Monday, April 15, 2013

Н.Түмэндэмбэрэлийн тендерийн булхай

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал нарыг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн баасан гаригт баривчлан саатуулаад байгаа. Тэдэнд эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр татжээ.

Одоогоор мөрдөн байцаалтын шатанд тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн "Лабтех"  компанийн данс руу нэг тэрбум 735 сая төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлжээ. Шилжүүлж авсныхаа дараа "Саммитмедикал сервис" компанийн данс руу нэг  тэрбум 720 саяыг нь шилжүүлж,  тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж  нийлүүлсэн гэсэн үг.

Анх гэрээ байгуулснаар "Philips" компанид 2012 оны зургадугаар сард үйлдвэрлэсэн цоо шинэ MRI соронзон оношлогооны аппарат нийлүүлэхээр   тусгажээ. Гэвч "Philips" компанид капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмжийг авчирч өгчээ.  III эмнэлгийн удирдлагууд засвар хийсэн хуучин аппарат хүлээн авахаас татгалзсан учраас танил талаа ашиглан ГССҮТ-д нийлүүлсэн байна. Түүнтэй үгсэн хуйвалдаж нэг тэрбум 735 саяын үнэтэй гэх хуучин аппаратыг хүлээн авсан ГСҮҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгч С.Батзориг нь тендерийн ажлыг гүйцэтгэсэн "Саммитмедикал сервис" компанийн захирал  Б.Түвшинжаргалын нөхөр юм байна.

Гэтэл ГССҮТ-д MRI аппарат нийлүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын ямар ч тушаал гараагүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Н.Түмэндэмбэрэлийг ЭМЯ-ны дээрх албан тушаалуудыг хашиж байх хугацаанд найман тэрбум төгрөгийн тендер зарлагдаж байжээ. Н.Түмэндэмбэрэл нь С.Ламбаа сайдын үед ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад Н.Хүрэлбаатар сайдын үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогджээ. Улмаар  2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар солигдох үед ажлаа хүлээлгэн өгсөн байна. 

С.ОТГОНСҮРЭН

0 comments:

Post a Comment