"Нарантуул"-ын ҮЭХ-ны даргыг хууль бусаар мөнгө авсан гэжээ
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Байгалмаагийн ярьж буйгаар "Нарантуул трейд" компанийн удирдлагууд түрээслэгчидтэйгээ түрээсийн гэрээ огт хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн бөгөөд хууль бусаар түрээсээ нэмж, үүнийг нь эсэргүүцэж үг хэлсэн түрээслэгчдийг "Газрыг чинь хураана, хоолноос чинь салгана" хэмээн тус захын байцаагч нар дарамталдаг гэнэ. Энэ бүхнийг олон нийтэд ил тод болгож, хэвлэлийн хурал зарлан явуулснаас хойш түүнийг "Нарантуул" захын байцаагч нар байнга дагаж, ажлыг нь хийлгэхгүй байгаа бөгөөд саяхан түүнийг түрээслэгчдээс хууль бусаар мөнгө авсан гэж цагдаагийн байгууллагад хандсан гэнэ. Тус үйлдвэрчний эвлэлийн хороо нь түрээслэгч нэг бүрээс сард нэг мянган төгрөг хурааж, түүгээрээ үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг ажээ. Түүнийг түрээслэгчдээс хууль бусаар мөнгө авсан гэсэн хэргээр цагдаад өргөдөл өгөхдөө 175 түрээслэгчийн гарын үсгийг цуглуулсан аж. Харин Б.Байгалмаа энэхүү гарын үсгийг цагаан цаасан дээр элдэв арга заль хэрэглэн түрээслэгчдээр зуруулсан, цэвэр гүтгэлгийн шинжтэй, намайг түрээслэгчидтэй минь хагаралдуулахаар ийм зүйл зохион байгуулсан хэмээн хэлж байлаа.
Д.Түвшинбат: 1999 оноос хойш түрээсийн төлбөр нэмэгдээгүй
Бид "Нарантуул" захын ҮЭХорооны дарга Б.Байгалмаатай уулзсаны дараа "Нарантуул трейд" ХХК-ийн ерөнхий менежер Д.Түвшинбаттай уулзлаа. Захын захиргаа гэсэн байранд очиход өрөөндөө байсан түүнд зорилгоо танилцуулаад цөөн асуултад хариулт авлаа.
-Сүүлийн үед танай компанийн удирдлагуудтай холбоотой, хууль бусаар түрээс нэмсэн гэх мэтийн асуудал үүсээд байгаа. Та энэ талаар хариулт өгөөч?
-Үүсээд байгаа энэ асуудлын тухайд бол дотоод дүрэм, журам зөрчсөн хорь гаруй хүний асуудлаас л анх үүссэн юм. Манай захын талбайн наяад хувийг эзэлж байгаа задгай талбайд худалдаа эрхлэгч нар бараагаа төмөр лангуун дээр зарж, модон авдранд хийгээд орой нь тээшинд аваачиж хадгалуулдаг байсан. Үүнийг хөнгөвчилж, зардал багасгах зорилгоор ажлын байран дээр нь төмөр авдар хийж өгсөн. Өмнө нь модон авдраа тээшинд хадгалахын тулд сард 80-100 мянган төгрөг төлдөг байсан бол төмөр авдартай болсноор түүнийг харж байхын тулд гэрэлтүүлэг, камерын зардал гээд өдрийн нэг мянга буюу сард гучин мянган төгрөг төлдөг болсон. Гэтэл хорь гаруй хүн өөрсдөө хувиараа төмөр авдар хийгээд зөвшөөрөлгүйгээр оруулж ирээд тавьсныг нь бид эсэргүүцэж, гаргахыг шаардсан. Үүнийг л хүний эрх зөрчлөө, дарамталлаа гээд байгаа юм. Энэ зах дээр байгаа бүхэн өөрсдийн дураар, тааралдсан материалаараа, хэмжээ нь өөр авдарнууд хийгээд ирэхээр бид түүнийг харж хандаж чадахгүй байдал үүсэх нь ойлгомжтой шүү дээ.
-Танай компанийн зүгээс түрээслэгчидтэйгээ түрээсийн гэрээ огт хийдэггүй гэж байсан?
-"Нарантуул" худалдааны төвийн түрээслэгчдийн 40 хувь нь түрээсийн гэрээтэй байгаа. Харин задгай лангууны хувьд бол жилээр нь гэрээ хийхэд хүндрэлтэй байдаг. Учир нь ихэнх нь гэр бүлээрээ худалдаа эрхэлдэг хүмүүс байдаг болохоор сар бүр зогсдог хүмүүс нь өөрчлөгдөөд байдаг зовлон бий. Тиймээс сар сард нь сунгалт хийгээд, тухайн сард зогсч байгаа хүнд нь үнэмлэх өгөөд /үзүүлэв/ явдаг. Ер нь бид ирэх зургадугаар сарын 1-нээс түрээсийн гэрээ хийхээр ярьж байгаа. Яагаад гэхээр ШӨХТГ-аас хүсэлт тавьсан.
