Wednesday, March 20, 2013

Захуудад гардаг гэмт хэргийг бууруулна

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар НЦГ, НМХГ болон томоохон худалдааны төв, захуудын удирдлагуудтай санал солилцлоо.

Хурлын эхэнд НЦГ , НМХГ-аас томоохон худалдааны төвүүд болон  төвлөрсөн захуудад үйлдэгддэг гэмт хэргийн гаралт, нийтлэг зөрчил дутагдал, хүнсний аюулгүй байдлын хангамж, хяналтын талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд худалдааны төв, захууд дээр халаасны хулгайн хэрэг ихээр гардаг. Хуулийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод түвшин буюу 140400 төгрөгөөс доош хэмжээний мөнгө алдах, түүнтэй тэнцэхүйц эд хөрөнгөө хулгайд алдсан тохиолдолд эрүүгийн бус захиргааны хэрэг болгон шийдвэрлэдэг нь гэмт хэргийн илрүүлтэд нөлөөлж байгаа  гэдгийг НЦГ-аас  дурдсан бол хүнсний захууд дээр хүнсний аюулгүй байдлын эрсдлийн хувь хэмжээ 70-75 хувьтай байгаа талаар НМХГ-аас тус тус мэдээллээ.

Харин Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудын удирдлагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн ажиллаж,  хүндрэл бэрхшээл юу байгаа талаар саналаа илэрхийлсэн юм. Бөмбөгөр захын хажууд гар дээрээс худалдаа эрхэлдэг наймаачид ихээр байгаагаас шалтгаалан хүнсний аюулгүй байдал алдагдаж,тэнэмэл иргэд цугларах хүндрэл гарч байгаа бөгөөд тэднийг зохицуулах журам байхгүйд шүүмжлэлтэй хандсан бол Баянзүрх захын удирдлагууд өдрийн цагаар өөрсдөө камер, харуул хамгаалалтын ажилтнуудтайгаа гэмт хэргийн зөрчил дутагдлаа арилгаж байгаа боловч оройн цагаар гэрэлтүүлэг муутай учраас ойр орчимд  нь гарах гэмт хэргийн гаралт их байгааг анхаарахыг хүслээ. Харин Нарантуул ОУХТ-д чингэлгээр худалдаа эрхэлдэг наймаачдын хүнсний эрүүл аюулгүй байдлыг ханган ажлуулах боломж бололцоо тааруу байдаг гэдгийг учирлаж  байсан бол Дэнжийн мянга зах  албан ёсоор 7 хоногийн нэг өдрийг амралтын өдөр болгон хуваарьт  өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг уламжилсан юм. Учир нь амралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа нь аливаа засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийх боломжгүй болгож байна гэлээ.

НИТХ-ын дарга Д.Баттулга "Юуны өмнө хамтдаа санал солилцож ярилцан, асуудлаа шийдвэрлэхийг хүсч байгаа та бүхэнд нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Бид бүхэн нийслэлийнхээ иргэдийн өмнө хамтдаа үүрэг хүлээсэн хүмүүс учраас тэдний эрүүл, аюулгүй байдалд анхааран ажиллах ёстой" гэдгийг онцлон хэлээд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.  

Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудын удирдлагуудад гэрээт, харуул хамгаалалтын албаа сайжруулан, талбайгаа бүрэн камержуулж  хуулиа чандлан сахиж ажиллах мөн гаднах зогсоол, нийтийн бие засах газар, доторхи цэвэрлэгээндээ анхаарч ажиллахыг үүрэг болгосон бол хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс бага мөнгө, эд хөрөнгөө алдсан иргэд хохирч байгаа хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулах тал дээр судалгаа хийх,  гар дээрээс худалдаа үйлчилгээ явуулдаг наймаачдыг зохицуулах журмыг боловсруулах, гэрэлтүүлгийн ажлыг шийдвэрлэх тал дээр хотын зүгээс анхааран ажиллана гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

0 comments:

Post a Comment