Friday, April 19, 2013

Н.Хүрэлбаатарын гэрээс 2 сая юаньтай сейф алдагджээ

Н.Хүрэлбаатарын гэрээс 2 сая юаньтай сейф алдагджээ

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй


УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд данстай нь илэрч МАН-ынханы сэтгэлийг хөөрүүлэв. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрыг огцруулах томоохон тоглолт сэдэж, бас чиг дахин сонгуульд ялсан баяр хөөрт умбан их л идэвхитэй байна. С.Баярцогт Швейцарт данстай байжээ. Тэгвэл хогийн саванд хагас тэрбум илүү төгрөг хэний ч анхаарал таталгүй хэвтэж байсан гээд бод доо. Энэ мөнгөний эзэн нь МАН-ын мэргэн шийдвэрээр дуулиан шуугиантайгаар сайдын сэнтийд заларлаа хэмээн пиардуулж байсан нэгнийх байжээ.

Энэ хэрэг маш их ээдрээтэй. Ингээд олон үг үл нуршин чухам юу болсон, уг хэргийг хэрхэн дарагдуулсан тухай чадан ядан олж авсан эх сурвалжийн мэдээллээ хүргэе.

2011 оны 5 сарын дундуур Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу "Рапид харш" хотхоны 5А байрны 35 тоотод оршин суугч Энхбат гэгчийн гэрт хулгай орж, цагдаад дуудлага өгчээ. Гэрээс ганцхан зүйл алдагдсан байлаа. Тэр нь сейф гэнэ. Тэр дотор чухам юу байгааг нь хэлсэнгүй, хэн ч мэдсэнгүй.

Цагдаагийнхан нэн тэргүүнд Энхбатын ойрын хүрээний хүмүүсийг шалгаж эхэлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө түүнтэй хамт наргисан гэх нэгэн бүсгүйг сэжиглэн хорьж саатуулжээ. Гэтэл хулгайч нь илрэлгүйгээр хулгайлагдсан сейф нь олдох нь тэр.

Тухайн үедээ багийн эмчээс эхлээд зөвхөн эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэх рекламтайгаар Эрүүл мэндийн сайдын сэнтийд заларсан цагаан нөмрөгт баатар Нямдаваагийн Хүрэлбаатар гэнэт цагдаа руу утасджээ. "Сейф олдлоо. Зөвхөн цагдаагийнханд өгнө гээд байна" гэж ярих нь тэр.

Цагдаагийнхан ч мэл гайхаж цэл хөхрөв. Энхбат гэгчийн гэрээс алдагдсан сейфийг Эрүүл мэндийн сайд илрүүлчихсэн байх нь үүлгүй тэнгэрээс аянга ниргэхтэй адил сонсогдсон нь ойлгомжтой. Нууц илэрч эхлэх нь тэр. Энхбат гэгч нь Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын нууц хүүхэд болж таарлаа.

Энхбатын нууц эцэг Н.Хүрэлбаатар сайд руу дугаар нууцалсан утаснаас утасдан "Наад охиноо мөрдөнгөөс гаргачих. Сейфийг чинь өгье" гэж хэлсэн байгаа юм. Яг л Холливуудын кино шиг адал явдал өрнөж эхэллээ. Охиныг сулласны дараа сейфийг өгөх газраа Н.Хүрэлбаатар сайдад мэдэгдэхээр болжээ. Сайд ч дорхноо цагдаагийнханд тушаал буулган мөнөөхөн охиныг суллаж орхив.

Дугаар нууцалсан утаснаас дахиад л залгалаа. Тэд сейфийг төв цэнгэлдэхийн дэргэдэх хогийн саванд хаячихснаа хэллээ. Мэдээж хэрэг сейфийг очиж авсан цагдаагийнхан онгойлгосон нь дамжиггүй.

Сейфэн дотроос битүү чихсэн хоёр сая 145 мянган юань, 6000 ам.доллар гарч ирэх нь тэр. Тухайн үеийн ханшаар 500 илүү сая төгрөг байлаа. Мэдээж хэрэг ямар учиртай мөнгө болохыг нь тодруулах оролдлогыг хийсэн боловч шударга сайдын захиасаар энэ хэргийг хаажээ.

Тэр үедээ ноён сайд уг мөнгийг "манай баз Батаагийнх" гэж хэлж байв. Сүүлдээ сайдтан буянтны дүр эсгэж, "Би энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан" гэснээ бүр сүүлдээ "ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм" хэмээн нохойтсон байдаг. Түүгээр ч үл барам "Хүний юм аа. Намайг шударга хүн болохоор нь хадгалуулсан юм" гэж уяраах оролдлого ч хийж үзжээ. Ийн цагдаагийнхныг уг мөнгөтэй зууралдаж байхад МАН-ын томчууд буюу тухайн үеийн эрх баригчид утасдан энэ хэргийг нам даруулсан байна. Хаа очиж, одоо уг хэргийг ахин сэргээж эхэлсэн тухай чихэнд чимэгтэй мэдээ сонсогдож байна.

Өмнөх Засгийн газрын үед хамгийн шударга, хамгийн цэвэр гэх мэтээр бараг л гиннесийн  номонд орохоор аугаа хүн хэмээн сурталдаж байсан Н.Хүрэлбаатар сайд хятадын банкны тэмдэгт бүхий боодолтой хоёр сая 145 мянган юанийг хаанаас ямар аргаар олсон бол?

Ю.ЦЭНДМАА

Эх сурвалж: www.BATAAR.mn

0 comments:

Post a Comment