
Намайг зүггүйтэхээр аав минь "том болохоороо ухамсартай болноо" гэж суудагсан. Гэтэл манай Монголчууд хэзээ ухамсар сууж, хэзээ том болох вэ? Ардчилал хөгжөөд хорь гаран жил болоод хүнээр бол томоождогоо томоожоод наад цаадахаа ойлгохоор болчихлоо. Гэтэл бидэнд ийм зан төлөвшихгүй л байна. Адгийн наад захын жишээ бол ил задгай хогоо хаях явдал. Ингээд хэлэхээр зарим нэг нь "манайхан харин ч гайгүй болоод байгаа, хотын соёлтой болсон" гэх байх. За яахав хотдоо соёлтой амьдраад хогоо хаяхгүй байж чаддаг юм гэж бодоё/ингэж бас чадахгүй л байгаа/. Гэтэл Улаанбаатар хотоос гарсан замуудыг дагаад яваад үзсэн хэн бүхэнд хөдөөгийн соёл, замын соёл ч гэх юмуу/манайхан дандаа оноож нэрлэхийг хичээдэг/ нэг тийм ухамсарт үйлдэл огт байхгүй байгааг ойлгож болно. Ер нь соёл гэж ярихаасаа илүүтэй аливаа хүний ухамсарт үйлдлийг л өөрийн биедээ шингээх хэрэгтэй. За тэгээд улсынхаа нийслэлдээ соёлын довтолгооны дараах он жилүүд шиг амьдарч байсан хүмүүс хотоос жаахан зайдуу гарахаараа хүй нэгдэлийн үеэ санагалздаг бололтой. Миний үг хатуу байж болох ч орон нутаг болоод хотоос гардаг замын хажуугийн жалгыг ямар хүмүүс хогоор дүүргэдэг нь тодорхой. Тэд бол нөгөө хотын соёлтой хотын иргэд. Хотдоо хогоо хаяхгүй тэвчиж тэвчиж хөдөө салхинд гарч, амралт зугаалгаар явахаараа шавиагаа ханатал хог новшоо ил задгай хаядаг бололтой юм билээ. Одоо яг хөдөөг чигэлсэн хогийн их урсгал явдаг ид үе ирж байна. Хөдөө гарсан тэднийг хэн нэгэн холоос хараад, эсвэл дарга нь дуудаад "хотын соёлгүй" гэж загнахгүй болохоор хаа таарсан газраа архины шил, ундааны сав, гялгар уутаа хаяж болно. Ёстой нөгөө "Дэлгэсэн тэрлэг шиг нутгаа Дэрлээд унтна уу, тийрээд хаяна уу Өөрөө мэд дээ" гэсэн яриа шиг л. Дотроо архитай, ундаатай, талхтай хүнд байхад нь машинаасаа гаргаж хаяхгүй авч явж чадаад байсан мөртлөө доторх нь дуусаад хөнгөрөөд ирэхээр нь машин тэрэг нь даахгүй гэсэн шиг хог новшоо цонхоороо гаргаж хаяхаа хэзээ болих вэ? Манайхаан.
Уг нь бол ухамсар бидэн дээр ирж суухыг биш бид тэднийг өөрсдөдөө авч ирж суулгах, ой тоондоо шингээж ойлгох нь чухал ажгуу.
Т.ДАРХАН
0 comments:
Post a Comment