-Та нарын зүгээс "газрыг нь хураана" гэж ихээр дарамталдаг талаар түрээслэгчид ярьж байсан?
-Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. "Нарантуул" зах дээр худалдаа хийдэг хүмүүс тухайн лангуу нь өөрсдийнх нь өмч болчихсон, банкинд зээлийн барьцаанд тавьдаг, нэгэндээ худалдах гэх мэтээр бизнесийн баталгаа нь болчихсон байдаг. Одоогоор над дээр албан ёсоор лангуугаа хураалгачихлаа гэсэн гомдол, өргөдөл барьж орж ирсэн нэг ч хүн алга. Тэгээд ч манай байгууллагын дотоод журмаар нийтлэг гардаг таван зөрчлийн талон олгож, түрээслэгч удаа дараа алдаа гаргаад байцаагч гурван удаа цоолсон тохиолдолд газрыг нь хураах эсэх асуудал сөхөгддөг. Ер нь "Нарантуул" худалдааны төв 1999 онд байгуулагдсанаасаа хойш нэг ч удаа төлбөр, түрээсээ нэмээгүй. 2012 оны наймдугаар сард нэг удаа арван мянган төгрөгөөр нэмсэн. Одоогоор нэг ажлын байр буюу нэг лангуу 25-55 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ "Нарантуул" захыг битүү болгох тал дээр бидний зүгээс асуудал байхгүй. Тэгээд ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зураг төслийг нь хүргүүлээд, эхний ээлжинд батлагдчихсан байгаа. Дараа жилээс битүүлэх ажил эхэлнэ" гэж байлаа. Гэтэл яг ингээд битүүлчих гэхээр тус зах дээр худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь дунд болон дундаас доогуур орлоготой байдаг болохоор тэд "Нэг хэсэгтээ энэ түрээсээрээ яваач, битүүлчихээр түрээсийн үнэ нэмэгдэх нь тодорхой. Тиймээс бид түүнийг нь төлж дийлэхээ больчихно" гэсэн хүсэлт байнга тавьдаг ажээ. Ийм хүсэлт тавьж байгаа учраас түрээслэгчдийнхээ хүсэлтийг хүндэтгэж үзээд захыг битүүлэх ажлыг бага зэрэг хойшлуулаад байгаагаа тэрээр хэлсэн юм.
Түрээсийн мөнгө өндөр гэв
"Нарантуул трейд" ХХК-ийн ерөнхий менежерийн өрөөнөөс гарч ирээд жирийн түрээслэгчдийн санаа бодлыг сонирхохоор нэлээд хэдэн хүнтэй уулзлаа. Гэтэл тэд ямар нэгэн юм ярихаас илт дургүйцэж "Гай болохоосоо өмнө холдсон нь дээр" гэсэн хариуг өгч байсан юм. Яагаад ингэдэг талаар нь асуухад тэдний нэр ус гээд мэдээлэл хэвлэлээр гарчих юм бол байцаагч нар нь ирээд элдэв бусаар дарамталж эхэлдэг гэнэ. Зарим лангуу түрээслэгчдийн хажууд шинэхэн төмөр авдар байх нь нөгөө асуудал дагуулаад байгаа хагас сая төгрөгийн үнэтэй бараа хадгалах сав ажээ. Наймаачид орой буухдаа энэ төмөр саванд бараагаа хийгээд түгжиж орхиод л явдаг болж. Харин үүнийг нь харж хандаж байгаагийн зардал гэж нэг савнаас гучин мянган төгрөгийг захын захиргаанаас хураадаг гэнэ. Харин саяхан өөрийнхөө амаар хэлсэн нэг лангуу 25-55 мянган төгрөгийн түрээстэй хэмээн ярьсан захын ерөнхий менежерийн үг худлаа болж таарлаа. "Нарантуул" захын гутал зардаг хэсэг дээр зогсдог хүмүүс сард дунджаар 110-130 мянган төгрөгийн түрээсийг төлдөг гэдгээ хэлсэн. Түүнээс гадна захын байцаагч нар байнга ирж дарамталдаг бөгөөд өөдөөс нь үг сөрсөн хүн болгоныг "газрыг нь хурааж, хоолноос нь салгана" хэмээн дарамталдаг гэж байлаа.
Ер нь бол "Нарантуул" зах дээр худалдаа эрхлэгч хэн нэгнээс ярилцлага авах, бодит байдлыг тодруулах нь ихээхэн төвөгтэй ажил болсон бололтой. Зүгээр ярьж байсан нэгэн "цаана чинь" /байцаагчаа хэлж байна/ гэсэн ганцхан үг хэлээд бараагаа янзалж эхэлнэ билээ. Ямартаа ч гуч гаруй мянган хүний аж амьдралаа авч явах ганц баталгаа болсон энэ байгууллагын байнга хэл ам дагуулж байдаг асуудлыг эргэн сөхөхөд ийм байна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
0 comments:
Post a Comment