Saturday, April 20, 2013

"Ахмадын орон сууц" хөтөлбөрийг батална

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр /04.19/ болсон юм. НИТХ-ын Тэргүүлэгчид  уг хуралдаанаар "Ахмадын орон сууц-4000" хөтөлбөр, "Улаанбаатар орон сууц сан"-ын журмын төсөл, Нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршил тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

Ахмадын орон сууц-4000 хөтөлбөрийн тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд албан ёсоор нийслэлийн удирдлагад орон сууц хүссэн өргөдөл бичсэн 10 000 гаруй иргэн байдаг байна. Харин энэхүү иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэх нэг гарц нь "Ахмадын орон сууц хөтөлбөр" гэж үзэж байна гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм. "Ахмадын орон сууц 4000" хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрах боломжтой. Гэхдээ тухайн иргэний амьдрах орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхгүй, нийслэлийн өмчлөлд байлгах юм. Мөн ахмадын хотхон баригдах эхний байршлийг Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчим буюу 7-р хороололд барихаар төлөвлөжээ.  Эхний ээлжинд ашиглалтад оруулах Ахмадын хотхоны загварыг 40-50 метр квадрат бүхий 1-2 өрөө, 6 давхар нийтдээ 360 айлын орон сууц байна гэж төлөвлөсөн байна.

Энэхүү хөтөлбөр хэрэгжих эхэлснээр төр засгийн зүгээс орон сууц нэн шаардлагтай байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргежийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлүүдэд үзүүлэх томоохон дэмжлэг болно гэж НИТХ-ын Тэргүүлэгчид үзэж байгаагаа хэлсэн юм. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

 
Бага сургуулийг гэрийхэн ойролцоо барих төлөвлөгөөг дэмжлээ
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186.822 хүүхэд суралцдаг юм байна. Мөн жилд дунджаар 20 мянга орчим хүүхэд шинээр сургуульд элсэн орж байгаа бөгөөд сургуулийн суудлын тоо хүрэлцээгүй, анги дүүргэлт тогтоосон нормативаас давж сургалтын орчин болон чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс нийслэл хотод шинээр бага сургууль барих нь хамгийн тулгадсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд бага сургуулийг тухайн сургуульд суралцах хүүхдүүдийн гэрт нь ойрхон байхаар төлөвлөх хэрэгтэй гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Тиймээс энэхүү чиглэлийн дагуу бага сургуулиуд барих газрын байршлыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3 хувилбараар сонгосон байна. Тухайн бүсээс 500 метрийн радиус дотор бага сургуулийг барьж, төлөвлөөд байгаа 80 байршилд бага сургууль ашиглалтад орсноор 24 000 хүүхэд гэрээсээ 500 метрээс хол явалгүй сургуульдаа сурах боломжтой болно гэж үзэж байна.

Одоогоор 80 бага сургууль барих байршлын 7 байршил нь сул газар байгаа бол 8   сургуулийг нийслэлийн нягтрал ихтэй бүсүүдэд барихаар төлөвлөөд байна. Тиймээс НИТХ-аас шийдвэр гарчихвал эхний 15 байршилд бага сургуулийн барилгын ажлыг шууд эхлүүлэх боломжтой юм байна. Энэхүү жишиг 80 бага сургуулийг 2016 он гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ.
 

 Цөөн үгээр
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн зориулттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого явуулах тухай хэлэлцээд 5 дугаар сарын 1-нээс эхлэн нийтийн зориулаттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогыг зохион байгуулах тухай тогтоол гаргалаа.
  • "Ахмадын орон сууц 4000" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар-Орон сууц сангийн журмын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчидийн хуралдаанаар хэлэлцлээ. Төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох, дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадуудад түрээсийн байр олгох зорилгоор Улаанбаатар-Орон сууц сан байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү сангийн журмын төслийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн батална.
  • Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг тус бүр 8, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахайнгай дүүрэгт тус бүр 5 нийслэлийн хэмжээнд 54 байхаар тогтоолоо.
  • НИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа 2013 оны 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гаригт 09:00 цагт хуралдуулахаар тогтоол баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 comments:

Post a Comment