цэвэрлэгээ орлоо. Энэ бямба гарагт Төмөр зам, TBD Андууд төвийн арын далан хавьцаах хур хогийг цэвэрлэхээр төлөвлөөд байна. Мөн гэр хорооллын жалганаас гадна Гандангийн дэнжийн үеийн даланг дахин цэвэрлэнэ.

-Энэ аян хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

-Энэ цэвэрлэгээг бүх нийтэд хэвшүүлэх нь бидний зорилго. Баянгол дүүрэг бол их хотын төв цэг. Тиймээс цэвэр, цэмцгэр байж, иргэд нь хотын соёлд суралцах ёстой. Бид Баянголчуудыг бямба гараг бүр өөрийнхөө орчин тойрныг цэвэрлэдэг болгож хэвшүүлэхийг л хүсээд байгаа юм. Ердөө гуравхан цагийг дүүргийнхээ төлөө, цаашилбал, өөрийнхөө төлөө зарцуулж сураарай гэж хэмээн уриалж байна.

-Уучлаарай, сониучирхаад асуучихъя. Та бямба гарагт цэвэрлэгээнд гардаг уу?

-Би Баянгол дүүргийн иргэн. Дээрээс нь Засаг даргын орлогч хүн. Тиймээс энэ цэвэрлэгээнд манлайлан оролцох ёстой гэж боддог. Ер нь би ч гэлтгүй, манай Засаг дарга, орлогч дарга нар, харъяа хэлтэсүүд, хороодын дарга нар хүрзээ бариад хогоо цэвэрлэж явахыг иргэд зөндөө л харсан байх.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment