Тэднийг их хэмжээний хахууль авсан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэжээ. Үүнтэй холбоотойгоор, "ZTE" компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөний хэргийг шалгаж байгаа нь үнэн гэдгийг Э.Амарбат хэлж байна.
"ZTE"-гийн хэрэгт Монголын талаас холбогдсон дээрх эрхмүүдийн хувьд ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн хүүгийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлдүүлсэн, Ч.Гансүхийн аав н.Чимидийн төгрөгийн дансаар нэг тэрбум 200 гаруй сая төгрөг, ам.долларын дансаар нэг сая гаруй ам.доллартай болохыг тогтоосон байна. Мөн түүний бас нэг хүү АНУ-д суралцаж байх үеэр түүний дансаар нэг сая гаруй ам.доллар эргэлдүүлж байжээ. "ZTE" Монголд нэлээд томоохон төслүүд дээр ажилласан. Эдгээрт ногдох татварын асуудлыг Ч.Гансүх ажил үүргийнхээ хуваарийн дагуу оролцож, шалгаж байсан гэдгийг АТГ-ын албаны хүн хэлж байна.
Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр болон холбогдох албан тушаалтнуудыг ч шалгаж байгаа юм байна.
Гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр гарсанчлан "ZTE"-гийн удирдлагууд болон Монголын төрийн томоохон албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн нь нэгэнтэй тодорхой боллоо. Тус компани болон зарим улсын Засгийн газар хооронд их хэмжээний мөнгөний алдагдлын асуудал үүссэн хэрэг мандаад байгаа юм. Энэ компанитай холбоотой бусад хэргүүд ч өмнө нь өөр улсуудад гарч байсан юм байна. Эдгээрээс дурдвал Алжир болон Кени улстай холбоотой авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий. Зөвхөн мөнгөний хэргээс гадна техникийн талаасаа ч тэр төдийлөн таашаагдаагүй юм байна. Тиймээс "ZTE"-гийн төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар хэд хэдэн улсад хоригложээ.
Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авлига өгсөн нь баримтаар нотлогдсон. Энэ хэргээр Филиппиний ерөнхийлөгч ч суудлаасаа огцорч байсан юм. Мөн Энэтхэг, Норвеги зэрэг орнууд "ZTE"-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байжээ.
Харин Монголын зах зээлд анх орж ирэхдээ Засгийн газарт хоёр сая ам.долларын бэлэг өгч, 300 сая ам.долларын тендер авч байсан нь тухайн үед багагүй хэл ам дагуулж байсан юм. Энэ хэрэгт Боловсролын яамныхнаас гадна Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын хуучин дарга нар ч холбоотой гэж мэдээлэл байна. Уг компанийн тоног төхөөрөмжийг манай бүх үүрэн операторууд болон интернэт үйлчилгээ явуулдаг бүх компаниуд хэрэглэдэг бөгөөд энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулж ч болзошгүй байгаа юм.
Л.ТӨГС
0 comments:
Post a Comment